Маргааш “Аавуудын өдөр”
Монголын эрэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн наймдугаар сарын 8-ныг “Аавуудын өдөр” болгосон. Энэ жилийн “Аавуудын өдөр”-ийг “Аав нараа хайрлая, хүндэтгэе” уриан дор тэмдэглэх аж. 11 дэх жилдээ тэмдэглэх “Аавуудын өдөр”-ийг ихэнх хүн мэддэггүй. Тиймдээ ч тэмдэглэж сүйд болдоггүй биз. Уг нь энэ байдаг л нэг тэмдэглэлт өдөр. Яг л Март-8, Эх үрсийн баяр гэдэг шиг. Гэхдээ бид ээжүүдийн баярт илүү ач холбогдол өгдөг. Наанадаж л тэр өдөр ээждээ ганц торт бариад очихсон гэж хичээдэг. Харин аавдаа баярын мэнд хүргэсэн өдөр бий болов уу. Төрсөн өдрийг нь эс тооцвол “Аавдаа баярын мэнд хүргэе” гэж хэлсэн өдөр бараг байхгүй. Гуравдугаар сарын 18 цэрэгт явсан, энэ салбарт ажилладаг хүмүүст хамаатай баяр. Тэгэхээр аавдаа хамаатуулаад, тусгайлан баяр хүргэсэн өдөр надад лав алга. Аавдаа арай л хайнга ханддаг юм биш байгаа даа.
Монголын эрэгтэйчүүдийн холбооноос гаргасан судалгаагаар Монголын эрчүүдийн талаарх статистик мэдээлэл тун таагүй. Цаг бусаар хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүмүүсийн 80 хувь нь, мэргэжлээр шалтгаалах өвчнөөр өвчлөгсөдийн 90 хувь нь, амиа хорлогсодын 60 хувь нь, нийт нас барагсадын 62.2 хувь нь эрэгтэйчүүд гэсэн үзүүлэлт байна. Хүнд хүчир ажлаасаа үүдэж, өвчин эмгэгтэй болон, тэрнээсээ болж сэтгэл гутралд орж, эндээс шалтгаалж архи уудаг болсон. Эцэст нь гэр бүлээсээ салсан зовлонт хувь тавилан өдгөө гундуухан яваа эрчүүдийн дайрсан зам болов уу.
2014 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9 жил. Харин эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 жил. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.4 жил байна. Энэ нь дэлхийн дундажаас 2.5 дахин өндөр үзүүлэлт аж. Энэ тоон үзүүлэлтээс харвал өвөө гэж дуудах хүний тоо багассаар байгаа гэсэн үг.
Манай улсад жилд дунджаар 17 000 гаруй хүн нас бардаг аж. Хорвоог орхиж буй энэ хүмүүсийн 62 хувь нь эрэгтэйчүүд. Нас баралт маш олон шалтгаантай. Хамгийн энгийн жишээ гэхэд эрчүүд авто замын осолд эмэгтэйчүүдээс 4 дахин илүү өртдөг гэнэ. Дээр нь эрчүүдийн эрүүл мэнд том асуудал болоод буйг эрүүл мэгдийн салбарынхан хэлдэг. Архи, тамхи, амьдралын буруу хэвшлээс үүдсэн халдварт болон халдварт бус өвчлөлд эрчүүд илүү их өртөж, тэр хэрээр нас баралт ч өндөр байдаг аж.
Монголчууд эрэгтэй хүүхдээ хайнга ханддаг хандлагатай. Хэдийгээр энэ хандлага одоо бага сага өөрчлөгдөж байгаа ч эрэгтэй нь болно, бүтнэ гэж хойш тавьдаг байдал бүрэн арилаагүй. Өдгөө их дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 39.5 хувь нь залуус. Дунд сургуульд суралцаж, бичиг үсэг тайлагдсан л бол цаашид “ажлын мал” болох ёстой гэсэн хандлагатай. Тиймдээ ч гадаадад хар бор ажил хийж буй хүмүүсийн 92 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Эзэмшсэн боловсролгүй зөвхөн мөнгө олохын төлөө хүний нутагт өдөр шөнөгүй ажиллах тэр эрчүүд дээр дурдсан таагүй тоон үзүүлэлтүүдийн нэг хэсэг нь.
Гэр бүлд ч аав хүнд хүчрийг хийх үүргийг хүлээж, хүндлэл хайрыг төдийлөн хүртэхгүй байж ч магад. Хүүхдийн зөвхөн 30 хувь нь аавтайгаа ойр дотно харилцаатай гэсэн судалгаа ч байдаг аж.
Тиймээс маргааш аавдаа заавал “Аавуудын баярын мэнд хүргэе” гэж хэлээрэй. Түүний ойрд бүр сүүлийн хэдэн жил сонсоогүй халуун дотно үг ч болох юм билүү.
В.Бат
Уншиж байна |