Ерөнхий сайдын аяны богц
2015-06-30

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа аваад зургаан сар болж байна. Бүхний түрүүнд, түүний дараа, удаад нь ч эдийн засгийг тавьсан Ерөнхий хагас жилийн хугацаанд хэд хэдэн гадаад айлчлалыг хийв. Сүүлийн үед ч бүр бууж мордож, эх орондоо тогтохоо болив. АНУ-аас буунгуутаа Англи руу морджээ.

 

36+8 тэрбум иен

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамгийн анхны гадаад айлчлал Японд байлаа. Энэ айлчлалаас Засгийн газрын тэргүүн том олзтой ирсэн. Сүүлийн гурван жилийн турш яригдсан Монгол-Японы Эдийн засгийн хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулсан нь Ерөнхий сайдын хувиар хийсэн том ажлын нэг байв. Энэ хэлэлцээрийн хүрээнд Монгол-Японы худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын харилцаа илүү ойр дөхөм болох гарц нээгдсэн. Үүнээс гадна Ерөнхий сайд Японы айлчлалаас Хөшгийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд нэмэлт хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Нийт 36 тэрбум 850 сая иений хөнгөлөлттэй зээлийг авч, шинэ бүтээн байгуулалтаа цааш явуулах боломжийг бий болгосон.

Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны банкны дэд Ерөнхийлөгч К.Яжима 8 тэрбум иений зээл олгох хүсэлтэй илэрхийлж,  Ерөнхий сайдаас бодит ажил болгож өгөхийг хүссэн. Японы хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож буйн илрэл болсон энэ санал уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт шинийг эхлүүлэх, өргөжүүлэх санхүүжилт болох учиртай.  

 

Ийн Ерөнхий сайд анхны гадаад айлчлалаараа Монгол-Японы стратегийн харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх баримт бичгийг баталгаажуулж, тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалтыг “өвөртөлж” ирлээ.

 

Дубайн гэрээ

 

Үүний дараа Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийсэн. Байшин барилга, хөгжлөөрөө ч тэнгэрийг баганадсан энэ улсад хийсэн түүний айлчлал Монголын эдийн засагт уянгалаг чимээг дуулгаж, дэлхий ч Монголыг сонирхох нэг сэдлийг бий болгосон. Тэр нь “Дубайн” гэж нэрлэгдээд буй гэрээ. Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч болоод буй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хөдлөх боломжтой болсон энэ үйл явдал алсын Дубайд өрнөсөн нь шинэ соргог чимээ байлаа. Монголыг асуудлыг Дубайд шийдсэн нь хэсэг бүлгийн дургүйцлийг төрүүлсэн ч тэр нь асуудал гацахгүй урагшлах гарц болсныг ч үгүйсгэмгүй. Ингэснээр татварын 30 сая ам.доллар шийдэгдэж, эхний ээлжийн зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол руу урсах гарц нээгдсэн юм.

 

Үүнтэй зэрэгцэн яригдсан өөр нэг хөрөнгө оруулалт нь бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын санхүүжилт. Арабын СIB санхүүгийн групп Монголд хөрөнгө оруулалтын сан байгуулж, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахаа мэдэгдэж, санамж бичгээр баталгаажуулав.

 

Мөн энэ айлчлалын үеэр Монголоос нэг сая толгой малыг Араб руу экспортлохоор болсон. Монгол-Эмиратын хооронд шууд нислэгтэй болох, давхар татвар болон хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах зэрэг асуудалд дорвитой ахиц авчирсан энэ айлчлал Ерөнхий сайд хувьд хамгийн том шийдвэр гаргасан алхам байлаа.

 

Эргэж сэргэсэн итгэл буюу 20 сая ам.доллар

 

Ерөнхий сайдын дараагийн айлчлал хойд хөрш ОХУ-д байв. Петербургийн олон  улсын эдийн засгийн  чуулга уулзалтад оролцох далимаараа бодит хөрөнгө оруулалтыг ч авчирсан. Нийслэлчүүдийн 80 хувийг дулаан, цахилгаанаар хангадаг IV цахилгаан станцын өргөтгөлд зориулан 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ОХУ-ын Внешэконом банкнаас татахаар болж, гэрээ байгуулав. ОХУ-ын Хөгжлийн банк манай улсын эртний түнш. Социалист нийгмийн үед баригдсан Улаанбаатарын хорооллуудыг энэ банк санхүүжүүлж байжээ. Гэвч сүүлийн 30 жилд энэ банк Монголд дахин хөрөнгө оруулалт хийгээгүй аж. Нэг үгээр хэлбэл сүүлийн 30 жилийн турш тасраад байсан Оросын том банкны итгэлийг эргүүлэн авч, хөрөнгө оруулалтын урсгал эхэлсэн нь айлчлалын том ач холбогдол байлаа.  

 

Мөн айлчлалын үеэр Ерөнхий сайд ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай уулзаж, зарим тохиролцоонд хүрчээ. Тухайлбал Ерөнхий сайдын гаргасан хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн асуудлуудыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд хүргэдгээ одоо зогсооё гэсэн  саналыг Оросын тал хүлээн авчээ. Ингэснээр Монгол Улсад орох хөрөнгө оруулалт нэмэгдэж, томоохон төслүүд урагшилна хэмээн үзэж буй.

