УИХ-ын даргад хэн нэг нь таалагдах албагүй, тэр дундаа төрийн түшээд. Тиймээс түмнээс сонгогдсон төрийн элчийн үг таалагдахгүй байгааг хувийн сэтгэл хөдлөлдөө автан илэрхийлж, техникийн хүчээр дууг нь хорих асуудал УИХ-ын даргын хариуцах үүрэгт тусгагдаагүй. Харин таалах эсэх нь түүний эрх. УИХ-ын чуулганы танхимд гишүүд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй дэгтэй. Магадгүй, дэгийн энэ заалт УИХ-ын даргад ч үйлчилнэ. Гэхдээ хэлсэн үгнийхээ төлөө гэсэн болохоос хийсэн үйлдэлд хариуцлага ноогдуулахгүй гэсэн заалт байхгүй.
УИХ-ын дарга бол Ерөнхийлөгч бус Ерөнхий сайд ч биш. Парламентад өөрөөсөө гадна 75- эрхмийг зохицуулах үүрэгтэй нэгэн. Хэлэлцэж байгаа асуудал дэмжих эсэхийг спикер ба 75-ын харьцаатай шийдэгддэг. Гэхдээ З.Энхболд даргын хувьд үе үеийн УИХ-ын дарга нараас илүүрхэх давуу эрх байгаа. Тэр нь эрх баригч АН-ын дарга гэдэг утгаараа өнөөдөр парламентад олон суудалтай АН-ын гишүүд түүний бодлогыг хэрэгжүүлж, Засгийн газарт хамтарсан бусад нам эвсэл ч үг дуугүй дагах нөхцөл бүрдсэн. Энэ эрх ямба зөвхөн АН-ын бүлгийн гишүүдэд хамаарна гэдгийг З.Энхболд дарга санаатай, санаандгүй андуурчихаад байдаг бололтой.
Ер нь төр барилцаж байгаа, лидер хүн асуудалд хувийн бус хувьсгалын, нийтийн бодлогоор хандах ёстой гэдгийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод сануулчихмаар. Тэрбээр мэдээлэл технелогид гаршсан, Монголдоо №1 гэдгийг түүний үеийнхэн андахгүй, хожуу төрсөн бид ч үндэсний анхны өнгөт телевизор Монел-оор гадарлана. Харин мэдээлэл сүлжээ холбооны инженерийн ухааныг З.Энхболд өнөөдөр улс төрд гарамгай ашиглаж байгаа нь түүний давуу тал. Парламентын танхимыг технологижуулаад хурууны өндгөөр хэн нэг гишүүний үгийг хаах нь түүнд хормын төдий үйлдэл. Даанч манай гишүүд орчин үеийн мэдээллийн эринд шүтээд, маргааш үгээ хаалгахаа гадарлаагүй гэнэдсэн, гэхдээ улстөрчид давааны цаадахыг харж байх ёстой шүү дээ. Тиймээс өөрсдийнх нь сэтгэлгээ, мэдлэгийн төөрөгдөл, хоцрогдол яваад байгааг хүлээн зөвшөөрөх биз, тэр дундаа МАН-ынхан.
Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд АН, МАН, бусад хүчний гишүүдээс хэн ч бай өөрт таалагдсаных нь үгийг дэгийн хуулийг зөрчин байж хугацаа сунган хэлүүлж, таалагдаагүй авир гаргасан нэгний үгэнд секундын ч боломж олгодоггүй.
Ер нь эв нэгдлийг хангах гэхээсээ бусдыг зөрчилдүүлэхдээ сурамгай. Ц.Нямдорж, О.Баасанхүү нарын гишүүд хэн нэгнийг, тэр дундаа АН-аас бусад хүчнийхэн хоорондоо мэтгэлцвэл хэлэх үгийг нь дуустал микрофоныг нь нээлттэй байлгахаа мэднэ. Басхүү өөрийнх намын гишүүд фракц бүлэглэлээрээ мэтгэлцэж, хэрүүлийн алим шидэлцэхэд олон нийтийн уур амьсгалыг өөрийн талд эргүүлж чадна. Тухайлбал, Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар огцорч, шийдлийн Засгийн танхимын бүрэлдэхүүнийг томилох үед гишүүн Н.Батбаярыг үг хэлүүлэхгүй “Чи согтуу байна, харьж амар” гээд л микрофоныг нь хааж, амыг нь барих жишээтэй.
Өөрийг нь шүүмжлэх төдийд хувийн араншингаа барьж чаддаггүй дутагдалтай нь “Тавантолгой”-н асуудал дээр тод илэрсэн. Өнгөрсөн хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга “Тавантолгой”-н төслийг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг баталгаажуулна, эргэж харах зүйл байна” гэж хэлсэн. Харин Монгол Улсын сайд, “Тавантолгой”-н ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан түүний хэлснийг үгүйсгэж, “УИХ-ын даргад очсон нь “Тавантолгой”-н хамгийн сүүлийн хувилбар биш. Энэ төслийн хэлэлцээрийн хамгийн сүүлийн хувилбар ажлын хэсгийнхэнд байгаа. Буруу мэдээлэл хүрсэн байна” хэмээн хэвлэлээр мэдээлсэн. М.Энхсайхан сайдын мэдээллийн дараагаар АН-ын бүлэг хэвлэлийн хурал зарлахад УИХ-ын дарга оролцож, “М.Энхсайхан шиг хүн надад заадаггүй юм” хэмээн бие барьж чадахгүй агсамнаад авсан.
Өнөөдөр сөрөг хүчний өнцгөөс МАН-ын гишүүд “УИХ-ын дарга үг хэлэх эрхийг боомиллоо” гэж байгаа болохоос бус өөрийн нь намын гишүүд ч аль эртнээс үүнийг хүлээн зөвшөөрсөн зүйл. Тиймээс л УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өнөөдөр парламентат засаглалыг төрийн түшээдэд мэдрүүлж, гүйцэтгэх засаглалаа зангидаж, Ерөнхийлөгчийг бэлгэдэл гэдгийг нотолж чадсан.
Ер нь тэгээд эрх мэдэл байхад мөнгө юу ч биш. Засгийн газрын тэргүүн гэдэг бол улсын санг зохицуулагч мэдэлтэн. Тиймээс ч парламентад олон суудал авсан намын дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч байх уламжлалт ойлголтыг З.Энхболд дарга халж, парламентат засаглалыг мэдрүүлснээрээ үе үеийн спикерүүдээс онцгойрох биз ээ. Мөнгө эрх мэдлийг дагаж салхилдаг аж. Өнөөдөр эрх баригч хүчин АН-ын гишүүд мөнгийг бус эрх мэдлийг дагаж далдагнасан байгаа. Угтаа, өмнөх уламжлалаар Ерөнхий сайдаа дагаад л нахилзаж байхаар. Хуучны юм ул болж, шинэ зүйл зул болдог хойно, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ч дэм өгөөгүй гишүүддээ тунирхах хэрэггүй биз.
УИХ-ын дарга гэдэг манайдаа хоёрдугаарт эрэмбэлэгддэг төрийн өндөр дээд албан тушаалтан. Өнөөдөр энэ өндөр дээд албан тушаалыг хашиж байгаа эрхмээс төрөлх араншин нь үе үе цухалсаар. Угтаа төрөлх араншингаа дарж, төрийн хар хүний ноён нуруу, буурь, тулх заамаар.
Н.Энхлэн