Жил бүрийн улсын төсөвт сургууль, цэцэрлэг барих мөнгө тусгадаг ч баригдсан, ашиглалтад орсон нь цөөхөн, мөнгө нь агаарт уусан, салхинд хийсэн одсон байдаг. Жил бүрийн намар хүүхдийн цэцэрлэгийн асуудал босч, эцэг эхчүүд цэцэрлэгийн багш, эрхлэгч нарын гарыг цайлган, авлига өгч байж хүүхдээ улсын цэцэрлэгт хамруулж байна. Харин хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй, авлигын мөнгөгүй хэсгийн бяцхан үрс гэртээ цоожлуулан үлдэж байгаа. Эцэг эх нь ажилдаа явж, гэртээ цоожлуулан хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд өөрсдийгөө саатуулан тоглохдоо цахилгаан хэрэгслийг асааж, гал тавин, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс хууль тогтоогчид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулан баталлаа.
15 мянган ажлын байр бий болно
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг зарим гишүүн тэр дундаа МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байсан. Учир нь хүүхэд харах үйлчилгээний хуулиар хүүхдийн аюулгүй байдал зөрчигдөж байна. Багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэхээс эхлээд хүүхдийн хоол хүнсэнд тавих хяналт байхгүй. Хүүхдийн нэр барьж төсвөөс мөнгө саах гэсэн арга гэх шүүмжлэл явж байлаа. Харин уг хуулийн төслийг санаачлагч эмэгтэй гишүүд “хүүхэд цоожтой хаалганы цаана үлдсэнээс хэн нэгний хяналтад байх нь хувь илүү" гэж үзсэн.
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо бий. Энэ хууль хэрэгжсэнээр 15 мянган ажлын байр бий болж 90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэж хууль тогтоогчид үзэж байгаа юм билээ.
Нэг хүүхэд асрагчид 5-аас дээшгүй хүүхэд оногдоно
Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл авсан үүсгэн байгуулагч өөрийн өмчлөлийн болон түрээсийн, зээлийн байр, гэрт зохион байгуулж болох юм. Тухайн байр, гэр, гадна орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг зүйл үйлдлээс хамгаалсан хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Хүүхэд харах үйлчилгээг гэрээр явуулсан тохиолдолд гал тогоо нь тусдаа, гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан, байр, гэр нь ил задгай зуух, халаалтын хэрэгсэлтэй бол тэдгээрт хүүхэд ойртохгүй тусгаарлах хаалтыг заавал хийсэн байна.
Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байхаар заажээ. Хүүхэд харагчид 5-аас илүүгүй хүүхэд оногдоно. Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байх юм.
Хүүхдийн хоолонд улсаас 54 тэрбум төгрөг төсөвлөнө
Хүүхэд харах үйлчилгээний ажлын цаг өдөрт 8 цагаас ихгүй байх аж. Хүүхдийг өдөрт телевизийн өмнө олон ангит хүүхэлдэйн кино үзүүлээд суулгадаг гэх шүүмжлэл хувийн цэцэрлэгүүдэд гардаг. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд энэ талаар тусгаж өгсөн байна. Хүүхдэд өдөрт 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулах, шашны зан үйл, үйл ажиллагаа явуулахыг хуульчлан хоригложээ.
Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Өнөөдөр цэцэрлэг явж байгаа нэг хүүхдэд 116 мянган төгрөг оногддог. Энэ хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байх магадлалтай 52300 мянган хүүхдийг бүрэн хэмжээгээр хамруулна гэж тооцвол 2015 онд 54.4 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байсан.
Хуулийг гурван ес тачигнасан өвөл цагт хэрэгжүүлсэн нь хүүхэд харах үйлчилгээний бэлтгэлийг хангуулах зорилготой аж. Учир энэ хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар хэл амтайхан баталсан. Нөгөөтэйгүүр уг хуулийн төслийг хэрэгжүүлэхэд 54 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ жилийн төсөвт уг мөнгийг суутгаагүй, дээр нь Засгийн газарт төсвийн тодотголоор нэмж тусгах санхүүжилт байхгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ирэх оны төсөв уг мөнгийг тусгаж, хэрэгжүүлж эхэлнэ.
Н.Энх
Уншиж байна |