Үнэндээ бол дургүй хүрмээр л дээ. Ардын хувьсгал гэдэг түүхийн бичээс оюуны өмч мэт нэг намд хамаарна. Намынх нь нэрэнд “ардын” гэсэн үг ороогүй байсан бол 1921 оны хөдсөн дээлтэй хувьсгалчдын түүх мөрөөрөө байх байж дээ гэсэн дэмий тэнүүлч бодол хааяа орж ирнэ. 2012 оны сонгуулийн босгон дээр “Долоон бурхан харвадаггүй” гэж кино хийснийг нь мэднэ. Зохиолч нь одоогийн МАН-ын генсек Ж.Мөнхбат. Ардын намын анхны долоогийн тухай кино. Энэ киног нь үзээд намын нэрэнд нь “ЦЭ” үсэг орсон байсан бол Цэдэнбал даргын тухай ганц сайхан киног мөнгө хаяад хийчих байж дээ гэсэн мунхагдуу бодол төрж л байлаа.
...УИХ дахь МАН-ын бүлэг төр нийгмийн нэр зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах хуулийн төсөл өргөн барьсан нь олон хүний сэтгэлийн гүн дэх гомдлыг тайлсан үйл явдал болов... Энэ мэдээг МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны нэг ажилтан бичсэн байх. Тэрнээс жирийн сэтгүүлч ингэж зулгуйдан балайрахгүй.
“Сэтгэлийн гүн дэх гомдол тайлагдах” тухайд бол ах дүү төрөл төрөгсдөд нь хэлсэн юм болов уу даа. Ний нуугүй л хэлье. Тэнэг миний хувьд бол сэтгэлийн гүн дэх гомдол минь огт өөр зүйл дээр зангидагдсан байдаг. Аавыгаа гомдоож явсандаа, нялх үрээ дэмий юман дээр уйлуулсандаа ...хаалга тогших анд минь ядрах цагт буруу харах үед гээд... Цааш гүнзгийрвэл хувийн амьдралын нарийн ширийн зүйл яригдах тул орхиё. Харин 1961 онд НҮБ-ын тэнгэрт төрийн далбаа нь өргөгдөхөд хэлмэгдсэн олон монголчуудын сэтгэлийн гүн дэх гомдол бага ч гэсэн нимгэрч байсан гэдэг бол үнэн байх. Нэмж хэлэхэд, Ю.Цэдэнбал гэдэг хүн Монголын төр нийгмийн зүтгэлтэн байсныг нь үг дуугүй хүлээн зөвшөөрөх байна.
Юмжаагийн Цэдэнбал. (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 20)
Батмөнх даян хаан 40 жил ганцаар хаанчилсан гэдэг бол Ю.Цэдэнбал 32 жил шинэ цагийн Монгол улсын төрийн тэргүүн байсан. XX зууны түүхэнд Монгол төрийн эрх мэдлийг хамгийн олон жил буюу 1952 оноос 1984 он хүртэл 32 жил барьсан хүн /зарим эх сурвалжид 40 жил гэдэг/. Ард нь орос ах нар ажлыг нь заадаг байсан л гэдэг юм. Зааж л байсан биз. Өөр яах вэ дээ. “Байн байсаар бүх дэлхийг бүрхэж ганц нарыг үлдээх” Оросын улаан тугтай социализмийг эв хамтын зөв зам гэж дэлхийн тэн хагас нь итгэж дагаж байсан.
Гэхдээ Ю.Цэдэнбалын төр барьсан жилүүдэд ЗСБН... улс гэдэг шиг ЗСБНМУ гэж түүхэнд бичигдээгүй л юм. Яагаад, ямар азаар ийм болоогүйг түүхчид өөр өөрийнхөөрөө янз бүрийн өнцгөөс тайлбарладаг. Гэхдээ энд Монголынхоо XX зууны түүхийг ярих гээгүй тул алгасья.
Ю.Цэдэнбалыг цагаатгана гэх юм. Хэн хэзээ ялласан юм бэ. Тухайн цагийн Монголын төр лав биш. Оросууд харин уучлалт гуйчих хэрэгтэй юм. Ардчилалд байраа тавьж өгч улсаа бодоод огцорсон улс төрийн товчооныхныг шинэ залуу төр До яамаар нь айлгаж байхад Ю.Цэдэнбал жирийн иргэн ч биш улс төрийн хоригдол болчихсон Оросуудын хяналтад орчихсон байсан. Тэрээр эх орондоо ирэх эрхгүй хорионд байсаар хүний газар ясаа тавьсан. Хажууд нь нэг монгол комиссар, насан туршийнх нь ганц хань Филотова нь хамт байсан. Тэгэхэд эргээд төр барилцаж байсан МАН-ын лидерүүд /МАХН/ юу бодож байсан юм бол доо. Эргэж тойрч байсан байх аа. Хэтрүүлээд яахав.
Ю.Цэдэнбалыг 1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар тэтгэвэрт нь гаргаж байсан гэж бичдэг. Ямар нэг буруутай үйдлээс нь ялласан цөлсөн гэсэн зүйл байдаггүй. Тэр үеийнх нь улс төрийн товчоо гэх төр барьж байсан намын аппарат нь энэ хүнийг ямар нэг байдлаар буруутгаагүй. Улс төрийн зорилготой хуучны ЗСБНУ-ын КН-ын заавраар холдуулсан гэдэг. Харин ардчилал шинэчлэлийн эхний жилүүдэд энэ буурлын амьдрал, улс орноо гэсэн зорилго зүтгэлийг бүхлээр нь харлуулан гутааж, гүтгэн гүжирдэж, хийсэн бүтээсэн бүх зүйлийг нь бүдгэрүүлсэн. Үүнийгээ одоо гэмших гэж байгаа бол сүнснээс нь уучлалт гуйсан нь дээр.
