Өөрийгөө илчлэх ажиллагаа
2015-08-06

 

Хоёр нөхөр ярьж байна л даа. ... Гадаадын нөхдүүдээс хөрөнгө оруулалт авах гээд материалаа бүрдүүлж хөөцөлдөөд. Манай барьцаа хөрөнгө бүх юм болж байна. Харин санхүүгийн тайлангаа аваад ир гэхээр инээдтэй юм болоод байна. Хоёр гурван тайлантай болж компаниа жижиглээд хаячихсаны гор гарч байна даа ... гэж.

Эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжсэнээр наад зах нь ашиг орлогоо дарж ядуу зутруу харагдаж байж хэдэн цаас илүү харж цааш нь хийж ирсэн бизнес эрхлэгчид битүү дарамтнаасаа салах юм даа. Тэгээд бүхнийг шинээр хуулийн хүрээнд эхлэх боломжтой болох юм.

 

Нөгөө талаас эдийн засгийн ил тод байдлын энэ хуулиар юу ч ил болохгүй юм.   Хэн гэж нөхөр, компани ямар хэмжээний орлого нуун дарснаа илчиснийг хатуу нууцлана.

 

Энэ хуулиар дарсан хөрөнгө орлогоо мэдүүлж алдаагаа засах нөхдүүдийн нэрсийн жагсаалт нэлээн урт гарах байх гэж хуулийг санаачлагчид таамаглаж байгаа бололтой. Гэтэл бас эдгээр урт жагсаалтыг дүүргэх нөхдүүдээс төдий хэрийн хөрөнгө мөнгө ил болох байх гэсэн судалгаа хйичихсэн газар байхгүй гэж байх юм. Статистикийн хороо лав энэ талын судалгаа хийж гаргаж чадаагүй гэж байсан. Далд эдийн засгийн судалгаа байхгүй хэрнээ далд эдийн засаг арилгана гээд байгаа нь нэлээн наршсан хүний л яриа. Энэ хуулийг батлагдангуут тайлангаа бариад өөрийгөө илчлэх хэчнээн ААН байгаа талаар багцаа төдий л зүйл яриад байгаа нь цөөхөн хүмүүс хэсэг бүлэгт зориулсан хууль байх гэсэн хардлагыг давхар төрүүлж байгаа. Тоон дотор хэчнээн үсэг орчихсон өршөөлд хамрагдаж явахыг мэдэх аргагүй, үйлчлэх хүрээ хязгаар нь бүрхэг далд байдалд хэрэгжих хууль юм.

 

Энэ удаагийн “өөрийгөө илчлэлтээр”  6-7 их наяд төгрөг ил болохоос гадна микро төвшний орлого, санхүүгийн тайлан баланс нэг мөр шийдэгдэнэ. Макро төвшинд хуримталсан хөрөнгийг шингээх чадвар нь сайжирна гэсэн багцаа тоог хууль санаачлагчид хэлж байна лээ.  6-7 их наяд манай татварын баазад их мөнгө боловч чадарсан олигорхуудын нуусан орлогын нэг хувьд хүрч байгаа ч  юм уу

Ерөнхий үзэл санаагаараа нэрнээсээ эхлүүлээд их сайхан хууль. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих гэсэн чимэгтэй. Нэг удаа холбогдох хариуцлагаас өршөөх хууль. Манай бизнес эрхлэгчид олон тайлантай яваад байгаа нь ААН, компаниудын хөлийг тушчихаад байгаа нь үнэн.  НӨАТ-аа аль болох бага төлөхийн тулд компаниа олон хувааж жижиглэсэн байдаг. Нөгөө талаас ашиг орлогоо ил тод бүртгэлжүүлж чадахгүй болохоор баялаг бүтээгч гэдгээ дотооддоо ч гадаад талдаа ч зөвшөөрүүлж чадахгүй болчихож байгаа юм. Энэ хяслангаараа цаашид томорч үйл ажиллагаа өргөтгөх боломжоо боомилуулсан байдалтай. Утгандаа бол ААН –үүд хувь хүний дарсан нуусан орлогын татвараас төсөв зузаараад сүйд болохгүй ч  эрүүл  татварын орчин бий болоход тусаа өгөх талаас нь энэ хуульд элэгтэй хандах ёстой байх.

 

Нөгөө талд орлогоо шудрагаар мэдээлж  өр төлбөр дарамтад тэсээд  ирсэн хэдийнхээ хажуугаар орлогоо нууж чадсан хэд нь баярын “шампанск” буудуулаад явчихаар татвар төлөгч нийт масст ямар сэдэл төрүүлэх билээ. Дараагийн өршөөлийн хуулийг хүлээх бий дээ. Учир нь төрийн иймэрхүү өвөрмөц өршөөл соёрхол ойрхон давтамжтай буюу сонгуулийн мөчлөгөөр гараад байгаа юм.

