“Шадав нь авна уу, Готов нь авна уу хамаагүй, аавыгаа бодох минь” хэмээн Маралмаа хонио туудаг шиг өнөөдөр “Засгийн газрыг Ч.Сайханбилэг тэргүүлнэ үү, З.Энхболд тэргүүлнэ үү хамаагүй. Ирэх өвлийг л өнөтэй давах минь” гэж иргэд ханцуйдаа залбирч сууна. Учир нь энэ жил олон жилийн дунджаас дулаанхан, зун нь ихэнх нутгаар гантай байлаа. Наадмын дараах оройтсон бороо тариа ногооны болцод гавьтай нөлөөлөхгүй.
Өнөөдөр нийслэлд дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ, замын ажлыг хуваарийн дагуу чанартай гүйцэтгэн дуусгах, малчдын хувьд хадлан тэжээлээ бэлтгэх, тариаланчид ургацаа хураан авах гээд цаг хугацаатай уралдан гар хумхилгүй ажиллах өдрүүд бидний өмнө тосч байна.
Гэтэл энэ их ажлын өдрүүдэд төр, засаг тогтворгүй байх нь хэнд хохиролтой вэ? Мэдээж, хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр тамга барьсан сайд нар хэзээ нэгэн цагт халаагаа өгнө. Ердийн албан хаагчдын их амралтын үе хэдий ч зарим салбарынхны оргил ажлын өдрүүдэд Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг хөндөх нь цагаа олоогүй захирамж мэт. Улс төрд эрх ашиг гэж байхаас тохиромжтой цаг хугацаа гэж үгүй хойно.
Ер нь Р.Бурмаатай, Бурмаагүй хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажил явдгаараа явна. Бурмаа бол туг, тамга барьсан улс төрийн албан тушаалтнаас бус малчид, тариаланчдын төлөө төрсөн зүтгэлтэн биш. Ямартай ч Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Шадар сайдаар ахлуулсан Улсын комиссыг байгуулсан. Гэхдээ суудал нь өнцөгдсөн сайд нар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар төлөвлөгөө, график гаргаад сууж байх нь юу л бол. Хэдийнэ, нам, улс төрийн ажлын дараагийн төлөвлөгөөндөө орсон гэвэл үнэнд ойрхон байх.
Ээлжит бус чуулганаар зөвхөн МАН-ын сайд нарыг огцрууллаа гэхэд Засгийн асуудал намрыг дуустал үргэлжлэхээр хөндөгдөхөөр байна. Нэгэнтээ шинээр томилогдох сайд, цаашлаад шинээр байгуулагдах Засгийн газраас ч иргэд ихийг найдаж хүлээхгүй, тийм цаг хугацаа ч үлдээгүй. Тиймээс л өнөөдөр Засгийг Шадав нь тэргүүлнэ үү, Готов нь тэргүүлнэ үү иргэдэд падлийгүй.
Жил хүрэхгүй хугацааны дараагаар дараагийн парламентыг сонгох иргэдэд өнөөдрийн төр, засгийн бужигнаанд ач холбогдол хийгээд сонирхолгүй. Нэгэнтээ сүүлийн хоёр жил иргэд эдийн засгийн хүндрэл, хямралыг нуруун дээрээ үүрэн гарч, амьжиргаагаа авч яваа. Тиймээс дараагийн Засгийн газар эдийн засгийг сэргээнэ гэдэг ч юм уу, үгүй дээ л цалинг цөөн хувиар ч болов нэмчихээсэй гэж найдлага, горьдлого тээхгүй нь даанч сайхан.
Харин ирэх УИХ-ын сонгуулиар сонгогчдын санал бусдад хулгайлагдчихгүй л бол өнөөдрийн парламентаас өөр дүр зураг бүрдэнэ.
Сайд шинээр томилогдоод ч, шинэ Засгийн газар байгуулагдаад эдийн засгийг өөд татаж, амьжиргааг сэвхийтэл өргөхгүйгээс хойш нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүйтэй адил. Ирэх өдрүүдэд зарим салбарынхан сайдынхаа нэрийг цээжилж, зүсийг таньж амжаагүй байтал төр өөрчлөгдөх биз.
Халуун намраар дээдэс бужигнаж, сандал ширээгээ солилцож байхад иргэд өвөлдөө бэлтгэж, онд мэнд орохоор зүтгэх нь юу юунаас чухал байна.
Н.Энх
Уншиж байна |