Энэ наадмын онцлох сонин
2015-07-16

А.Сүхбат аварга зодоглохгүй гэсэн нь наадмын өглөөний эхний содон мэдээлэл байлаа. Дүү аварга минь зүүнийг манлайлаг л даа гээд үзэгчийн суудалд суулаа. Гэхдээ аварга сайхан наадаж түүний хүү С.Хангай Сэргэлэн сумын наадамд түрүүлж сумын аварга цолыг хүртжээ.

 

Наадмын нээлт ёслол төгөлдөр болж Ерөнхийлөгч нээлтийн үгээ хэлж  “Монгол наадмыг дэлхийн наадам болсон”-ыг онцоллоо. Асар, индэр, төв цэнгэлдэхийн орчимд наадам сайхан өрнөлөө. Харин хүй долоон худагт  оволзох жирийн наадамчдад бага сага хүндрэл бухимдал байлаа.

 

Хүй долоон худагаас Төв цэнгэлдэх явах маршруттай нийтийн тээврийн хэрэгслүүд 1000 төгрөгөөр үйлчилнэ гэсэн нь наадамчдын бухимдлыг төрүүлэв. Хол маршруттай яваа автобус үнэ нь нэмүү байхыг ойлгож болох ч үүнийгээ урьдчилан олон нийтэд зарлаж мэдэгдэх хэрэгтэй байсан байх л даа. Наадмын өдөр  үнээ нэмсэн тэдний сюрприз хэтэрхий гэнэтийн байсан хэрэг.

 

Хүй долоон худагт босох тоосны хэмжээг дутуу тооцоолсон бололтой. Хөндий дүүрэн тоос босч хэтрүүлж хэлэхэд бие биенийгээ ойрхон хөтөлж явах хэрэгтэй болсон ба энэ тоосыг дарж авах асуудал зохион байгуулагчдад тулгарчээ.

 

Наадмын эхний өдөр хүүхэд ганц нэгээрээ төөрөх явдал гарч нэг өдөр 9 хүүхэд наадмын талбайд төөрсөн  талаар мэдээлэгдэв.

 

Бөхийн тухайд булхай хэрүүл багатай сайхан боллоо гэж наадамчид дүгнэлээ. Харин аварга арслангууд доогуур даваанд дараалан унаж бөхийн тааварыг биелшгүй зүйл болгов.   Дээгүүр цолтой бөхчүүд ийн тааруу барилдаж байгаа нь залуу бөхчүүд үнэхээр сайн бэлтгэлтэй орж ирэв үү, том цолтой бөхчүүд наадмаас наадмын хооронд барилдаандаа бус  бизнест их анхаараад бэлтгэл хангахгүй орж ирж зодоглоод байна уу гэсэн асуулт нээлттэй үлдлээ.

 

07 сарын 12-ны үдэш талбай дээр гадаадын нэрт дуучид хамтлагийн тоглолт болох байсан  нь наадмын бэлтгэл ажлын үеэр цуцлагдсан. Харин манай дуучид хамтлагууд гадааны нэр дуучид хамтлагт хувиран дуулах хөтөлбөрт шилжжээ. “Найрсаг Улаанбаатар”-ын шоу доргио болоогүй ч дажгүй боллоо гэсэн үнэлгээг залуус хэлж байлаа.  Энэ арга хэмжээнд оролцсон дуучид бүгд  “амьд”- аараа дуулсан нь энэ шоуны онцлог байлаа. Шадар сайд У.Хүрэлсүх ханхар цээжээ харуулж хоёр ч удаа ойрхон тайзнаа гарч ирснээр шоуг сонгуулийн шоу шиг харагдуулах шахаад хамтлаг нь дуулснаар нэг юм зогслоо. Талбай дээр болсон урлагийн тоглолт арга хэмжээнүүдийг нийслэлчүүд гэртээ голдуу үзсэн гэж болохоор. Тэр салют буудах үеэр бас нэг хөгжим хөг явж баймаар. Тийм сүртэй буудлагатай дүйцэх олны сэтгэл хөдлөл төдий л мэдрэгдсэнгүй. Зурагтаар шууд дамжуулсныг харахад тийм сэтгэгдэл төрсөн шүү.