Энэ удаагийн “өөрийгөө илчлэлтээр”  6-7 их наяд төгрөг ил болохоос гадна микро төвшний орлого, санхүүгийн тайлан баланс нэг мөр шийдэгдэж, макро төвшинд хуримталсан хөрөнгийг шингээх чадвар нь сайжирна гэсэн багцаа тоог хууль санаачлагчид хэлж байна лээ.  Энэ нь манай татварын баазад их мөнгө боловч чадарсан олигорхуудын нуусан орлогын нэг хувьд хүрч байгаа ч  юм уу , бүү мэд.

2007-2008 онд Татварын өршөөлийн хууль баталж хэрэгжүүлсэн. Мөн л хэдий тооны ААН энд хамрагдах. Хэр их хөрөнгө мөнгө ил болж эргэлтэд орох тухай тойм судалгаа байхгүй байсаар хууль хэрэгжсэн. Цаанаа бол мэдэх хэдийгээ санаачлагчид нь мэдэж л байсан хэрэг.

Тэр үед хэрэгжсэн хуулиудын дагуу 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлсэн . Татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлсэн гэж мэдээлэгдсэн.  Улмаар  4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан гэсэн тоо байдаг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нэмж мэдүүлсэн аж ахуйн нэгжийн судалгаанаас үзэхэд өршөөлийн хуулиар нэмж мэдүүлсэн орлогын 49.1 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байсан бол  боловсруулах аж үйлдвэр (14.6%) болон барилга (13.9%), уул уурхайн салбар (7.0%)  гэсэн харьцаатайгаар Татварын өршөөлийн хуульд хамгийн их хамрагдсан гэсэн судалгаа гарсан байдаг юм билээ. Энэ тоог дараагийн буюу энэхүү ил тод байдлын хуулийн төслийг өргөн барих үед л  нэгтгэн олон нийтэд мэдээлснийг тэмдэглэх ёстой байх.

 

Мөн энэ хуулийг хэрэгжүүлэхдээ хуулийн үйлчлэх хугацаа дуусах дөхүүлж байгаад хэрэгжих журмыг нь олон нийтэд зарласнаар өршөөлд ААН-үүд олноор хамрагдах боломжийг хаасан байдаг. Одоо тавхан жил буюу ганц сонгуулийн мөчлөгт дахин өршөөх, ял зэмгүй болгох хууль ээлжит чуулганаар яаруу хэлэлцэгдэн батлагдах нь байна. Энэ хуульд сөрөг гэхээсээ эерэг тал олон байгааг бүгд зөвшөөрч байгаа. Харин хэн өршөөгдөөд байдаг юм. Манайд далд эдийн засаг 40 хувьд үнэхээр хүрсэн үү. Хэчнээн ААН энэ сүүдэрт байдаг юм бэ.  Ядаж нэг ийм судалгаа тооцоо бариад хууль батлах үндэслэл шаардлагаа нарийн тодорхой болгох байсан. Энэ нь байхгүй тул олон нийт шууд л хардаж байна.

 

Ил тод байдлын хуулиар далд өршөөгдөх ААН-үүдэд хөрөнгөлөг том олигорхууд төсвийн мөнгө гулгуулагчид, тэдний халхавчинд байдаг компаниуд олноор хавчуулагдаж намууд санхүүжүүлэгч нартаа өгсөн сонгуулийн амлалтаа биелүүлж байна гэсэн хардлага явж байна. Хууль батлах шаардлага судалгаанд суурилсан үндэслэлээ дутуу оруулж ирж байгаа хууль санаачлагчид, холбогдох институуд муу ажиллаж ийм хардлагыг нийгэмд бий болгож байгаа юм.

Эдийн засгийн ил тод байдал буюу нэг удаа өршөөх хуулийг батлах үндэслэл нь судалгаатай, суурь тооцоотой байх ёстой байсан. Найман сарын назгайд  сайдын суудлын хэрүүл, нарны халуунд залхсан хэдэн гишүүдээ шахаж, тохирч байгаад энэ хуулийг Их хурлаар аваад гарах байх. Цаана нь татвараас бултсан шантаажаар амаа үдүүлж, хөлөө тушуулаад байсан хэчнээн нөхдүүд хэн нэгний атганаас суларч улс төрд дүүлэн нисэхийг одоогоор таашгүй. Хий хардахаас өөр мэдээлэл судалгаа ч алга. Хатуу заасан хугацаанд хэрэгжих энэ хуулийн үзэл санаа биеллээ олж татварын бааз тэлж, үнэн зөв нэг тайлантай болох явц хурдасна гэж хүлээе дээ.

 

Дараагийн удаад  “ Ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд хувь хүний орлогын албан татвар, харин бэл чинээтэй хөрөнгөтэй хүмүүст чиглэсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулан Их хуралд танилцуулна“, “Татварын хуулийг тэгш, шударга хэрэгждэг болгоно ”  гэсэн амлалтаа амжиж хэрэгжүүлээрэй дээ, Ерөнхий сайдаа.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ огт хэрэггуй хууль одоо ихэнх комрани дампуурч байхад илуу нуусан юм байх ч гуй урваник лхагважав их хуралд сонгогдох гэж нэг их мэдлэгтэй хун болж шоудаж байгаа
2015-08-06