МОНГОЛ хүндээ БИД
2015-05-31

МОНГОЛ хүндээ БИД

 

Хүлээгээд л байлаа. Туулыг аврах хэдэн ч хөдөлгөөн ТББ, төсөл хэрэгжүүлэгчид байдаг билээ. Таг шүү. Тэднийг бос жагс гэж уриалахыг нь хүлээсэнгүй. Тулгарсан бэрхшээлийг ойлгож гурав хоног усаа яаж шийдэж Туулаа цэвэр авч үлдэх вэ гэсэн арга зам хайж нийгэмдээ нэг санаачлага гаргах юм болов уу гээд харлаа.

"Их Уст Туул” зэрэг билэгтэй сайхан нэртэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч Туулын ус ширгэсээр л байгаа. Гурав хоног бидний бохирыг урсгах тулгалтад орчихоод юу болж байгааг үл мэдэх нялх хүүхэд шиг мэлмэрэн урсах хатан Туулаа өрөвдлөө.

 

Мод тарих, хандивын тоглолт хийх, хэвлэл мэдээллээр бачимдсан ярилцлага өгдөг хатан Туулд онцгой хайртай хэсэг нөхөд хаачив. Туул гол туйлдан урсахын бурууг  энэ хэдэн хөдөлгөөнд чихэх гэсэнгүй.  Яг одоо тулгарсан байгаа цэвэр усны байгууламжид хийх гурав хоногийн засварын үеэр Туул голруу шууд бохироо урсгачихгүй байх арга замыг хамтдаа хайгаач ээ л гэж “хатгаад” байгаа юм. Албаны хүн шууд хэлж чадахгүй тулгамдаад байгаа болохоос санаа нь Нийслэлийн иргэдийг гурав хоног усны хязгаарлалт хийлгэхийг зөвшөөрч дор бүрээ амиа аргалчихаач дээ гэх гээд байна лээ.

 

Үүнийг ойлгож дэмжих иргэд олон байгаа. Эдгээр эерэг бодолтой байгаа иргэдээ нэгтгээд уриалаад тодорхой санаачлага арга замыг хэлэлцүүлээд санаа нь хоёрдоод байгаа олныг араасаа дагуулаад эхэлбэл болохгүй юмгүй.

 

Ер нь бол Нийслэлийн төр захиргааныхан энэ асуудлаа эртхэн тавьж шийдвэр гаргах түвшинд асуудлыг оруулж засвар хийх үеэр амралтын өдрүүдийг шахах байдлаар иргэдийг гурав хоног амраах юм уу, дараа нөхөн ажиллуулахаар зохицуулалтыг хийж нэгдсэн арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Хийсэн зохицуулалтыг нь эсэргүүцвэл харин “тэгвэл Туул голоо та бүхний бохироор дүүргэе дээ” гэсэн тулгалтыг хэлээд суучихаж болох юм.

 

Тэмдэглэлт ой, баяр наадам болохоор амралтын өдрүүдийг хөдөлгөж нийлүүлж бөөндөх ажлыг хийж л байдаг. Нөхөөд ажиллаж л байдаг. Энэ тийм шинэ санаачлага , нүсэр зохион байгуулалт биш. Нэг өдрийг авто машингүй болгочиход хүмүүс алхаж л байдаг. Гурван өдөр усгүй байя гэвэл нийслэлийнхэн гол  усныхаа ариун сайхныг  бодоод хөдлөх л байх.

 

Монголчууд хэчнээн хотжиж хүний мөс нь муудсан ч гол усруугаа “сариад” зогсож байх хэмжээнд нийгмээрээ ухамсар нь бохирдож Монголоо алдчихаагүй байгаа. Үүнийг одоо л харуулах цаг. Насаараа тэжээлгээд нэг өдрийн ач гэдэг шиг бидний үе удмыг зуун зуунаар ундалсан Туул голдоо яаж хандахаа одоо харуулах цаг ирээд байна.

 

Нам байгуулах гээд хахир хүйтэнд талбай дээр гараад суучихдаг улс төрчид одоо зуны дэлгэрт хөдлөөд гурав хоног “усаа зохицуулах” санаачилга хөдөлгөөн эхлүүлчихэд л рейтэнг оноо нь суга дээшээ явчихмаар л санагдах юм. Сошиал гэсэн том сүлжээ бэлээхэн байж л байна.

 

Хотын захиргааныхан төрийн байгууллагын ажилчид гурав хоног  гэр хорооллын  хороодод очиж ажлаа хийх хэрэгтэй. Хотоо тойрсон гэр хороололд таран байршиж чиглэл чиглэлээрээ явж амьдралыг нүдээрээ харж асуудлыг шийдэж ажиллах хэрэгтэй. Гэр хорооллын өдөр тутмын амьдралаар л гурав хоноцгооё л доо. Туулд бохироо урсгана гэж байхаар харин ч энэ гурван өдөрт Туулын эрэгт мод тарьж цэвэрлэгээ хийж өнжицгөөе л дөө. Яг үнэнийг шулуухан хэлэхэд төрийн байгууллагуудын ихэнх нь зун бол ажил хийнэ гэж гурилддаг шүү. Тэгж байхаар шулуухан хотоороо хөдөлж Туулын эрэг, гэр хороолол хоёр дээрээ бужигнаад гурав хоногийг өнгөрүүлсэн нь дээр байх шүү.

