Монгол олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүндэт эрхэм хүний ач охин таны ажил үйлс өөдрөг амьдрал түвшин сайхан байгаа биз ээ.
Хүндэт Анастасия.
Тээр холын үл мэдэх улс орноос бус түвшин сайхан буурал өвөөгийн тань нутгаас энэхүү захидлыг чамд хаяглаж байна. Юун түрүүн чамд хүүхдийн баярын мэндийг хүргэе.
Үүнийг бичигч би ч, захидлыг хүлээн авах чи ч хүүхэд насаа үдэж инээд баяслын эзэд нялх үрсийн баярт хамаарахгүйг болсныг ойлгож байна. Гэхдээ чи бол Монгол төрийн тулгуур байж улс орныг жолоодсон түүхэн буурлын өвөр дээр нялх бага насандаа эрхэлж тоглосон зээ охин нь тул чамтай энэ баярын мэндийг хуваалцаж байна. Өвөө чинь амьд сэрүүн байсан бол үүнээс хавьгүй гоё эхлэлтэй гүн ухаарал ойлголттой захидлыг чамд хаяглан бичих байсан байх. Гэвч тэр хүн одоо бидний дунд алга. Зөвхөн сайн сайхнаар дурсах л үлджээ.
Чи МҮТВ-д өгсөн ярилцлагадаа ... Жоохон хүүхэд албан тушаал зэрэг зиндаа гэж мэдэхгүй. Хүүхдийн нүдэнд бүх юм тоглоом шиг харагддаг. Хүүхдийн сэтгэл ертөнц дэлгээтэй бүх юмыг дүрлийтлээ хардаг. Бүх хүнийг найзаа гэж боддог... гэж хүүхдийн гэгээн орчлын тухай сайхан хэлсэн байна лээ.
...Миний хувьд өвөө эмээ хоёр эгэл жирийн л өвөө эмээ байсан. Би өвөөтэйгээ зусланд зугаалж байснаа, горшокон дээрээ сууж өвөөтэйгээ номыг нь булаацалдаж байснаа санадаг ... гэж чи бас дурссан байсан. Чиний балчир насанд үлдсэн тэр жирийн өвөө тань Монголчуудын хувьд эгэл бус хүн байсан юм. Энэ тухай хойно товч өгүүлэхийг хичээнээ.
Хамгийн сүүлд өнгөрсөн жил чи өвөөгийнхөө хайртай эх орон Хөх тэнгэрийн Монгол орондоо зочилсон. Манайхан халуун дулаан угтсан гэсээн. Анх чамайг 2005 онд ирж байхад чинь зарим талаараа хүйтэн хөндий хандлага мэдрэгдсэн ч байж магад. Цаг хугацаа гэх урсгалд элгэн олон бид бодлын буруугаа угааж ухаарлын зайд гарсан нь олон. Тэгээд ч чиний өвөөгийн хөдөлмөр зүтгэл тэр дундаа Монголоо гэсэн чин сэтгэлтэй улс төрч байсныг өдгөө хоёрдмол байр суургүй хүлээн зөвшөөрсөн цаг үе ирж байгаа нь сайхан.
Чи 1985 онд төрсөн. Үхэр жилтэй юм билээ. Тэгэхээр одоо 30 нас хүрч байгаа юм байна.
Өвөө чинь чиний энэ насан дээр Монгол улсын төрийн жолоог атгалцах босгон дээрээ ирээд байсан гэдэг. Тэрээр хойно /ЗХУ-д/ боловсрол эзэмжшиж ид залуу 23- хан насандаа Сангийн яамны дэд сайд, сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэх явсан байдаг даа.
Тэгээд 26 насандаа МАХН-ын дарга, 30 наснаасаа Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны даргыг хийж явсан. Дараа нь Монголын нам төрийн тэргүүн улсын удирдагч болсон. Үүнийг чи ааваасаа олонтаа сонсож мэдсэн биз.
Тэр цагийн Монгол орон минь ч өөр байсан. Хүн зон хэлмэгдэн туйлдсан төдийгүй хөгжлөөрөө хоцрогдсон байсан цаг үе байсаан. За ингэсгээд одоо хоёулангийнх нь мэдэх түүхийг товчильё. Улаан “галстук” хүзүүндээ зүүж Монгол хүүхдүүдийн дунд сэтгэл дүүрэн инээх чиний эмээгийн хөрөг фото хүүхдийн баярын өдрийн дотно зургаар олон хүний сэтгэлд үлдсэн байдаг. Тэдний нэг нь захидлыг бичигч би.
