Тахимаа унжихгүй, засуулуудаа загнахгүй наадна шүү
2015-07-10

Монгол эр хүн гэж өөр байх. Одоо ховордсон юмдаг уу даа. Өвчүү дөрвөн өндөртэй гулгуулчихаад хул хулаар нь айраг уучихаад дараагийн айлд буухаар мордоод явчихна. Хойд хотонд буугаад дахиад хэдэн өөх хул айраг давуулчихна. Идэмхий өлссөндөө биш л дээ. Тэр хэрээрээ жин даах тэнхээ ордог нүүдэлчний цустай Монгол эр л дээ. Хөдөө бол багаасаа л ноцолдоно, барилдана. Эмнэг адуугаа чихдэж байхдаа наадмын даваагаа төсөөлж зогсдог гэдэг. Тэр хүслээрээ зүтгэж сумынхаа наадмаас дэлхийн дэвжээнд гарсан хүчтэнүүд бий.

 

Дээхнэ үед хөдөөгийн залуус бултаараа хөрслөг болоод барилдаан ч байсан нь аль ч наадмын барилдааныг хурцалдаг байсан гэдэг. Бөх залуусын ёс жудагтай хээ хөөгүй гэж гэж өгүүлшгүй. Ахмадын өөдөөс хөлчүү харах байтугай ташуу харж суухад тархидуулна. Биеэ авч явах нь их өөр. Бурууд гараа хойноо авч ухаанаа урдаа оруулна. Цолтой бяртай байлаа гээд буурлын гэрт үүдэн хоймроос дээшээ гарч суухгүй. Том дуугарч хүүхэд цочоохгүй, гар далайж хүүхнүүд айлгахгүй. Ёс жудаг гэдэг мөн чанараараа оршдог Монголын минь энэ сайхан эрэмбэ наадмаар тод харагдах учиртай.

 

Жалайр овогт Төгсийн Содной гуай   “Монгол бөхийн уламжлалт зан үйл, ёс жаяг” номондоо: Тахим авах, өгөх ёсон бол монгол бөхийн барилдааны нэг эрхэм зан үйл, ёс жудаг мөн. Монгол угсаатны үлгэр туйлсад эсрэг, тэсрэг талын хоёр бөх уулыг тал болтол, талыг там болтол барилдсан тухай гардагчлан баяр наадамд оноо таарсан хоёр бөх зүлэг ногоон дэнжийг зулгартал, зүүмэл хивсэн дэвжээг урагдтал ур ухаанаа уралдуулан, бяр хүчээ шавхан барилдаад нэг нь давж, нөгөө нь өвдөг шорооддог ёсон билээ хэмээн гоё тодорхой зураглалтай өгүүлснийг би вээр иш татах дуртай.

 

За тэгээд жоохон хадуурахад “цэнгэлдэхийн голд хүзүү нь татчихсан юм шиг хойшоо голлоод тахимаа өгдөггүй харламарууд их болж дээ” гэж өвгөд өмөлзөөд байх болж. Энэ үнэн шүү.

 

Хурсан олон наадамчдын сэтгэл хөдлөл ихээ. Дэмждэг бөх нь хөдөлж өгөхгүй, хийчихээсэй гэсэн мэхийг сэтгэж харахгүй уурыг нь барна. Тэгж тэгж зарим нь унаад өгнө. Тэгснээ тахимаа өгөхгүй тойроод алхана. Наадамчид минь яаран бухимдаж хуруу хүлхэн шүгэлдэж, усны саваа шидээд хэрэггүй шүү. Бусдынхаа цөсийг хөөргөж наадмаа үймүүлэхээс өөр сайнгүй. Хүчтэнүүдийнхээ уран мэхэнд нь уулга алдан өндөлзөж, зуузай холбон зүтгэх хурдыг уухай хадаан дэмжиж, хөвчилж тавих нумыг тохой өргөн эрчилж хөөртэй, инээд наргиантай наадацгаавал болоод явчихна даа.

