Тэднийх хэр айл юм бэ дээ
“Сайхан айл байна лээ” гэж ороод гарсан нэгэнд магтуулах гэж хичээх нь юу нь буруу гэж. Тав тух, эд баялаг, зан харьцаа гээд цай уух зуурт нэг айлчлалаар өрх айлыг үнэлчихээд гараад явчихдаг айхтар зочид бий. Ийм зочдод таалагдах гэж хэт улайрвал тэгээд дэмий л дээ. Байдгаа барах хэрэг болно. Цаад утгаараа үнэхээр сайхан гэр бүл айл байх бол өөр ойлголт байх.
Амьдралд энгүүн сайхан хэрнээ чихэнд дотно танил болсон үг яриа их байдаг. Бид энэ сайхан өгүүлэмжийг бусдын ярианаас сонсох ч өөрөө бас өрөөл нэгэнд хэлдгээ сайн анзаардаггүй ч юм шиг.
Манай хүн
... Би ингэж бодоод, хэлээд тэгсэн манай хүн ингэнэ ээ... Нээрээ үнэн ч юм шиг .... гэж бусгүйчүүд өөр зууртаа ярих нь сонсогдоно. Манай хүн гэдэг нь хайртай ханиа хэлж буй хэрэг. Ханийнхаа хэлсэн үг түүнээс авсан нэг ухаарлаа хуваалцаж буй нь тэр. Цаанаа бас ханиа ухаантай гэж найзууддаа “рекламдсан” цагаахан илүүрхэл ч явж л байдаг шиг. Манай хүн гэсэн энэ үг нь “миний хайртай сайхан эр хүн “ гэсэн бахархал, хайр бүгдийг нь даагаад явчихаж байгаа юм.
Нэгэн үзүүрт сэтгэл
Энэ үнэхээр сайхан үг. Монголын цэргийн жанжин цэх шулуун хувьсгалч эр хүрээний олон ардын өмнө хэлсэн үгэндээ энэ үгийг оруулсан нь хожмоо улс төрийн шигтгээ үг ишлэл болсон тул жирийн иргэд “ том үг ” гэж ойлгох хандлагатай тэр бүр хэлэхгүй болсон.
Уул шугамандаа гэдгээр бол бид тэр бүр анзаардаггүй ч жирийн нэг өрх айлын хойморт бурхан тахил шүтээнтэй нь хамт залагдсан үг л дээ. Нэг ёсондоо “танай хүн” өдөр бүр чамд хэлээд байдаггүй ч өглөө бүр эрч хүч авч байдаг тарни шиг хүчтэй . Ханиа, үрээ халуун бүлээ хоолтой хувцастай, орон гэртэй инээд хөгжөөнтэй, элбэг хангалуун байлгая гээд амьдралд муу явж гоочлуулахгүй яваад байгаа нь дээрх нэгэн үзүүрт сэтгэлийнх . Ядрах гутрах, гуних залхах цагийн сорилтой нүүр тулж сөхөрмөөр болж ирэхэд нь энэхүү нэгэн үзүүрт сэтгэлийн хүч нь хөл дээр нь босгодог биз. Өөр хүчин зүйл байж болох ч сэтгэл үгүй бол зүтгэл хаанаас гарах. Гэр бүлд хэдэн ам бүл байж ямар орлоготой байх гэсэн “эдийн засагч” үзүүлэлтийн цаана нэгэн үзүүрт сэтгэл туйлын хэмжүүр болж оршихыг заавал аугаа сэтгэгч, ухаант мэргэдээр хэлүүлэх юу билээ. Өөр өөрийн чадах бүхнээрээ хичээж хамтдаа зүтгээд “тэнд хүрнэ дээ” гэсэн амьдралын их бага ямарч зорилго танай гэр бүлийн нэгэн үзүүрт сэтгэл. Өдөр бүр хэлж тунхаглаад бодож бясалгаад байдаггүй ч ийм ойлголт мэдрэмж бид бүгдэд бий л дээ.
Танай хүн
Яахав дээ, танай хүн урьд шөнө уусан, дуулсан байж болно. Уйлаагүй гутраагүй дампуураагүй бол болоо шдээ. Хар юм чинь дарвиж яваад хэтэвчтэй мөнгөө гээчихсэн ч байж магад. Нэгэн үзүүрт сэтгэлээ гээчихээгүй бол том аз шүү дээ. Үг хаян туних чамайг үүр цүүрээр тэвэрч үнэрээр чинь нэг сайн уушиглаж аваад хурхирна. Өглөө босоод .... ингэнэ тэгнэ гэсэн гэсэн их ажлын цэнэгээ чамаас авч байгаа биз.
Танай хүн хэн ч байж болно. Та “манай хүн” гэж хэлж л байгаа хойно тэр таны амьдралын бүхэл тал нь. Ачаа хүндтэй байсан ч, ганц үүргэвчтэй байсан ч бие биенээ орхиод явахгүй гэж халуун итгэл хайраа өгч омогшиж үнссэн хань чинь шүү дээ.
Танайх
Танайх тэгээд ямар айл юм бэ дээ. Энэ надад хамаагүй. Ер нь бол өөр бусад хэнд ч хамаагүй л дээ. Тэднийх ийм айл, тийм айл гэж хэн нэгэн ярьж байг. Танайх тэндээ жаргалтай, та хоёр нэгэн үзүүрт сэтгэлтэй халуун хөнжилдөө тэврэлддэг бол тэгээд болоо шд ээ. Тогоо чинь хоолтой, тэндээс хошуугаа тостох үр хүүхэдтэй тайван, хэрүүл хараалын айдасгүй хэдэн биенээ хараад инээлдэж байвал танайх баян л юм байна.
Танайх ямархуу өнгөтэй айл байх нь танай хүн ямар байхаас хамаарч болно. Харин дотроо хэдэн хивстэй, ямар тавилгатай юу идэж уудаг, хэн хэн гэдэг сайн муу хүнтэй байх нь маньд ер нь падгүй. Танай хүн, та ч үүнийг мэдэж л байгаа.
Нэгэн насны амьдралаар хүрэх газар хязгаартай ч нэгэн үзүүрт сэтгэлээр хүртэх жаргал тань урт байвал болоо доо. Танай хүн гэхдээ юу гэж боддог юм бол доо. Та хоёр цааш нь үргэлжүүлж ярихгүй юу даа. Энгийн жортой "лавшаа" ч гэлээ айл айлд өөр өвөрмөц амттай байх нь бий .
Пүрэвжавын Баярхүү / тоймч/