Өрнөөд байгаа улс төрийн хүрээний асуудлыг бид Ч.Сайханбилэг, З.Энхболд даргын сөргөлдөөн гэж харж бичсээр байгаа ч том зураглалаараа бол “ордны хуйвалдаан” л явагдаад байгаа. Ардаа байх бүлэглэлийн эрх ашиг, тойрон хүрээлэгчид, хатгагч зохицуулагч, зуучлагч нар үгүй. Наана нь үзэгчийн суудлаас хоёр талд буруу зөвийг өгч талцах бидэнгүй бол энэ хоёр хүний улс төр юу нь сонин байх билээ.
Өнөөгийн үйл явдлын зангилаа нь АН гэж хэсэг балай нөхөд төр хямраагаад байгаа мэт харагдавч үзүүрийг нь хөөвөл гадаад талаасаа ч нөлөөтэй холоос залуурдсан тогтворгүй байдал шатлан өргөжиж байх талтай. Сайд л болохгүй бол нойр нь хүрэхгүй нөхдийн үүр болчихсондоо АН алалцаад байна гэвэл бас өрөөсгөл. Буруу талд гарч ялагдвал шорон ойрхон байгааг бие биедээ сануулаад эхэлсэн өршөөлгүй дайнд хэдэн лидер нь татагдан орсон нь илт. “АН-ын бүлэг засгийг хэрхэх асуудлаар хуралдаж байна”... “Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн шүүх хурал хойшиллоо...” гэсэн хоёр мэдээ яг энэ өдрүүдэд хорших мэт хэвлэлд голлож харагдана. Засгийн эрхтэй үхэлдэн зууралдвал юу хүлээж байгааг хэн нэгэнд ээ сануулсан мэт цаг үеийн сонирхолтой давхцалтай мэдээний гарчгууд харагдана. Алтангадас ямар их улайран засагтайгаа зууралдаад ямар том хуйвалдаан урвалтаар унахыг бид харсан.
Лидерүүд нь хуваагдаад үзээд эхлэхээр дагалдагчид хэний талд байрлалаа эзлэх үү гэдэг дээр шоо хаяад эхэлжээ. Аялдан дагагчдын сүрэг хэний талд байгаа нь тийм баталгаатай бус байдаг. Тулсан цагт хөндлөнгийн үзмэрчийн шооны буултад шийдвэрээ гаргаад урвачихаж мэдэх тул лидерүүд ч ялалтдаа итгэл муутай сэтгэл тогтворгүй байх шиг.
Зүгээр нэг хэн нь хэнийгээ үзэх бус нэгнийгээ тавцангаас арчиж живүүлэхээр хэмхэлдсэн далд тэмцэл улс төрийн хүрээнд өрнөж байна. Энэ дайнд улаан цэнхэргүй л татагдан орсон байгаа гэж үзвэл Монголын хөрөнгөлөг олигарихуудын дайн эхэлжээ гэж хэлж болно. 25 жил бөөр нийлэхгүй харагдавч, хэтэвч нэг явж ирсэн улс төр эдийн засгийн хэврэг нэгдэл задарч “хэрэггүй” гэснээсээ салах тэмүүлэл өнгөрсөн зуны өдийгөөс мэдрэгдэж эхэлсэн. Ирэх сонгуулиар түүнээс наана нь ч байж болно. Улс төрийн хүрээнд хэн нэгнээр нь туг тахих магадлал өндөр байна. Н.Энхбаярын оймс гозолзохыг яг давтахгүй гэхэд тун төстэй хувилбараар.
Улстөрчдийг хагаралдуулах бүр улайран хэмхэлдүүлэхийн тулд булаацалдуулах юм хаяж өгөх ёстой. Манай улстөрчдийн дунд хаяж ирсэн “хор” бол “энгийн” жороор бүтдэг гэмээр. Нэгийгээ дорд хийж илт жийсэн шийдвэрийг нөгөөдөхөөр нь гаргуулаад дээр нь жоохон бензин дусаагаад өгөх. Цэвэр Чингисийн цустай гэх манай хэд өөрийг нь доош нь хийхийг үзсэнээс “хатгалдан үхэс үү” гээд л босоод ирнэ. Үр дагавар нь яаж гарах нь ёстой падлийгүй. Одоо цагт улстөрчдийн хэрүүлд хаях юм нь их мөнгө, Тавантолгойн том хувь биш болсон байж ч магад. Зүгээр ямар нэг “НО”- гоор барьцаалсан цэвэр шантааж болсон байхыг үгүйсгэх аргагүй.
Нэг жилд улс орноо яаж авч явах, хямралаас хэрхэн гаргах тухай үлгэрийг бол энэ намраас дахиж ярихгүй л дээ. Асуудлыг өвөл шийдчихсэн. Өрийн таазыг тэлж шинэ бонд гаргах, зээл авах хувилбараа баталгаажуулж байхад шийдчихсэн хэрэг. Ямар ч байсан төсвийн цоорхойг шинэ бонд зээлээр нөхөөд цалин тэтгэврээ тавиад ирэх хаврыг үзнэ. Одоо тухтайхан зодолдох бүх бэлтгэл хангагдсан буюу төрийг дээр нь хагаралдуулах хор ид үйлчлээд эхэлсэн байна. Энэ нь улс оронд нь ямар ч хэрэггүйг улстөрчид мэдэрч байвч гараа дэндүү лав дүрсэн тогооноосоо зүгээр нэг амаа арчаад гарчихаж чадахгүй ч тал байна. Сонгуулийн дараа агаарын бохирдлыг жинхэнээс нь арилгана гэснээр дахиад 25 жил үргэлжлэх олигархуудийн засаглал эхлүүлэхийг үгүйсгэх аргагүй болж байна. Биднийг хагаралдуулах дэндүү амархан. Нэгтгэх даанч хэцүү болжээ гэдэг үнэн юм байна даа.
Улс төрийн ялзралаар төрд нүүрлэсэн завхрал нь эдийн засгаа буртаглаж нийгэмд бүх шатанд эрх тэгш байдал илт алдагджээ. Үүнийг бид хэлээд өнгөрдөг байсан бол одоо хэтэвчээрээ төлж мэдэрч байна. Өдөр тутмын үйлчилгээ худалдан авалт бүртээ иргэд бид авилга шингэсэн 40 хувийг илүү төлж эхэлсэн. Хууль тогтоомж, эрхзүйн актуудын хоорондын уялдаа, зохицол байхгүй, тогтвортой бус бүхэлдээ худал хуурмаг нүүрлэсэн маш том завхралд тулж ирсэн улс орныг ирэх сонгууль тоссон дайнаар гол асуудлаас нь холдуулж байна. Монголд минь түй ч наалдахгүй энэ дотоодын дайнаа өргөтгөөд байхыг манай улстөрчид хүсээд байгаа гэж үү. Нэг бол өдөөгдөөд байна л гэж хардахаар.
Алга дарам газар нь ард түмнийг нь 100 жил тэжээчих ийм баян орныг улстөрчдөөр нь амархан хагалж сул залгихаа харийн ноёд сайн мэддэг шүү гэдгийг олзолдон тэмцэгч талуудад хэлье.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/