 

Морь ирэх сайхан. Морио давхиулсан наадамчид бол бүр сайхан. Түрүү магнай айргийн тавд бүгд багтахгүй ч тоосоо өргөөд зүтгээд ирэх буянаа харахын баярыг жирийн бид төсөөлөхгүй ч магад. Нэмж хэлэхэд, зүлэгт ногоон талбайд тоодойтол гүйж бөхөө аргадах хэдэн засуулаа загнаад байж болохгүй. Барьц сонгодог болсноос баахан бурууддаг улс нь засуулууд л болсон байна . Заан шиг том бөхчүүдийнхээ гарнаас зүүгдэж барьц зөв бариулах гэдэг бас л ярвигтай ажил байх шүү. Ялихгүй маргаан гарахаар бөхийн засуулыг шүүгч байгаа юм шиг л аашилж загнах болсон байна лээ. Хөөрхий ямар засуул "манай бөх унасан" гээд зогсож байхав дээ. Засуулууддаа хүндэтгэлтэй хандана шүү.

 

За тэгээд айргаа шимж адууны үнэрээр Монголоо мэдрэх наадам наашиллаа. Хар аяндаа л эрчүүд нь омогшуу, эхнэрүүд ганган болоод ирнэ. Хөвгүүд цовоо болж охид даруухан суугаад эхлэнэ. Эрийн гурван наадам хойморлоод ирэхэд ямар ч эр хүний зиндаа дээшлээд ирдэг дээ. Тааруулж татаад, таавар бооцоогоо мэргэн тавиад, азтай одтой сайхан наадвал болоо доо.

 

Наадам нэгээр дуусах биш. Уналаа гээд гудайхгүй, удааллаа гэж гомдохгүй баян ходоодны даага шиг баахан хэнэггүй, байгаагаараа баян сайхан наадацгаая.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Засуул хэцүү ажил. Засч байгаа бөхчүүд нь барилдаж өгөхгүй, баригдаж өгөхгүй зөндөөн удна. Барилдаж байснаа хамараа цэвэрлэхээр яваад өгнө. Заримдаа тухлан байж цайгаа ууна. Унасан бөх унаагүй гэж маргана.Барьц сонгуулахад барьж өгөхгүй цаг барна.Ийнхүү хоёр хөл дээрээ өдөржин зогсоно. Ядарч байхад нь засч байгаа бөхчүүдийн малгайных нь хүнийг яанаа. Малгай барьдаггүй байсан бол ч хоёр хонгыг нь хорстол алагдаад хуурнин шуугитал нь барилдуулах байхаа
2015-07-11
Hulan:
Za hudlaa hoshgiruulaad.ulgert l gardag baih.
2015-07-11
zochin:
Бөхчүүд нь жудагтай, ёс заншлаа сахиж, шударга барилдвал сайхан л байна. Засуулуудад их учир бий шүү. Бүгд ажилаа сайн хий, тэгвэл ок л болно шүү
2015-07-10
иргэн:
Засуул хэцүү ажил. Засч байгаа бөхчүүд нь барилдаж өгөхгүй, баригдаж өгөхгүй зөндөөн удна. Барилдаж байснаа хамараа цэвэрлэхээр яваад өгнө. Заримдаа тухлан байж цайгаа ууна. Унасан бөх унаагүй гэж маргана.Барьц сонгуулахад барьж өгөхгүй цаг барна.Ийнхүү хоёр хөл дээрээ өдөржин зогсоно. Ядарч байхад нь засч байгаа бөхчүүдийн малгайных нь хүнийг яанаа. Малгай барьдаггүй байсан бол ч хоёр хонгыг нь хорстол алагдаад хуурнин шуугитал нь барилдуулах байхаа
HOVDOG TENEG BAIDAL MONGOL HUNII GUNDUUGUI ZAN BI:
MAH OOH HETERTEL IDSEN HUL HULAAR NI AIRAG UUDAG YAVDAL CHIN MONGOL HUNII GAIHUULAH ZAN BISH SHUUDEE ERTNII MONGOLCHUUD AJILSAG HODOLMORCH AVHAALJTAI ER ZORIGTOI SHULUUN SHUDARGA HUNIIG DEEDELDEG BAISAN HETERHII IH IDDEG HUNIIG SAISHAADAGGUI BAISAN BAYRHUU GUAI
2015-07-10