 

Гадаадад байгаа Монголчууд наадмаа шууд үзэх гэж нэлээн зүдэрсэн тухайгаа ярилаа. “Шууд” эфир гэсэн бараг бүх сайтууд нь нам гацаж байсан тул бөхийг бол үзээгүйтэй адил боллоо гэж сэтгэл дундуур байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байлаа. Үндэсний телевиз нь ядаж гацахгүй гардаг баймаар юм гэсэн дэлхийн Монгол наадамчдын гомдлыг Ц.Оюундарь даргад нь энэ бичлэгээрээ давхар дайя даа.

 

Халх сурын харваанд гэр бүлийн хос түрүүлсэн нь наадмын нэг сонин гэж болно. Монгол сурын шинэ үеийн залгамж халааг бэлдэх,  энэ спортод хүүхэд залуусыг олноор хамруулж хүрээг нь тэлэх төрийн  бодлого байна уу.  Явсаар сурын харваа маань сэтгэл зангидсан хэдэн хүмүүс, гэр бүлийн хүрээний спорт болох бий дээ гэсэн  эмзэглэлийг зарим наадамчид хэлж байсныг энд алгасан орхиж болмооргүй санагдлаа.

 

Цаг агаарын хэт халуун бол энэ наадмын цохон тэмдэглэх онцлог мөн байлаа. 30 хэм гарч халсан маш хуурай агаарт наадамчид морь, бөх, харваагаа үзлээ. Гэтэл эрс тэс үзэгдэл болж Архангай, Завхан зэрэг аймагт цас орсон байлаа. Хэт халалтаас газар хатсаны дараа бороо ихээр орж үер усны аюул нүүрлэж болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэрэмжлүүлсээр байна.

 

Сошиалынхныг сэрээсэн наадмын сонин гэвэл УИХ-ын дарга З.Энхболд үндэсний их баяр наадмын түрүүг авсан бөхийн тухай твиттер хуудсаараа жиргэхдээ баяр наадамд түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын харцага Э.Оюунболдын нэрийг Оргилболд хэмээн андуурч бичсэн явдал болов.  “Ганц бөхийн нэр тогтоочихгүй” хэмээ шүүмжлүүлсэн тэрбээр алдаагаа хурдан засаж түрүү бөхийн нэрийг залруулан бичжээ.

 

Наадмаар бөөн бөөн  жуулчид бууна гэсэн хүлээлт талаар болох шиг боллоо. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 4.8 хувиар буурсан байна. Үүнд БНХАУ-аас Монгол Улсад ирэх жуулчдын тоо 15.2 хувиар, Австралийн жуулчид 14.3 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ. Монголд ирж байгаа хоёр жуулчин тутмын нэг БНХАУ-аас ирдэг бол сүүлийн үед Украйн, Хонконгийн жуулчид Монголыг илүү сонирхох болсон гэнэ.

 

Хөдөө аймгуудад наадам ойн баяр наадмууд одоо ч үргэлжилж байна. Бүх наадмыг  8-р сарын 01-ний дотор дуусгахыг Ерөнхий сайд үүрэгдсэн нь хэрэгжвэл бидний намрын ажил 08 сарын 02 ноос эхлэх нь дээ.

 

Хур багатайгаас дэлхий дэлэгнээгүй ч дэнж хотойлгосон Монгол наадам минь дэлгэр сайхан боллоо.

 

Б.Хэгжүүн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Enhboldiig baalah yahav uuriigoo hichee sumiin avargaa
2015-08-04
Sumin avraga:
Sumiin avraga tsol kk
2015-07-16
muugii:
Sumiin awarga hahahahahahahahahaha
2015-07-16
зочин:
Хятадаас ирэх жуулчдын тоо буурчихсан гээд Хонконгийг яагаад тусад нь авч үзээд байна???
2015-07-16
Зочин:
сумын аварга??????????
2015-07-16
kub:
avargyn khuu bolokhoor avarga boldog yum bolov uu ... ardyn khuukhduud arai uur tsol avdag yumdaa ...
2015-07-16