Конвергенц ба Дивергенц
2015-05-27

1962 оноос үүдэлтэй гэж үзэж байгаа тогтвортой хөгжлийн тухай ойлголт нь 1992 оны Рио-Де-Жанейро хотноо болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтаас “байгаль орчин-нийгэм-эдийн засаг” гэсэн гурван тулгуур багана буюу хүчин зүйлээс тогтоно гэж үзсэн. Үүнийг ерөнхийдөө дэлхий нийтээр мөрдлөг болгох хандлагатай байгаа гэдэг. Ер нь дэлхийн улс орнууд сүүлийн гуч гаруй жилийн турш дэлхий нийтийн хөгжлийн олон үзэл баримтлал, хөтөлбөрүүд боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхийг зорьж байгаа боловч туйлын зөв зам гээд хэлчихээр сайн сонголтод хүрч чадаагүй л байна.

 

Хөгжлийн тухай ойлголт нь ямар үзэл санаан дээр суурилсан бэ гэдгээрээ өөр байхыг ойлгоход заавал том фиолсофич байх хэрэггүй л дээ. Суурин ба нүүдлийн гэсэн хоёр төрлийн соёл иргэншилээс үүдсэн байгалийг хүний эрхэнд захируулах гэсэн өрнийн экофоб буюу технократ үзэл, хүн байгалийн хүйн холбоо буюу байгальтай зохицон амьдрах дорнын экофиль үзэл байдгийг бид мэднэ. Үүн лугаа хөгжлийн үндсэн хоёр үзэл байх. Орон зай цаг хугацааны хязгааргүй хөгжлийн үзэл. Орон зай цаг хугацааны хязгаартай хөгжлийн үзэл.

 

Хязгааргүй хөгжлийн үзлийн мөн чанар нь хүн төрөлхтөн түүхэн хөгжлийн элдэв зөрчлийг даван туулж нийгэм соёлын ба байгалийн үйл явцыг хослуулсан чиглэлээр урагшлахад оршино гэж тайлбарлагддаг байна. Үндсэндээ эерэг шинж хөгжлийн үзэл баримтлал гэмээр. Хоёр дахь үзлийн мөн чанар нь иргэншлийн шинэ хөгжлийн үйл явц нь өмнөх иргэншлийн /байгаль-нийгмийн/ бүтцийг нурааж байж хөгждөг гэсэн үзэл. Нэлээн “сөрөг” шинжийг агуулсан талдаа.

 

Энэ хоёр заагт улс орнууд үзэл суртлын хувьд иргэншлийн тэс өөр хоёр системд хуваагдсаны нэг нь капиталист, нөгөө нь социалист хөгжлийн замнал байсан. Монголчууд бидний хувьд хамжлагат ёсноос Оросын нөлөөгөөр шууд социалист хөгжлийн замналаар явсан. Одоо бол үзэн яддаг байсан капиталист гэдэг хөгжлийн замдаа орчихоод явж байгаа. Барууны хөгжлийг шүтэх хандлага давамгайлсан гэж болохоор. Хөгжлийн энэ хоёр замналдаа маш туйлширсан байдалтай ханддаг. Социализмийн үед капитализмийг мөлжлөгийн нийгэм гэж үздэг байсан бол одоо социализмыг хаалттай нийгэм байснаар нь хатуу шүүмжлэх хандлагатай. Социализм нь энэрэхүй хийсвэрлэлийг бодит болгох гэж оролдон хувийн өмчөөс татгалзаж хамтын хөдөлмөрийг шүтсэн байдаг. Нөгөө талд капиталист системд хувийн өмч, чөлөөт зах зээлийн тогтолцоон дээр суурилсан өрсөлдөөний нийгэм байна. Энэ хоёр систем бие бие үгүйсгэн хоёр туйлд гарч хүйтэн дайны хөшиг татсан байх ахуйд ХХ зууны дунд үед “конвергенцын онол” дэвшигдэн гарч байж. 

 

Энэ нь дэлхийн капиталист, социалист системийн зөрчлийг арилгаж нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр бэрхшээлийг даван туулж чадна гэсэн үзэл баримтлал. Эдийн засаг, улс төр, нийгэм-соёлын хоёр туйлт хөгжлийн онолоос аль сайнуудыг нь аваад явж болно гэсэн санаа. Хоёр систем өөр өөрийн давуу талуудаараа нэгдэж хөгжлийн зөв замд гарах энэхүү “Конвергенцийн онол” дэвшигдэн гарсныг сонсохыг ч хүсээгүй тал нь мэдээж коммунистууд байж таарна. Үзэл суртал нь хөгжлийн асуудлаас дээгүүр тавигддаг соц лагерийн торийг “Конвергенцийн онол” нэвтэрч чадаагүй. Харин 70-аад оны эхээр конвергенцын онолын экологийн хувилбар гарч ирэн туйлшрагч хоёр системд нам болгосон нэг сануулгыг өгсөн байдаг. Энэ нь дэлхийн экологийн доройтлын хариуцлагыг капитализм, социализм хоёулаа адилхан хариуцна гэдгийг нотолсон явдал байж.

 

Мэдээж нийгэм эдийн засгийн асуудлыг хүрээлэн байгаа орчны тогтворжилт ба өөрчлөлтөөс салангид авч үзэх боломжгүй тул хоёр тал үүн дээр санал нэгдсэн хэрэг. Энэ үеэс л хүний амьдрах орчны өмнө хариуцлага хүлээх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал үүссэн байна.

