Засгийн газрын хувь заяаг шийдэх ээлжит бус чуулган өнөөдөр нээгдэнэ. Зарим сайдыг чөлөөлөх үү, Засгийн газрын тэргүүнтэй нь хамт огцруулах уу гэдгийг шийдэх хөзрийн хүн нь УИХ-ын дарга. Учир нь энэ цаг үед эрх баригч хүчин АН-ын тамга хийгээд УИХ-ын тогтоол батлан алх цохих бүрэн эрх гагцхүү З.Энхболдод заяагджээ.
Шинэ он гарсаар парламентыг төдийгүй эрх баригч хүчин, Засгийн газрын үйл ажиллагааг З.Энхболд биеийн бус бэлчээрийн, эрх мэдлийн сүр хүчээр удирдан чиглүүлсээр ирлээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бодлого, үйл ажиллагааг дээрээс удирдан, сувгийг нь сольж байсан эрхэм бол УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд.
Тиймээс ч АН-ын МАН-тай хийсэн “Харилцан итгэлцэл хамтын ажиллагааны гэрээ цуцлагдаж, цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын даргадаа ҮЗХ-г яаралтай хуралдуулж, “Намын дарга нь Ерөнхий сайд байх заалтыг хэрэгжүүлэх эсэх шаардлага хүргүүлсэн улс төрийн энэ бүх үйл явц УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын найруулсан сценарийн дагуу явж байгаа процесс.
Өнгөрсөн хугацаанд МАН Засгийн газартай хамтарсан хэдий ч сөрөг хүчний өнцгөөс асуудалд хандан, эрх баригчдын алдаан дээр тоглолт хийсээр байсан. Гэхдээ энэ бол МАН-ын гэм биш зан. Засгийн газарт цаашид хамтарч ажилласан ч МАН эрх баригчдын эсрэг шүүмжлэлээ үргэлжлүүлсээр байх байсан.
Харин АН-тай байгуулсан гэрээгээ цуцлахдаа МАН “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хадаг барьж гуйж авч явснаараа манай гишүүдийн асуудлыг өөрөө шийдээрэй” хэмээн бойкот хийхээ мартсангүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимын зарим сайдыг огцруулах асуудлаа өөрөө өргөн барихгүй гэж “хүн чанар” гаргаж байсан ч намын бодлого хувь улстөрчийнхөө дээгүүрт эрэмбэлэгдэх нь зүйн хэрэг. Хувь ултөрчийн байтугай төрийн дээр нам заларсан энэ үед Ч.Сайханбилэгийг энэ алхмыг буруутгах аргагүй. 6 сайд огцруулснаар асуудал шийдэгдэхгүй нь тодорхой болсон энэ үед Ч.Сайханбилэг улс төрийн зориг гаргаж, АН-ын дарга З.Энхболдыг Ерөнхий сайдын албыг хамтатган хаших эсэхээ шийд гэсэн шаардлага хүргүүлээ. Тэрбээр “Парламентын сонгодог засаглалтай манайх шиг улсын хувьд УИХ-д байгаа хамгийн олон суудалтай намын дарга нь Ерөнхий сайдын албыг хамт хаших нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байгаа. Ийм саналыг АН-аас, манай бүлгийн гишүүд ч Ерөнхий сайдын хувьд надтай уулзахдаа санал, хүсэлт, зөвлөмжийг хэлж байгаа” гэдгийг онцолсон. Энэ нь өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын удирдлагуудаас эхлээд гишүүдийнхээ шантаажин дор үйл ажиллагаага явуулж ирснийг баталгаажууллаа.
Ерөнхий сайдын үгэнд анхаарал татсан бас нэг зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулагчид Монголын улс төрийн амьдралтай холбоотой үйл явцыг ажигласаар байгааг онцолсон. Төр, засгийн тогтворгүй байдал эрх баригч хүчнээс үүдэлтэйг хэн хүнгүй хэлнэ. Тэр дундаа АН-ын дарга ганцхан өөрийнхөө фракцид үйлчилдэг гэх шүүмжлэл газар авсан байна лээ. АН дотроо олон фракц жигүүртэй. Бүлэглэл, фракц жигүүрийн зөрчил ямар ч нөхцөлд АН-ыг хүчгүйдүүлж, үнэгүйдүүлдэг. Өнөөдөр энэ бүлэглэл фракцын зөрчил төр, засгийг тогтворгүй болгож, сульдааж, хүчгүйдүүлж байгаа нь нууц биш. Энэ зөрчил тэмцэл парламентын бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр дахь засгаа унагаах гэж байна.
Ээлжит бус чуулган эхлэхээс өмнө АН-ын ҮЗХ-оогоо хуралдуулж, асуудлыг нэг мөр шийдэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шаардлагадаа тусгасан байсан. Түүний шаардсан хугацаанд асуудал хөндөгдсөнгүй. Өөрөөр хэлбэл, АН-ын ҮЗХ өнгөрсөн амралтын өдрүүдэд хурал зарласангүй. Гэхдээ ээлжит бус чуулганаар энэ 7 хоногт хэлэлцэх асуудалд жагсаалтын эхэнд төлөвлөсөн байсан Засгийн газрын сайд нарыг огцруулах төсөл багтаагүй байна лээ. Харин ээлжит бус чуулганаар Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.
Ерөнхийлөгч парламентад суудалтай нам, эвсэл, бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзах үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Засгийн газрыг огцруулахгүй” хэмээж байсан үгэндээ хүрэх эсэхийг одоо харах үлдлээ.
Тиймээс ирэх өдрүүдэд АН-ын ҮЗХ-г хуралдуулж, ямар шийдэлд хүрэхийг бусад улс төрийн хүчнүүд хүлээзнэж байна.
Төр түвшин, түмэн олон амгалан байг.
Н.Энхбат