АН –ынхан ханилснаас дутуугүй амрагаасаа хагацахаар хатуу шийджээ. Эвдрэхдээ эвдэрч байдаг ч эрх ашиг нийлбэл тэврэлдэх нь хурдан энэ хоёрын салж сарних ч тийм их шинэ хов биш л дээ.
Салах шийдвэр гаргасан АН зуурдхан амрагтаа 5 зүйлийн гомдох шалтгааныг нэрлэжээ. Үүнийг нь энгийн үгээр буулгавал :
Ажил хийе гэж урьсан чинь манайхныг нүд үзүүрлээд өөрийнхнийгөө гэрт шавуулаад хооллож ундлаад эхэлсэн. Ерөөсөө 3 жилд манайхны хөлнөөс чангааж хормойноос зүүгдэхээс өөр зүйл хийсэнгүй.
Олны өмнө нэг амтай байж, эдийн засгаа хамтдаа босгож байгаа гэж тархи угаана гэж тохирсноо “мурисан”. Ар хударгаар дандаа муулж ах дүүгийн сэтгэлд юм хийхээс өөрийг хийсэнгүй. МАН-тай орооцолдоогүй байхдаа бид айл шиг айл болчих гээд явж байсан. Нийлснээс хойш өөдлөхөө байлаа. МАН бол урьд нь 2000-2012 онд ганцаараа айл явч явахдаа ч ийм л байсан. Юм хийдэггүй . Эцэст нь хэлэхэд одоо болоо. Тусдаа амьдарч сайн хэрүүлчийнхээ ажлыг хий. Бид лав гэртээ байлгахгүй.
Товчдоо нэг иймэрхүү гомдлыг АН -аас МАН-даа хаяглалаа. Үүгээр харах юм бол АН яасан ч гэнэн сэтгэлтэй байсан юм гэж өрөвч нэгэн уярмаар. Сонгууль дөхөж байхад АН-аа МАН магтлаа юу. Ер нь намаа биш улсаа боддог сэтгэл энэ намуудын аль цаг үед нь байсан юм.
Үнэхээр МАН-ын 6 сайд 6 сарын дотор 600 төрийн албан хаагчыг халсан бол товчлол нь “МАН-ын 666” болж байна. Бас л нэг төрлийн өвөрмөц дээд амжилт шүү. Фортуна Батбаярын бөөгийн шившлэгтэй 888 төслийн билэгдлийг бараг л ардаа орхисон байна.
Сэтгэл хувирсан хамтрагч нарт салж сарнихад шалтаг хаа мундах вэ. АН-ыхан МАН-ын сайд нарыг амьдралд нэмэр болсонгүй гэж гомдоод байх шиг хэрнээ ах дүү амраг садныг минь олноор нь халлаа гэдгийг онцлоод байх юм. Төрийн албанд буулга шиг зүтгэсэн хэдэн хүнийг биллиардын шаариг нааш цааш өнхрүүлж нааддаг нь засагт орсон намуудын зугаа болсон ажил. Заавал хийх ажил нь ч мөн юм билээ. Энэнд бид дөжирсөн.
Одоо нэгэнт хоёр амраг салж сарниж байгаа хойно яамдын хэд дахиад л ширээн дээрх бичиг цаасаа эмхэлж хавтсаа тэврээд шинэ сайдын багийнхан гарах хаалгаруу заах нь уу, хүлээлгийн өрөөрүү дохих нь уу гэдгийг харж суух боллоо. Ингэж байхад яаж төрийн ажил хэвийн явах юм бэ. Оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан сууж боловсруулж нухаж суусан хэдэн хавтас болох төсөл бичиг баримт нь нэг л өдөр “сансел” болохын цөхрөл доромжлолыг төрийн албанд хоёргүй зүтгэсэн хэдэн буурлууд нь сайн мэдэж байгаа. Тэд гэхдээ ясны төрийн хүн учир “би ингэлээ тэглээ” гэж намуудын хэд шиг гоншигонохгүй л дээ. Цүнхээ сугавчлаад гараад л явчихна. Өнөө зусарч хэд нь үлдэх алуураа хийгээд эхэлсэн байгаа байх. Улаанбаатар ззэнгүй яамд, агентлаг төрийн байгууллагуудтай зусдаг байсан бол одоо сайдгүй яамдуудтай намрыг хүлээх нь дээ. Зун нь зогсоод намар ажилладаг, цас бороо шиг улирлын давтамжтай хувиарт орчихсон ийм төр өөр ямар улс оронд байнаа.
Наадмаар салж сарниж байгаа болохоор одоо салчихад манайхан тоохгүй гэж АН тооцоолсон л байх. МАН бол шартай бэлтэй хамтран амьдрагч. Зүгээр нэг хаяагдчихгүй. Нэг дэх өдөр нэг юм дуулгасан хатуухан мэдэгдэл бэлдэж аппаратаараа хөдөлсөн байгаа. Салж буй хоёр ингэж ээлжлэн дэмий үг хаялцаж ах дүүсээ залхааж байхаар 6 сарын хугацаанд сайдууд нь юу хийснээ, нэгнийгээ хэн нь яаж араар нь тавьсанаа, хэдэн гэрээ үзэглэж ямар асуудлуудыг шийвэрлэснээ ил тод тайлагначихаасай.
Жирийн олны өмнөөс халаглахад хамгийн богино настай эвслийн болзлыг хангаад байгаа энэ засаг бидний амьдралд тустай юу ч үлдээсэнгүй нь харамсалтай.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/