Ардчилал яллаа. Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ огцорлоо... С.Зоригийг ардчиллын залуусыг дэмжиж талбай дээр жагссан олны ялалтын уриа төвийг сахисан Үндэсний телевизийн мэдээгээр шууд гарлаа. Энэ үед “Үнэн” сониноо хойш тавьсан аав минь санаа алдахыг харснаа би мартдаггүй юм.
Бүх насаараа итгэж ирсэн итгэл, зүтгэл нь талаар болчих шиг болсон байх. Гэр бүлтэйгээ адил үзэж байсан төр нь унаад өглөө гэхээр эх орных нь тал нь алга болчих шиг санагдсан байх. Үл мэдэх шинэ цаг үеийн өмнө амьдрах болж буй үр хүүхэддээ санаа зовсон ч байх. Чухам юунд санаа алдсаныг хожмоо ч асуугаагүй. Учир нь би өөрөө тэр нийгмийг нэг гишүүн болж алдаа оноог нь амьдралаараа мэдэрч явахдаа юу бодож санаа алдсаныг ойлгосон юм.
Ардчиллын залуусын хувьд улс төрийн товчоог огцруулах, төрийн эрх атгах тийм ч хэцүү байгаагүй. Ардчилал хэрэгтэй гэдгийг ойлгуулж олны итгэлийг авч араасаа дагуулах гэдэг хамгийн хүнд ажил бас гол зорилго нь байсан. Үүнийг хэр хийж чадсан бэ гэдгийг гагцхүү сонгуулиар л харах байлаа.
Анхны үндсэн хууль баталж байхад ч олон хүн ардчиллыг жинхэнэ утгаар нь бататгаж байна гэж төдий л сайн мэдрээгүй. Харин энэ хуулийн дор болсон анхны бүх нийтийн ардчилсан сонгууль өгөхдөө хүйтэн өвлийн жагсаал, хахир хаврын өлсгөлөнд ардчиллыг дэмжиж байхдаа юунд хүрэх гээд байснаа бодитой ухаарсан. Нэг намыг бус олон хүний ухааныг уралдуулж энэ улсыг,танай гэр бүлийг аваад явчих улс төрийн нам, төлөөлөлд саналаа өгөх ёстой гэдгээ ухамсарлуулах гэсэн урт ажлын үр дүнг харуулсан ганцхан өдөр байсан. Таныг төлөөлж төрд зүтгэе гэсэн хүнээс мөнгө төгрөг бэлэг сэлт авдаг тухай ямар нэг сэдэл, хар технологи энэ сонгуульд байсангүй. Ардчиллыг шинээр нь, цав цагаанаар харсан тэр энерцээрээ анхны ардчилсан сонгууль цэвэр явагдсан. Хэн ялсан нь чухал бус миний санал энд тусгалаа олжээ. Намайг төлөөлөх хүн төрд гарчихжээ гэдэг нь сонгогчдын гол “кайф” нь байлаа.
Ардчиллын жилүүдэд төрсөн нялх үрс том болж тэдний үр хүүхэд цахим ертөнцөд завгүй хүн болж өсч байна. Тэд ардчиллын ойн баяраар хар бор өнгө холилдсон нэлээн урт кино үздэг. Хар цагаанаар жирэлзэн гарах сүрт жагсаалыг харж сонирхоно. Зарим нэг үйл явдлыг нь гайхна.
Гэрийнх нь зурагтаар байнга гардаг гишүүн, дарга ах нар тэнд их залуухан хүүхэд шиг харагдана. Одоогийн Ерөнхийлөгч ах бас нэг нүдний шилтэй ах хоёр гараа гозолзуулан ярих нь их харагдана. Дараа нь гэрийнх нь “албом”-д зураг нь байдаг өвөөтэй нь адилхан олон хүний зургийг хананаас буулгаж машинд ачиж байгаа харагдана. Тэгээд цэнхэр туг барьсан цагаан фудволкоор ижилдсэн залуус уриа хашгиран алхаж хүмүүс нэг нэгээрээ хөшигний цаагуур орж нэг цаас барин гарч ирэн хайрцагт хийгээд эхэлнэ. Бүгдээрээ их л бодлогоширсон байдалтай, зөөлөн зөөлөн алхлаад л....
