Найр наадам хөвөрсөн наймдугаар сард засагт цус сэлбэхээр ээлжит бус чуулган зарлахаа спикер мэдэгдсэн. Эдүгээ түүний үг хууль мэт үйлчилж буйг хаврын чуулганаар өрнөсөн үйл явц гэрчилсэн. Өнөөдрийн байдлаар ээлжит бус чуулганы товлосон УИХ-ын даргын захирамж гараагүй ч нэгэнтээ хаврын чуулганы хаалт дээр тэрбээр өөрийн биеэр хэлж, алх цохисон болохоор хэрэгжих нь гарцаагүй. УИХ-ын тухай хуулинд ч ээлжит бус чуулганыг зарлуулах эрх нь спикерт хадгалагддаг заалттай.
Эрх баригчдын МАН-тай хийсэн гэрээ цуцлагдсан даруйд Засгийн газрын 6 сайдыг чөлөөлж, дараагийн сайдыг томилох асуудал зэрэгцэн өрнөнө. Ерөнхийлөгч парламент дахь улс төрийн намуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх, Ерөнхий сайдыг танхимаа өөрөө удирд хэмээн чиглэл өгсөн нь биеллээ олсонгүй. Асуудлыг түр зуур хойшлуулж, галыг намжаасан явдал л байлаа. Төрийн тэргүүн намуудыг эвлэрүүлэхийг хичээсэн ч түүнд эрх мэдэл дутав.
Нэгэнтээ МАН засгаас хөөгдөх нь тодорхой болсон энэ үед тэдний 6 сайдын орон зайг бусад нам хэрхэн хувааж авах нь олны анхаарлыг татаж байна. Ерөнхий сайдын хувьд засагт хамтарсан улс төрийн хүчнүүдтэйгээ дахин ойлголцолд хүрэх хэрэгтэй гэж байсан ч хагарсан шаазан дахин эвлэдэггүй адил, итгэл алдарсан бололтой.
МАН Засгийн газарт Шадар, Сангийн, БОАЖНХ-ийн, Зам тээврийн, БХБ-ын, Хөдөлмөрийн гэсэн 6 сайдын суудалтай. Өнөөдөр шийдлийн Засгийн газарт МАН-аас гадна МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтарсан. Ингэхдээ “Шударга ёс” эвсэл гурван сайдын суудалтай, үүн дотроо МАХН-аас ЭМЯ, БХЯ-ыг, МҮАН-аас Монгол Улсын сайдын албыг хариуцаж байгаа. Харин ИЗНН дэд сайдын суудал л хүртсэн.
Тиймээс эрх баригчид МАН-тай гэрээгээ цуцалж, 6 сайдыг чөлөөлсний дараагаар бусад хүчнүүдтэйгээ зөвшилцөх нь дамжиггүй. Дэдээс дээш хувь хүртээгүй ИЗНН-д энэ удаад нэг сайдын суудал гулсаад ороод ирнэ биз. Нөгөөтэйгүүр эрх баригчид тэдэнд нэгээс дээш хувь хүртээхгүй. Мөн “Шударга ёс” эвсэл ч нэгийн зэрэг сайдын албан тушаалыг горилно. Ялангуяа эвсэл доторх намууд өнөөгийн харьцаагаа хэвээр хадгалах байх гэж ажиглагчид үзэж байна лээ. Магадгүй өнөөдөр эвсэл дэх МҮАН-ын дарга М.Энхсайхан Монгол Улсын сайдын албыг хашиж байгаа. Тиймээс МАХН Шадар сайдын албаа эгүүлэн авна гэж барьцахыг ч үгүйсгэх аргагүй.
Харин үлдсэн 4 сайдын суудалд эрх баригчид өөрсдийн хүнээ томилох сурагтай. Басхүү сайдын суудалд санаархагчид намын байр, Төрийн ордон дахь Засгийн газрын үүдээр эргэлдээд эхэлсэн гэнэ лээ. АН-ын зүгээс сайдуудын орны хүнийг парламентаас томилох уу, гаднаас оруулж ирэх үү гэдэг дээр мөн л фракц бүлэглэлээрээ талцан асуудал үүсгэсэн бололтой. Ер нь АН-д сайдын суудлыг булаацалдсан албан тушаалын төлөөх цусгүй тулаан өрнөж байна.
Ерөнхий сайд танхимаасаа МАН-ын сайд нарыг өөрийн шийдвэрээр бус намын үүрэг даалгавраар хөөж явуулна. Үүнтэй агаар нэгэн дараагийн сайд нар ч өөрийнх нь сонгосон, итгэсэн бус намын бүлэг фракцуудын эрхмүүд хаалга татан орж ирэхээр болоод байгаа. Ялангуяа энэ удаад намын “даргын хүн” зонхилно гэж ажиглагчид үзэж байна. Үргэлжлээд 6 сайдын суудлаар зогсохгүй МАН-ын дэд сайд, агентлагийн дарга нарын албан тушаалд ч орных нь хүмүүсийг томилно. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гэрээ цуцлах үндэслэлд МАН-ын сайдуудыг төрийн албан хаагчдыг халж, сольсон асуудал тэргүүнд тавигдсан. Тиймээс МАН-ын сайдын үед халагдсан АН-ын хүмүүс эргээд төрийн албандаа томилогдох ээлжээ хүлээгээд сууж байгаа. Ингээд л намар болтол яам, агентлагуудаар сандал, ширээний асуудал үргэлжилж, зарим нь тамгаа авч амжаагүй байхад ирэх намрын чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг гишүүд өргөн барихад гайхаад байх зүйлгүй.
Ийнхүү хаврын чуулган завсарлах хэдий ч улс төр буцалсаар байх нь. Уг нь өнөөдөр юун сайдыг огцруулж, томилгоо явуулах засгаар тоглох манатай, наадмын дараа намар гээд хадлан тэжээлээ базааж, ирэх өвөлдөө бэлтгэж баймаар.
Атал парламент гүйцэтгэх засаглалын асуудалд анхаарлаа хандуулж, халаа сэлгээ хийж байгаа нь улс төр ч гантай, бүр зуд ч нүүрлэж мэдэхээр шинжтэй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Ер нь эрх баригчид МАН-тай гэрээгээ цуцлахдаа үг, үйлдэл адил байхаар бодолцож улс төрийн тохиролцоогоо хийхгүй бол АН ирэх жилийн сонгуульд өвдөг шороодох бэлэн байна.
Өөрөө ойчсон хүүхэд уйлахгүй л байлгүй дээ.
Н.Энхбат