Сүүлийн 17 жилийн түүхэндээ хамгийн их ургац авлаа гэж баярын мэдээ дуулгаж байсан тариаланчид энэ жил 150 тэрбум төгрөгөө хөрсөнд булаад юу ч үгүй суух нь дээ гэж халаглаж байгаа юм байна. 37 жилд болоогүй ган гачиг нүүрлэсэн зуныг бид өнгөрүүлж байгааг тариаланчид л мэдэрч байгаа бололтой. Хамгийн сүүлийн байдлаар нэгтгэгдсэн мэдээ мэдээллээ хараад энэ жил нийт ургацынхаа 80 орчим хувийг алдах нь ээ гэсэн дүгнэлтийг Монголын үр тариа эрхлэгчдийн холбооноос гаргаад байна. Юун найр наадам, Р.Бурмаа сайд аа. Бурам шиг үгээр гурил хийхгүй, талх барихгүй шүү. Хаана явна та гэж хатуурхмаар.
“Араа дагаарай” гэдэг шиг Хятад, Орос хоёр энэ зуны ган гачгаас ургацынхаа 20-25 хувийг алдах болоод байгаагаа албан ёсоор зарлажээ. Харин манай яамынхан алзахгүй царайтай дуугай л байцгаах юм. Хөрс шороонд хөлсөө шингээж мөнгө олдог тариаланчид л таагүй байдлыг мэдэрч сайдаа хайж эхэлжээ. Р.Бурмаа сайд ган дуудчихсан биш. Одоо яахав дээ гэж өмөөрөх тал бий. Гэхдээ урьд жилүүдийн ган нүүрлэхэд овоо тахиад гараа тосоод хур гуйж суудаг байсан бол одоо цагт үүл буудаад бороо оруулчихдаг давуу талтай болсон.
Энэ зуны үүл буудлага л нэг сайн болоогүй юмдаг уу даа. Шинэ сайд дарга нарын халаа сэлгээний хаяа үүл буудагч нарыг тойроогүй гэнэ. Хуучин “буудагч” нар бүгд солигдож шинэ буудагч нар баахан будилсан бололтой. Үүлээ бөөн байхад нь буудах цаг үеэ алдсаар, салхи чигээ буруу тооцоолж буудсаар гантай байгаа Төв аймагт оруулах байсан бороо Улаанбаатарын төв талбайд асгарч төөрөлдсөн бололтой юм. Аймаар далий буудаж байгаа юм шүү. Гэхдээ яамныхны зүгээс гомдол нэхэх нь буудагч нарыг сольсонд бус сумаа сайн нөөцөлж, гантай газар луугаа эртхэн татаж үүлээ бөөн байхад нь буудах ажлыг эхлүүлэх тал дээр цалгардсан гэдгээрээ буруудах бололтой. Дээр нь гантай жилийн араас буудайн нөөц тун хомс байгаа нь бас том асуудал дагуулахаар болжээ.
17 жилийн түүхэндээ авч байгаагүй арвин их ургац авч “хаанаа хийх үү, хураах уу” гээд байсан буудайнаас улс авч нөөцлөөч гэхэд өнөөх яам нь тоогоогүй гэж байна. Аж ахуйн нэгжүүдэд байсан буудай нь спирт рүү гараад явчихаж. Жар, далан мянган тонн буудайг спиртийнхэн худалдаад л авчихсан байна. Архины бизнес цэцэглэн хөгжиж тэнд мөнгө ашиг үнэхээр эргэж байгаа бололтой. Харин “Тариаланг дэмжих сан”-д 30-хан мянган тонн буудай байгаа ба энэ нь бидний нэг сарын хэрэгцээ болох. Хамгийн гол нь энэ нөөцгүй байгаагаас үүдэх хомсдол иргэдийн нуруун дээр үнийн өсөлт болж ирнэ гэдгийг Үр тарианы холбооныхон шуудхан хэлж “айлгаж” эхэллээ. “Нөөцгүйн үр дагаврыг энэ намар үзнэ. Ямар ч байсан гурилын үнэ өснө. Буудайны гарц муудсан. 80 хувиа алдсан учраас өсөх нь тодорхой. Ийм хүндрэл үүссэнийг төр засаг хэлэхгүй байна” гэж тус холбооны удирдлагаас хэвлэлд өгсөн ярилцлагаараа анхаарууллаа.
Алгаа тосоод авахад ариун сүүний үнэртэй амуу буудай ховор живэр болох нь. Ган боллоо, араас нь зуд нүүрлэнэ л гэнэ. Ингэж яриад байхаар билэггүй юм ярилаа гэж яамны түшмэдүүд таагүй ханддаг гэсэн.
Найр наадмын ид цагаар гурил талхны үнэ өснө гэж бурсан биднийг Р.Бурмаа сайд өршөөчих байх. Харин цаг яаж ч хатуурхсан даваад гарах бэлтгэлээ базаах энэ налгар цаг биднийг хүлээхгүй дээ. Тариаланчид хавар эртхэн үүл буудья, сум байна уу, Бурмаа сайдаа гээд байсан бол одоо хүндрэлийг хэлэлцэх цаг танд байна уу гээд асуулгаад явна.
Б.Хэгжүүн