 

Хүй долоон худаг дээр хаана нь цэвэр бохир усны хоолой байдаг юм. Байхгүй шүү дээ. Наадмын комисс гэж байгуулагдаад улсын баяр наадмаар Нийслэлийнхэн бараг бүгдээрэ энэ хөндийд гурав хоног байж элдэв бохирын асуудлаа шийдээд наадаж наргиад байж болдог шүү дээ.  Хүсвэл гэдэг шиг Туул голруу бохироо цутгахгүй бас байгууллагын засвар сэргээлтийн ажлыг тасалдуулахгүй шиг гурав хоног сэтгэл санаачилгаараа хөдөлчих арга зам зөндөө л байна. Бүхний манлайд явдаг ОНБ-ууд, Уул усандаа хайртай Иргэний хөдөлгөөнүүд, Оюутан залуусын холбоод, Ахмадын зөвлөлийнхөн, Хатан туул, Сэлбэ голоо аврах хөдөлгөөнийхөн хаана байна та нар минь. Гараад ирцгээ.

 

Хүмүүс та нарыг, санаачлан манлайлахыг хүлээж байна. заавал цалингаа нэмүүлэхийн төлөө,, хувьсгал хийхийн тулд жагсдаг биш шүү дээ. Туулаа гурав хоног тунгалаг байлгах хөдөлгөөнийг маргаашнаас эхлүүлцгээе л дээ. Цаашдаа нийтэрээ хөдөлж нэгэн санаа зоригоор бэрхшээл хүндрэлийг даван туулах их үйлсийн эхлэл болохыг хэн үгүй гэх юм.

За тэгээд уул уурхай, улс төрийн сэдэвт болохоор гар татдахгүй "Лайк", "Шайр" хийдэг мөртлөө ус мөрнөө аварья гэхээр таталдаад байж болохгүй шүү. Дэмжиж байгаа хүн бүр "шайр" гэдэг дээрээ ганц дараад байгаарай даа.  

 

“Төөрсөөр төрөлдөө” УСК –нд  БАЛТ хэлдэг. “За Балтаа чи одоо хэн төдийгүй хэний талын хүн болохоо харуулна шүү ... гэдэг. Нийслэлийн иргэд минь. Одоо бүгдээрээ хатан Туулдаа хайртай төдийгүй уул ус гол мөрөндөө хайртай МОНГОЛ хүн болохоо харуулна шүү.  Усны эхийг бохирдуулдаггүй, уулын чулуу хөнддөггүй. Овоо тахиж бороо оруулдаг увидастай Монгол хүндээ бид.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hen tsoonh bn ter eronhiilogch bolj bolohgu
2015-06-01
Зочин:
tavan tolgoig dahij muu geree boloh gej il hardahgui baival shudarga geree avtomataar bolj batlagdana
2015-06-01
zochin:
tuulaa avraya 3 honog ih bishee baga hugatsaa tesne shd
2015-06-01
өөдрөг:
өөдрөгөөр харцгаая л даа. Бид чаднаа ... Харсаар байж бохироо туулруу урсгаад яаж паалантай жорлондоо хүндэрч суух юм бэ.
2015-05-31
Eej:
3 honog usaa argaltsgaaya. Tuulaa avariya
2015-05-31
чадахгүй л дээ:
Монголчуудаас тийм эх оронч сэтгэл гарна гэж үү? Үгүй байх аа.ТББ байгуулж тамга өвөртөлж төсөлийн мөнгө зүүдэлсэн худлаа баагийнууд,эсвэл эх орон гэж цээжээ дэлдэж санаачлага болгоныг дэгээдэж унагадаг бие даагчид,нам дагаж далдганадаг хөдөөнөөс ирсэн цүнх баригчид,мөнгөөр зодож сонгууль луйварддаг их хурлын гишүүдэд энэ талаар бодох сэтгэлийн тэнхээтэй хүн байхгүйээ.Тэгээд ч туул гол бохирдох нь улаанбаатар хотынхоны асуудал болохоос монголын асуудал биш байлгүй дээ.Улаанбаатарт чино хотын хүн гэж ерөөсөө байхгүй бүгд хөдөөнөөс ирсэн юм гэнэ лээ.УЛААНБААТАР БОХИДЛОО СОЁЛТОЙ БАЙЦГААЯ гэхээр бид бүгд билэг танхай хөдөөний хүмүүсээ битгий солиор гэдэг улсууд нетээр дүүрэн шүүдээ.
2015-05-31