 

Энэ бүхнийг нуршсаны эцэст чухам юу хэлэх гээд байгаа билээ. Бид тогтвортой хөгжлийн хөтөлбөр гэдгээ нэг эргэн харах ёстой юм болов уу л гэж бодогдлоо. Монгол улс яагаад заавал хатуу нэг талыг барьсан буюу социализмийг нэг мөр үгүйсгэсэн хөгжлийн үзэл баримтлалтай болсон бэ. Шилжилтийн хориод жилд бидний сонгосон иргэншлийн шинэ хөгжлийн үйл явц нь өмнөх иргэншлийн байгаль-нийгмийн бүтцийг нурааж байж хөгждөг гэсэн үзлээр явж иржээ. Капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах мөн чанартай Конвергенцийн онолыг яагаад орхигдуулсан бэ. Үүнийг одооноос хөгжлийн бодлогодоо тусгах хэрэгтэй юм байна гэсэн санаа. Капиталист, коммунист нийгмийн байгууллын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгууллууд ямар байвал зөв байх тухай төсөөлөл. Үүнийг нь улс орнууд авч хэрэглэн бодит амьдрал дээр буулгаад алдаа оноог нь ухаараад ирсэн. Тийм болохоор хоёр туйлд гарч аль нэг талыг нь хатуу баримтлах нь туйлшрал болохыг цаг хугацаанд хүлээн зөвшөөрчээ.

 

Соц систем үндсэндээ нуран унасан ч социалист чиг хандлагыг зах зээлийн системтэй уялдуулан хөгжиж буй улс орнууд бий. Манай хөрш БНХАУ эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд дээгүүр орж байна. Хятадын хөгжлийн хөшүүрэг нь конвергенцын онол гэдэг. Конвергенцын онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах. Барууны орнуудыг сөрж зогсоод байгаа Орос орон мөн л Хятадын энэ чиг баримжааг авч эхэлж байна гэж ажиглагчид дүгнэжээ. Конвергенцийн онолоо баривал эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг төр өөртөө авдаг. Хувийн болон гадаадын компанид өгдөггүй. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Байгалийн баялагийг ч мөн төр өөрийн мэдэлдээ байлгадаг. Төр бизнес хийхээс аль болох зайлсхийнэ.

Хүний амьдрах орчны өмнө эргээд хариуцлага хүлээх зарчим дээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлал үүссэн гэдэг. Бидний өнөөдөр хүрэхээр тэмүүлж буй аж үйлдвэржилтийн эрчимжилт, хүн амын үсрэнгүй өсөлт нь явсаар хүнсний хомсдол, үл сэргээгдэх нөөцийн хомсдол, хүрээлэгч орчны доройтол зэрэг асуудлыг бий болгож байгааг аль өнгөрсөн 1962 Римийн клубын санаачилгаар боловсруулсан “Өсөлтийн хязгаар” илтгэлээс дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ үед мөн конвергенцын буюу хосолсон хөгжлийн талаархи үзэл санаа бий болсон гэдэг. Дэлхийн улс орнууд хөгжлийн онолын хоёр туйлаас гурав дахь буюу аль сайнуудыг нь авах ойлголцлолын замыг олж харахыг хичээсэн энэ үйл явц өнгөрсөн XX зууны дунд үеэс эхэлжээ.

 

Бидэнд конвергенцийн онол буюу хоёр нийгмийн аль сайнуудыг аваад явах тогтвортой хөгжлийн шинэ бодлого хэрэгтэй ч байж болох юм. Өнгөрсөн хорин жилд бид нийгмийн шилжилт хийхдээ конвергенц хийхээс илүүтэй дивергенц буюу хоорондын ялгааг улам ихэсгэж ирсэн нь одоогийн хөгжлийн үзэл баримтлал нь зарим талаар мухардмал байдалд орсон нэг шалтгаан ч байж болно. 

 

Дэлхийн орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь аливаа нөөцийг үр ашигтай зарцуулдаг, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэлийг дэмжсэн, нийгмийн ялгааг арилгаж, ядуурлыг бууруулахын төлөө шинэ эдийн засгийн тогтолцоо бий болгоход чиглэсэн байгаа.

 

Байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван асуудлыг нягт хамаарал шүтэлцээнд авч үзсэн тогтвортой хөгжлийг тодорхойлсон Мянганы хөгжлийн зорилт, Монгол Улсын XXI зууны хөгжлийн хөтөлбөр зэрэг нийтээр дагаж мөрдөх бүх баримт бичгүүд манай төрд бий. Гэвч үүнд эргэж харах шинэчлэх юм их байгаа нь тодорхой.

 

Сүүлийн жилүүдэд уул урхайн салбараас хэт хамааралтай болсон эдийн засгийн бүтэц улам эмзэг болж байна. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихэсч, нүүдлийн мал аж ахуй бэлчээрээ доройтуулан, усны нөөцийг хомсдуулж байна. Хотыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн хяналтаас гарснаар хот төлөвлөлт нь хотжилтын хурдыг гүйцэхгүй, гэр хороолол ямар ч зохицуулалтгүйгээр тэлж, байгаль орчны даац хэтрэн, хүн амын эрүүл мэнд, нийгэм, соёлын үйлчилгээ, авто замын ачааллын асуудлыг шийдвэрлэхэд бэрх болж, хотын агаар, ус, хөрсний бохирдол ихээр нэмэгдэж, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсний улмаас эрүүл мэндээр өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гээд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх явцад үүсч буй тоочих бэрхшээл хүндрэл их болсоор байгаа. 

 

Энэ бүхэн хөгжлийн бодлогоо эргэн харах конвергенцийн онолыг авах хэрэгтэйг дохиолж байгаа гэж үзэж буй хүмүүстэй санал нэг байна. Улс орны тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг эргэн харж шинэчлэхгүйгээр барууныг баримжаалсан туйлын капиталист нийгэм байгуулна гээд зүтгээд байвал бид хүнд замыг л туулахаар харагдаад байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
enhee:
ухаанаа нэмэх зайлшгүй унш
2020-12-07