Би тэр цагийн залуусын нэгэн адил ажил хөдөлмөртөө амжилт гаргаж Ардын Их хурлын танхимын сүрт индэрээс нижигнэсэн алга ташилт дор бууж байна гэсэн сэрүүн зүүднээсээ сэрж ядсан социалист орны хүү байсаан. Бусдын л адил эх орондоо хайртай, хөдөлмөрлөж хичээж байж зорилгодоо хүрэх ухаарал хүмүүжлийг олж авсан жирийн нэг хүүхэд байсан. Дарга болох биш хот хороолол босголцож “каск “малгай өмссөн инженер болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ сэтгүүлч болсон юм.
Эмээгийн чинь тухай өгүүлэх дурсамждаа эргэн орьё. Монголын төрийн тэргүүний гэргий байж бүх амьдралаа энэ оронтой холбох хувь заяаны талбарт гарч ирсэн чиний эмээ Цэдэнбал Филатовагийн Монголын хүүхдийн төлөө хийсэн санаачилсан зүйл нь өндрөөр үнэлж, томоор тоочиж болохоор их юм.
Чиний эмээ Монголын Хүүхдийн төлөө фондыг үүсгэн байгуулж, түүнийгээ өөрөө удирдан бодит ажлуудыг хийдэг байсан. Тэр үеийн улсын удирдагчийн эхнэрийн хүсэл үлгэрт гадаг алтан загасны таалал шиг биелэх хэдий ч тэрээр энэ боломжоо хувийн эрх ашиг, өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлэхийн тулд ашиглаагүй. Эрх мэдэл боломж бүхнээ хөгжиж буй Монголын ирээдүйн төлөө зориулж их юм хийе гэж шийдсэн өндөр мэдрэмжтэй “БЭР” байсан гэж би хувьдаа үнэлдэг.
Хүүхдийн баяраар таван төгрөг тас атгаад очиход өдөржин тоглож “гулядаж” болдог хүүхдийн Паркийг танай эмээ зүтгүүлэн хөрөнгө гаргуулж байгуулж байлаа. Шинэ тутам хөгжин тэлж буй хот хүүхдийн паркгүй байж болохгүйг тэр үеийн олон сэхээтнүүд мэдэрч байсан байх. Гэхдээ үүнийг санаачлаад, төгс хийж дуусгах боломжийг атгасан хүн нь Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова байсан. Энэ эмэгтэй өөрт байсан өргөн боломжоор эрх мэдлээр хувиа бодсон өөр зүйл хийхийг хүсч болох л байсан байх. Монголд тодорхой бодлого явуулдаг том гүрний “хүн” байсан боломжоо тэрээр бидний хүүхэд залуусын төлөөх үйлсэд ашигласан байдаг. Нэг сайхан дурсамж сонссоноо бичих үү дээ.
1974 оны 11 сард Монголд ЗХУ-ын тэргүүн Л.И.Брежнев айлчлан ирэхэд танай эмээ /Цэдэнбал Филатово / “Монголын хүүхэд залуучуудад та жинхэнэ бэлэг үлдээх ёстой шүү” хэмээн эвтэйхэн шахаж байсан гэдэг. Энэхүү шаргуу хүсэлтийн эцэст зочин Л.И.Брежнев дарга танай өвөө эмээ хоёрын гэрээс Москваруу дарга Суслов руу шууд утсаар ярьж зөвлөн Монголд Хуримын ордон, Залуу техникчдийн ордонг барьж өгөхөөр болж дээ. Хүүхэд, залуучуудад зориулсан гээд яривал манайдаа зууны барилга байгууламжинд тооцогдох Хуримын ордон, Залуу техникчдийн ордон ингэж танай өвөө эмээгийн гэрийн дайллага цайллага дээр тун хурдан шийдэгдэж байсан дурсамж байдаг юм билээ.
Энэ бүхнийг хүүхдийн баярын босгон дээр чамтай хуваалцахад сайхан байна. Чамд, чиний гэр бүлийнхэнд ч сайхан дурсамж болно гэдэгт найдаж байна. Цааш нуршихад 1972-84 оны хоорондох арван хоёр жилийн дотор манай орны 18 аймаг, УБ, Эрдэнэт, Дархан хотуудад хүүхдийн цэцэрлэг-ясли, соёл боловсрол, эрүүл мэндийн цогцолбор барилгууд сүндэрлэн боссон байдаг. Энэ бүтээн байгуулалт танай эмээ Анастасия Ивановна Филатовагийн амьдралын замналтай холбогддог. Энэ бол танай гэр бүлийн хувьд бахархал мөн байх. Ийм том бахархалтай зээ охин тэр бүр байхгүй шүү.
Монголын хүүхдийн ордон, Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан. Энэ бол одоог хүртэл дахин давтагдаагүй байгаа хүүхдийн төлөө хийсэн том хөрөнгө оруулалт.
