“Танайд очиж усанд орьё”
Хот хотын сонин байх. Дели хотод зорьсон газраа хамгийн хурдан очих боломж нь явган алхах гэдэг бол ОХУ –ын нийслэлд замын бөглөөнд орвол ойролцоогоор гурван цаг гэлдрэх нь хэвийн үзэгдэл гэнэ.
Харин манай нийслэлд зундаа халуун усаа хязгаарлуулдаг онцлогтой. Ингэлээ гээд халуун усны газруудын орлого нэмэгдэж очер дараалал үүсээд байхгүй харагдана. Хир хөлсөндөө баригдаад царай алдаж сүйд болох нь ч гайгүй. Хогны уутыг төсвийн мөнгөөр хийх боллоо гэж хөдөлгөөн байгуулдаг улс халуун усгүй зусахдаа нэг их тоохгүй. Хотынхоо онцлогийг ойлгож байгаа иргэний ухамсар өндөр байгаа үзүүлэлт юм уу даа.
Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 30-ны хооронд хийгдэхээр болсон. Халуун ус, цахилгааны хязгаарлалт хийх уламжлалт хувиар ч гарсан. Энэ өдрүүдэд гол ус бараадах, ах дүүгийндээ хонуут зочлох зэргээр угаалгын асуудлаа шийднэ. Европ зүгийн том хотуудын их зантангуудыг бодвол бид их нийтэч улс юм л даа. Нөгөө талаар хувиар ёсоор өөрийнх нь халуун усгүй болох ээлж ирэх тул араа ч бодох хэрэгтэй болдог байх.
1959 оноос нийслэлд дулааны шугам сүлжээний гол шугамуудыг тавьсан гэдэг. Үүнээс хойш 1987 онд дулаан дамжуулах шинэ шугамыг XXI хороололд татсан нь бараг сүүлийнх нь хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогддог. Нийслэлийн орон сууцны бүсэд хамаарах газар доорх 146.1 км урт хоолойгоор халуун ус гүйж байдаг байна. Шулуунаар харвал УБ-аас Дарханы чиглэлийн замд байх “Урьхан” зоогийн газар бараг хүрчих хэмжээний урт хоолой байгаа хэрэг. Хэрж тарснаар нь харах юм бол нийслэлийн газар доорх судасны хэлхээ гэж болохоор.
Жил жилийн зун энэ судсыг өргөсгөж, цэвэрлэж энд тэндээс нь залган шинэчилдэг. Шугам сүлжээг өргөтгөх ажлын энэ аянаар оршин суугчид зундаа “усанд орох” хягзгаарлалтад ордог тогтсон уламжлалтай. Төсвөөс хөрөнгө мөнгө ч их хаядаг. Энэ жилийн шугам сүлжээний засварын ажилд 8.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа мэдээ гарсан.
Өндөр барилгаар хүрээ тэлж буй нийслэл хуучин шугам сүлжээгээ тордсоор сая хүнтэй том хотын титмийг зүүгээд байна. Шинээр баригдаж буй орон сууц обьектууд дулаан дамжуулах шугам сүлжээний судсанд холбогдох нь босго өндөртэй, авилга шингэсэн аз мэдсэн ажил болсоор байгаа нь удаж байна. Хот төлөвлөлт, хөгжлийн бодлого барьдаг албаныхан үүнийг болгоож л байдаг байх гэж найдья.
Нүдэнд ил хогны асуудлыг бол бид өдөр болгон ярьж л байдаг. Харин хөл доор сүлжилдэх шугам хоолой юу болж байгааг зуны уртад халуун усгүй болохоороо нэг ярих юм даа.
Орос технологиор байгуулсан дулааны шугамууд олон жил үүргээ гүйцэтгэсэн. Үүнийг сэхээрч шинэчилье гэхээр гол зангилаан дээр нь шинэ барилга сүндэрлэчихсэн ухаж төнхөж өргөтгөл хийх боломжгүй болсон байдаг. Газраа эхэлж бүтээгээд дараа нь барилгаа эхлүүлчихээд хамгийн сүүлд нь дулаан цахилгаан , ус хангамжаа хөөцөлддөг урвуу дараалалтай олон жил явсны эцэст шугам сүлжээний судсуудаа даруулчихсан байдаг бололтой.
Хот төлөвлөлт гэдгийг шинэ хороолол барихын цаана ундны ус,цахилгаан дулаан, тээвэр холбоо дэд бүтцүүд нь цогц бодлого шийдэлтэй байхыг хэлэх байх. Манай нийслэл дээрээ сайхан хөгжил цэцэглэлтэй, доороо хуучны орос хоолой шугамтай олон жилийг өнгөрүүлсэн. Бид сүүлийн жилүүдэд толгой дээрээс уначих юмыг харахдаа сайн болсон ч хөл доор цөмрөх юмаа хардаггүй хэнэггүй ч улс юм. Том төсөвтэй нийслэлийн ажлын алба байдаг хойно тэдэндээ л найдаж суугаа хэрэг. Тэгээд ч зун халуун усаа тасархад өвөлдөө бэлдэж байна гэж бараг баярладаг гэхэд болно.
Хатуу өвөлтэй гэдгээ мэдэх оршин суугчид нь өвөл дулаахан бол зун гурван сар халуун усгүй байх ч яамай гэж эвлэрсэн байдалтай. Энэхүү жил жилийн шугам хоолойны “мэс ажилбар”- таа хотын албаныхан ч их дадалтай болчихсон.
Сая гаруй хүнтэй Метрополис хот болсон гэх. Халуун усны хязгаарлалт хийсээр л байх юм даа. Нэг мөсөн хөрөнгө хаяад жил жилийн уламжлалт халуун усны хязгаарлалтаа больчих цаг хэзээ ирэх вэ, . Наад захын хэрэглээгээ зуны халуунд хязгаарлуулж залхсан бид “танайд очиж усанд орьё” гэвэл та битгий уурлаарай Үүл даргаа.
П. Баяр