Үүний дараа том хурал болж хүмүүс алга ташаад л, алга ташаад л... Нэг дээлтэй хааных шиг өндөр оройтой малгай өмссөн ах том хайрцагтай юм толгой дээрээ өргөөд хүмүүс алга ташаад л... алга ташаад л... Тэгээд кадр солигдсон нэг дугуй танхимд хүмүүс тойрч суучихсан хуралдаад л... хуралдаад л.
Дахин кадр солигдон нэг шилтэй зүйл авахаар аймаар урт цуваа үүсгэжээ. Нэг жижигхэн ТҮЦ шиг юмны цонхон дээр бие биенээ татаж чаргууцалдах бичлэг гарна. Таягтай доголон, хөлтэй хөлгүй, эмээ өвөө хамаагүй нэг нэгийгээ чирч түлхэж гарган зүтгэсээр нэг зүйл барьж гарч ирэн хаашаа ч юм яарна. Тэр нь архи гэнэ. Бүгдээрээ архинд дуртай байсан юм болов уу гэж зарим том болсон нэг нь хүүхдийн ухаанаар боддог байх. Тэгээд залгуулаад баахан хоосон тавиуртай дэлгүүрүүд гарна. Хороолол дахь Номин, Дүүхээ төвтэй адил том том дэлгүүрүүд хов хоосон лангуутай. Ганцхан цагаан ууттай юм харагдах нь давс гэнэ. Гартаа нэг жижигхэн цаас барьсан хүмүүс бас л бие биесээ дарчих шахан худалдагч руу гар гозолзуулан зүтгэнэ. Талх гурилаа авч байгаа гэнэ...
Энэ мэт одоогийн хүүхдүүд хараад ойлгохоосоо илүү гайхаад өнгөрөх “элдэв зураг”-тай 25 жилийг бид туулсан. Дээрх хар цагаан кинон дээр жагсаал оройлоод байгаа ах нар бүгд нэг хүндтэй мөнгөтэй баян. Харин киноны дэлгэц дүүргээд уур савсуулан алхаад байсан олон хүмүүс нь тийм ч их хөрөнгөжиж хөлжөөгүй.
Эхнээсээ ардчиллыг эрх чөлөөт амьдрах боломж гэж тэр үеийнхэн гарч жагссан. Сонгуульд дэмжсэн. Байраа өмчилж авахдаа, малаа хувьчилж нэгдлээс гарахдаа, гадаад гарч “бургер”захиалж суухдаа “ардчиллыг дэмжиж зөв сонголт хийжээ” гэж бултаараа баярлаагүй. Энэ бол ардчилал ялсан цагт төрд хэн ч гарсан хийх байсан алхам. Хөгжиж байгаа улсын иргэдийн хүртэх мэдрэх наад захын л “нэг юм”. Нийтээрээ хөдөлмөрлөж 70 жилд бий болгосон баялгаа буцааж эзэд нь нэр дээрээ өмчөө болгож авсан хэрэг. Тэрнээс хувьчлал зэргээс олны хүртсэн жоохон хувь ардчиллын бэлдсэн гарын бэлэг байгаагүй юм. Ардчилал ялсны бахархал ч энэ биш.
Төрийн эрхэм дээд ямар ч дарга ямбатныг өөрийн төлөөллөө гэх утгаар нь шүүмжилж болдог, улс орны цаашид явах замыг сонгоход үг саналаа тусгадаг, шударга шүүх өмгөөлийн дор язгуур эрхээ хамгаалуулах нь баталгаажсан байхад бид ардчиллыг сонгосондоо сэтгэл хангалуун байх юм. Энэ мэт монгол хүнээ бодсон төгөлдөршлийн цаана “Энэ миний сонгосон зам. Өнөөх хүсээд байсан нийгэм. Ардчилсан Монгол минь” гэж бахархаж болох юм.
Анхны ардчилсан сонгуулийн ойн баяр тохиож байна. Энэ 25 жилийн турш “ардчилал та орштугай” гэж иргэд эргэлзэлгүй хэлсээр ирсэн. Харин одоо сонгуулиас сонгуульд “Миний ардчилал та төгөлдөржтүгэй” гэе дээ.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |