-Хууль төрсний дараа-
Нийслэлчүүд бид ирэх аравдугаар сарын 1-нээс хотын татвар төлж эхэлнэ. Хаврын чуулганаар маргаантайхан батлагдсан хуулиудын нэг нь Нийслэл хотын албан татварын тухай хууль юм. Учир нь зарим гишүүн эсэргүүцэж, иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдлээ гэж үзэж байсан. Тэр тусмаа хямралын энэ жилүүдэд нийслэлийг татвартай болгох нь буруу гэж байлаа. Харин хууль санаачлагчид “Гадаадын улс орны нийслэл хот нь тодорхой хэмжээний татвартай байдаг. Хотыг татвартай болгосноор иргэдийн нуруун дээр ачаалал ирэхгүй, их хэмжээний татвар биш” гэсэн юм. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газар татварыг нэмэхгүй бас хасахгүй гэж хэлсэн үгэндээ хүрсэнгүй гэж улс төржих хэсэг ч байсан. Гэхдээ энэ хууль Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулагдахаас өмнө өргөн баригдаж, анхны хэлэлцүүлэг нь хийгдсэн байснаараа онцлогтой.
Нийслэл хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулжээ. Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, “бараа”-г худалдан авсан этгээдэд нийслэл хотын албан татвар үйлчлэх юм. “Бараа” гэдэгт жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг хамруулжээ.
Нийслэл хотын албан татвар суутгагчаас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байх юм. Улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл, мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн харьяалах татварын алба албан татвар суутгагчаар бүртгэнэ. Татварын алба албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн нийслэлийн ИТХ баталж байхаар хуульчилжээ.
Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд нийслэл хотын албан татвар ногдуулна. Зочид буудал, амралтын газар, ресторан, бааранд хотын татвар ногдуулах юм байна. Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцохоор тусгажээ. Борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ, харилцан солилцсон буюу харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн бодит үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн, эсхүл үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд нийслэл хотын албан татвар тооцно. Үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн тодорхойлохоор хуульд заажээ.
Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн ИТХ батлах юм. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр эсрэг саналтай байсан гишүүд хотын татварын хувийг 0 хүртэл байхаар заалт оруулъя гэж байлаа. Гэвч энэ нь олонхийн санал авч чадаагүй. Харин дээр дурдсанаас бусад үйлчилгээг нийслэл хотын албан татвараас чөлөөлөх юм.
Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгах ажээ. Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаах аж.
Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй. Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батлах юм байна.
Хотын татвар нийслэлчүүдэд ачаалал болохгүй гэж зарим гишүүн ярьж байгаа. Гэхдээ ачаалал нэмэх эсэхийг хууль үйлчилж эхэлснээр иргэдэд мэдрэгдэх биз. Ийнхүү нийслэлчүүд бидэнд ирэх намраас өвлийн бэлтгэл, цахилгаан, дулааны үнэтэй зэрэгцэн хотын татвар үйлчилж эхлэх нь ээ.
Н.Энх
Уншиж байна |