Ю.Цэдэнбалын хувийн өмч гэх ямар ч зүйл, орон гэр, байр байшин, Монгол Улсад байхгүй нь батлагддаг гэдэг. Олон жил төр барьсан гээд улсаа хаанчилсан Каддафи шиг алтаар гар буу хийлгээгүй. Ядаад Нүхтэд хувьдаа зуны амбаар бариулаагүй хүн шүү дээ. Ю.Цэдэнбалыг тухайн цагтаа намын сэтэртэй ч төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр нугалж явсан хүн гэдэгтэй хэн ч маргадаггүй.
2016 онд сонгуулийн жилтэй давхцаад 100 насных нь ой болох гээд янз бүрийн “ЦЭДЭНБАЛ” овогтой хөдөлгөөнүүд идэвхжиж хөрөнгө мөнгө хандиваар алтаар хөшөө босгочих юм яриад эхэлжээ. 4 тэрбумаар ордон барьчихдаг нам 90 насных нь ойгоор хөшөө босгож болох л байсан. Тэр үед одоогийн цагаатгана гээд байгаа МАН /МАХН/ ээлжгүй мэт төр барьж байлаа шүү дээ.
Юмжаагийн Цэдэнбал гэж фасе пайж байна. 9545 лайктай. Миний бие нэг лайк дарснаар 9546 болсон байгаа. Энд байх хоёр ишлэл содон тусч байна.
“БИДНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТА НАРААС (ЗХУ) ӨӨР, ЮМ БОЛГОН ДЭЭР ТА НАРЫГ ДУУРАЙЖ ЧАДАХГҮЙ” (ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ).
“Ариун цагаан хөдөлмөр, цагаан сайхан сэтгэл нийлсэн цагт сайн сайхан амьдрал аяндаа төрдөг юм” ЮмжаагийнЦЭДЭНБАЛ.
Эхний өгүүлбэрийн үнэ цэнэ, үнэн худлыг судлаач түүхчид хэлэх биз. Хоёр дахь өгүүлбэр бол бидний аавуудын хэлдэг байсан үгтэй яг л адил сэтгэлд ойр сонсогдож байгаа юм.
...1991 онд Цэдэнбал даргыг нас барсны дараа хаана оршуулах талаар удирдлагууд “сүртэй хуралдаж” Москвад нь орхичих, Увсд нь чимээгүй оршуулчих гэсэн увайгүй гэхэд дэндүү увайгүй санал гаргаж байхад БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамбаа агсан "ТӨР ИРГЭНЭЭ АВАХГҮЙ БОЛ АРМИ НЬ МАРШАЛАА АВНА" гэж хэлсэн нь нийгэм цаг үеийн шуурганд урваж шарвалгүй, жинхэнэ Монгол эр хүний жудаг, маршалдаа үнэнч цэргийн хар хүний чанарыг таниулсан явдал байлаа. Гүн хүндэтгэл үзүүлье! гэсэн бичээс мөнөөх файс дээр нь байна. Энэ нь ардчиллын эхэн үед улс төрийн хүрээнд Ю.Цэдэнбал гэж хүнд яаж хүндэтгэлгүй хандаж байсныг хэлээд өгч байгаа юм.
Шулуухан хэлэхэд, Ю.Цэдэнбалыг цагаатгана гэж байхаар МАНАН намынхан зүгээр л үр хүүхдээр нь төлөөлүүлээд нэг нь “таг” мартсаныхаа төлөө, нөгөө нь туйлшран ад үзсэнийхээ төлөө уучлалт гуйчих хэрэгтэй юм. Энд ямар нэг улс төрийн “МАРШАЛ” алхам хэрэггүй.
Дээр цухас дурдсан мэдээний үргэлжлэлд “...Юмжаагийн Цэдэнбал бол цаг үеийнхээ захиалгаар төрсөн улстөрч байсан гэдгийг хожим монголчууд мэдэрч эхэлсэн...” гэжээ. Энэ ч бас л дэгсдүүлжээ. Ю.Цэдэнбал, Х.Чойбалсантай ойр шадарлаж цэвэр намын шугамаар оросуудын таашаалаар идэр залуудаа төрийн өндөр албан тушаалд гарч ухамсарт амьдралаа улсынхаа төлөө зориулж эцэст нь харийн нутагт гэрийн хорионд байж эх орноо, төрсөн нутгаа харж чадалгүй нүд аньсан харамсалтай төгсгөлтэй удирдагч. Нөгөө талдаа Монгол төрөөсөө авч болох бүх дээд өндөр шагналыг, олон түмний хайр хүндлэлтэй нь хамт авч чадсан ховорхон азтай цөөхөн улстөрчийн нэг гэвэл үнэнд ойртох байх.
Сэтгэл гаргаж нийтлэл бичсэн сэтгүүлч нэгнийг “баалах” гэсэнгүй. Түүхэн хүний тухай ямар нэг улс төргүй дурсах гэлээ.
... Нүүрээ буруулаагүй улс минь түүнийг тослоо
Нүдээ нуулгүй ард түмэн минь түүнийг тослоо
Эх орныхоо гүн шархыг амиараа нөхсөн маршалыг
Ээрэм тал нуга хөндий цагаан гэрүүд угтлаа... (Очирбатын ДАШБАЛБАР)
Үнэхээр сэтгэлд буухаар хэлсэн байгаа юм. Ийм хүмүүсийн дэргэд мань бол бичих гэж ичмээр юм эрээчих юм даа.
Б.Хэгжүүн