Салж сарниж байгаа хоёр намын дарга нар гэрлэлт цуцлах мэдэгдлээ харилцан солилцжээ. Нийлж байх үеийн хайрын амлалтыг АН-д сануулсан МАН –ын дарга салалтын бурууг хэн нь үүрэхийг хоёр талын ах дүүсийн оролцоотойгоор хамтарч дахин тогтооё л гэсэн байна. Том ах салж сарних хэрэггүй гэсэн ч ахын хувьд ёсыг бодож үгийг нь сонссон гэдгээ харуулж тэр дороо МАН-ын зургаан сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн баригдлаа.
Ард нь долоон дэд сайд, за тэгээд үнэн бол МАН-ын сайдуудын халсан бүх хүн / 500 орчим төрийн албан хаагч/ эргэн ирнэ. Мөн тэр тооны хүн зөрөөд халагдах жам ёсны гэмээр үйл явц яамдуудад өрнөх юм байгаа биз. Тэр хэрээр өнөөх төсвийн мөнгө гарч өгнө л дөө. Хоёр томын энэ салалтын хөлд чирэгдэх нь эхлээд төрийн алба, дараа нь жирийн иргэд бид байх юм. Шууд бэлэн мөнгөөрөө шатаж эхлэх нь хөөрхий улсын төсөв.
МАНАН-т засаг бий болсноор БОНХАЖЯ өөрийн аппратныхаа төрийн албан хаагчдын 50 гаруй хувийг, Хөдөлмөрийн яам удирдах бүрэлдэхүүнээ 100 хувь, мөн 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бүгдийг нь халсан гэж АН-ынхан нэхэл хатуутай мэдээлж байсан. Одоо АН-ын шинэ сайдууд зөрүүлээд дээрх тооны халаа сэлгээ хийх нь баараггүй.
Шийдлийн Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагчдын 15 хувийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой гэнэт халагдсаны мөнгө, 5.3 тэрбум төсвөөс гаргахаар болж байсныг Сангийн сайд нь мэдэгдэж байсан. Одоо МАН-ын сайдуудын авчирсан хэдийг яаж зүгээр хусахав. Жудаг гаргаж гэнэт халагдсаны мөнгөөр амыг нь хааж таарна. Дээрх 15 хувийн жишгээр харвал дор хаяж 5 тэрбум төгрөг үүнд хаяна. Гэнэт халагдсаны 6 сарын тэтгэмж ийнхүү төрийн албанаас хүн халахад ам таглалт болоод байна. Нэг ёсны засаг солигдсоны тэтгэмж болсон юм уу даа.
Хувийн хэвшлийнхэн ингэж нөхөн төлбөр төлөх бол шууд дампуурна. Тэгээд ч хоосон толгойтой зусарч гутал тослоочийг тэжээж байх орон зай тэнд байхгүй. Төсвийн мөнгө болохоор сайд нарынх нь хурдан мутраа зурж, мөнгө нь саадгүй олгогдож байгаа гэж жигтэйхэн гэсээн. Ийм халаа сэлгээн дээр хүнээ бодож хөдөлмөрийн хууль журмаа сахиж буй ч гэж хачин.
Засаг солигдсоноор эргээд ажилдаа орж байгаа түшмэдүүд бүүр сайхан. Эз нь Аз болж буй явдал юм. Зургаан сар тэтгэмжээ авч унаагаа сайжрууллаа. Гэртээ сайхан амарлаа. Эргээд намын сайд нь ирлээ. Төрийн тостой тогоонд унацтай албандаа дахин томилогдлоо. Таалал шалтгаан нөхцөл бүгд бүрдсэн гэдэг чинь одоо энэ мөн биз дээ.
Шийдлийн засгийн МАН-ын сайдуудын халсан түшмэдүүд өчигдрөөс ажилдаа буцан очихын ерөөл хадгийг авч, ойрхон салхинд гарах урилгад дарагдсан суугаа байх. Өнөөдөр шинэ сайдууд шуураад тодорчихвол ирэх “weekend”- ээр хотын ойр хөдөө амралтууд, том “лаанж” ресторан, вийп өрөөнүүд битүү захиалгатай цөм хийх байх. Нэг талд төрөөс хусуулснаа үдэх найр. Нөгөө талд төрд шургаснаа угаах багийнхны даруухан суулт. Явж байгаа хэд бол төсвийн мөнгөөр үдэлтийн найраа хийж байхдаа ч тоохгүй. Урьдчилаад нэг томилолт, бичиг цаасны зардал гээд шоуны хэдэн төгрөгийг төрийн “нарийнаараа” цохиулчихсан л байгаа.
Хоёр томын энэ салалтын хөлд чирэгдэхээ мэдсэн иргэд дор бүрдээ намраа бодож цалингийн ээлжит зээлээ хөөцөлдөөд эхэлжээ. Нөгөө талд их дээд сургуулиуд төлбөрөө хэдээр өгсүүлэхээ тохирч эхэлсэн бол цэцэрлэгчийн эрхлэгч нарын баруун гарын алга загатнаад эхэлсэн байгаа даа. Бид яахав өгч сурсан улс. Эрхлэгч нар нэг их гуйлгуулж хэлбэрдэлгүй хэдэн төгрөгөө аваад хүүхдийг минь хурдхан бүртгэчихээсэй гэж хуйлж атгуулах мөнгөө бэлдэж сууна.
Төгсгөлд балай дуу гэмээр санал хэлэхэд Засаг төр ингэж дэмий нэг солигдоход иргэд ядахдаа 3 сарын тэтгэмж авдаг хууль санаачилмаар санагдаад. Гэдэн хөдлөөд болохгүй юм. Халамж бэлэн мөнгөөр угжуулсаар тэжээвэр хүн болсноо, яаж яваагаа мэдэж байна л даа. Гэхдээ яахав. Тэнэг санал ч дэмжиж байгаа нь шайр хийж “дуртай” гэдэг дээрээ / like/ дарна биз дээ.
Ер нь бол төр хямрахаар түмэн асуудал ингээд эхэлж байгаа юм. Өнөө муу тодотгож дуусдаггүй тарчиг төсвийг зулгаах завших нь тасрахгүй. Намартаа бэлдсэн иргэдийг минь сэгсрэх авилга багадахгүй.
Б.Хэгжүүн
Уншиж байна |