 

Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалаараа нэг байрандаа эргэлдсэн зарим асуудлыг шийдвэрлэх, гацсан ажлаа урагшлуулах зорилго тавьсан. Энэ зорилгоо Оросын төрийн тэргүүний түвшинд ярилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр саналд нэгдсэн нь айлчлалын үр дүн байв.

 

Дэлхийн банкны 100 сая ам.доллар

 

Хойд хөршөөс эх орондоо буусан Ерөнхий сайд эргээд АНУ-руу мордов. Түүний АНУ-д хийсэн айлчлал хөрөнгө мөнгө гэхээсээ илүү оюунлаг чиглэл руу хандсан гэж болно. Айлчлалынхаа эхэнд Станфордын Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессортой уулзаж, элэгний вирусын эсрэг эм үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах талаар ярилцсан. Эхний ээлжинд 20-40 сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хамтарсан үйлдвэр байгуулах асуудал манайд чухал хэрэгцээтэй зүйлсийн нэг. Мөн алдарт Билл Гейтсийн үндэс суурийг нь тавьсан Майкрософт Корпорацийн Инноваци, бодлогын төвөөр зочилжээ.

 

Техник технологи, био технологийн салбарыг түлхүү сонирхсон айлчлал хөрөнгө оруулалтыг ч мартаагүй. АНУ-ын арилжааны томоохон банкуудын нэг "Жи Пи Морган" банктай 450 сая ам.долларын дүрмийн сантай хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар ярилцаж, талууд тус бүр 200 сая ам.доллар гаргахаар тохиролцжээ. Мөн энэ айлчлалаар Дэлхийн банкны 100 сая ам.долларын дэмжлэгийг авч чадсан. Энэ хөрөнгө улсын төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Худалдааны танхимын бизнес форумд оролцохдоо “Миний удирдаж буй Засгийн газрын тэргүүлэх чиглэл бол эдийн засаг. Монгол Улс урт хугацаанд таны бизнесийн найдвартай түнш байх болно. Тиймээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байна. Бид шинэ санаа, бүтээлч хөрөнгө оруулалтыг хүлээн авахад бэлэн байна” хэмээн мэдэгдэж, АНУ-тай дотносох саналаа илэрхийлжээ.

 

Ийн Монгол Улсын Ерөнхий богино хугацаанд дэлхийн эдийн засгийн төв болсон дөрвөн улсад айлчлал хийлээ. Айлчлал бүрт чухал асуудал яригдаж, шийдлүүдэд хүрсэн. Тэр дундаа манайд чухал шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт, санхүүжилтийг ч тодорхой хэмжээгээр татаж, нэн тэргүүнд тавьсан эдийн засагтаа нэмрийг авчирлаа. Тэрбээр өнөөдөр Английг зорьсон. Дэлхийн өндөр хөгжилтэй энэ орноос Ерөнхий сайд аяны богцондоо юу тээж ирэхийг харж, хүлээж л байя.

 

В.Бат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
дахиад өр нэмэхээр явсан та бид бидний хойч үеийнхэн татвараар өрөө төлөх болно
2015-07-01
үнэгүй бяслаг хавханд байдаг гэсэн байх аа:
Зүгээр авсан бол ч баярлахаар л байлаа би зээлээд та нар төл гэж байгаа бол май чи гэж хэлмээр байна
2015-07-01
бөөн өр:
Авсаны эцэст төлдөг Төрсөний эцэст үхдэг жамтай !!! Өрөө юугаар төлхөө бодоорой Сайханбилэг гэдэг хүн гуай.
2015-06-30
оогий:
Ерөнхий сайдын аилчлалдаа амжилт хүсье
2015-06-30
Амжилт:
Асар их баялгаараа барьцаалж мөнгө босгох нь зөв л шийдэл Энэ мэт асуудлаа шийдвэрлүүлж байгаа улс гүрнүүд олон байна Нээх мундаг шударга царайлж хойч үедээ өр үлдээлээ ч гэх шиг Чингис Самуурай бондноос зээл авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон үйлдвэрүүд бий болсон чухал үр ашиг бидэнд байна МАНгарууд авсан зээлээ тараагаад идэж хуваагаад дуусдаг Харин Алтанхуяг Сайханбилэг нарын массны ажил энэ улс орны төлөө гэдэг нь илт байгаа
2015-06-30
СУНДУЙ:
АРДИЙН НАМИЙХАН ЗАЙГАА ТАВИАД ӨГӨӨСЭЙ ДӨӨ ХАМТАРСАН НЭРТЭЙ БААХАН ШАВАР ХААХ ЮМ ДАА
2015-06-30
irged:
ardiin namiihan yu hiisen ym bee ard olond baahan belen mungu taraaj ugch baahan urundl oruulsan bh shv ene uriig ni ardchilsan nam darah gej hemeg muugaaraa duuduulaadl ywj bna shv dee
2015-06-30
baagii:
ard olon niit tegej muugaar bodohgvil bga harin ch ene ulsiig urund oruulsan uls bol ardiin namiihan shv vvniig hen ch helj chadna
2015-06-30
зочин:
Энэ орон өрөнд баригдаж, өтөнд зулгаалгаж дуусах нь. Баахан өр төвьчихаад богц могц гэж яриад яах вэ? яаж төлнө дөө хойч үе маань хэцүү боллоо
2015-06-30
зочин:
Энэ их мөнгөний ихэнхийг АН-ынхан иднэ, Самурай , Чингис бонд шиг, тэгээд ард түмэн өрийг нь төлөх байх даа, яана даа, яаж энэ АН-аас сална аа,
2015-06-30