Сэтгэл хөдөлж дахин нэг дурсамж өгүүлэхэд тэр үеийн цорын ганц телевизээр “ Мы поедьем Артеке ” гэж хүүхдийн уралдаант нэвтрүүлэг явдаг байлаа. Энэ нэвтүүлгээр улбаалж сурлага авьяасаараа манлайлж ЗХУ-ын хамгийн том хүүхдийн зусланд хар далайн эрэг дээр амрах мөрөөдөл хүүхэд бүрт л байсан. Гэхдээ үүний наана “ОУ-ын Найрамдал” зусланд амрах эрхийг авна гэдэг ном эрдэмдээ их хичээх том босготой байлаа даа.
Өвөө болоод тэр дундаа эмээд чинь хатуурхсан цаг үе бидэнд байсан. Энэ бол харамсалтай хэрэг. Гэхдээ энэ бүхэн ард үлдэж тэдний үйлс зүтгэл үнэн зөвөөрөө дурсагдаж байгааг харж буй чи азтай л байна. Чиний өвөө эмээ аав бүгд л энэ цаг үе ирнэ гэж итгэж хүлээж байсан байх.
Өнгөрсөн жил чамайг үүгээр ирэхэд Увс аймгийн настайчууд Цэдэнбалын зээ охинтой уулзлаа гээд нулимс унагаж байгааг хараад сэтгэл чинь их хөдөлсөн гэсэн. Тэр хүмүүсийн нүдэнд байсан дулаан харц, халуун сэтгэгдэл хот газар ховор үзэгдэл гэдгийг чи онцлон хэлсэн байна лээ. Ухаантай л охин юм гэж чамайг хүмүүс үнэлсэн.
Москвад өссөн хэрнээ чамайг Буддын шашинтай мөн Англи,Франц, Герман хэлтэй өндөр боловсролтой гэж сонссон. Одоо Монгол хэлээ сайн сурч байгаа гэж найдаж байна.
“... Эмээгээ маш хатуу зан чанартай, сэтгэл хөдлөл ихтэй хүн байсан гэдгийг би мэдэрдэг байсан. Гэхдээ энэ нь ихийг хийж бүтээхэд хөтөлсөн байх. ... Бид бүгд хүн шүү дээ. Хүмүүсийг хийсэн бүтээснээр нь дүгнэх хэрэгтэй юм гэж бодож явдаг. Би эмээ өвөө хоёрынхоо хийсэн бүтээсэн зүйлийг нүдээрээ харж байна. Тийм болохоор би өвөө эмээ хоёроороо их бахархаж байна.“. Чиний энэ үг танай хоёр буурлын амьдралын олон үнэнийг базаж хэлсэн үг гэж би бодож байна.
Нутаг орноо харж зон олонтой уулзаж сэтгэл зүрхээрээ уугуул нутгаа мэдэрсэнээ мөн ярьсан байна лээ. Энэ ч бас их аз шүү. Өвөө чинь чиний энэ үгээр эх орон тусгаар тогтнол нь хэвээр, нутаг орон нь налайн цэлийж, эгэл олон нь өөрийг нь сайнаар дурсаж байгааг сонсох байх аа. “ Миний судсаар баатарлаг Монголын цус урсаж байгаа гэдгээр би бахархдаг” гэсэн чиний үгээр би хувьдаа бас бахархаж байна.
Захидлын төгсгөлд залуу хүнтэй хөнгөн хөгжилтэй зүйл ярья даа. Миний ойлгосноор чи гэрлээгүй байгаа юм шиг билээ. Цаашдаа МУ-ын иргэн болж хайртай хүнтэйгээ эмээгийнхээ байгуулсан “Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийхийг хүсдэг гэж нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна лээ. Хүсэл тань биелэх болтугай. Эрдэм боловсролтой эх оронд минь хэрэгтэй “сайн хүргэн” дагуулж ирээрэй гэж хошигноё доо.
Монголын төрийн удирдагч хүндэт хүн Монгол улсын Маршал Ю. Цэдэнбал агсны зээ охин чамд хүүхдийн баярын мэнд хүргэж захидлаа өндөрлье. Нэгэн цагт чиний эмээ өвөө хоёр энэ гэгээн баярын хойморт хамгийн хүндтэй хүмүүс байсаан.
Хүндэт Анастасия. Нарлаг Монголдоо ирж амьдралын нэгэн шинэ үеэ урам зориг дүүрэн эхлүүлэх хүслээ гүйцээж бидэндээ дахин зочлоорой.
Анастасия Зоригновна Цэдэнбал -д.
Шууд хаяглан бичсэн ШУДАРГА ШУУДАНЧ