Эдийн засаг дахин сэргэх шийдэлд хүрсэн сайн мэдүүллүүд үргэлжилсэн нэгэн долоо хоног үргэлжилж байна. Өнгөрсөн ням гаригт БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж, том төсөл санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АБНЭУ-д хийсэн айлчлалаар “Оюутолгой”-н далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж, 6 тэрбум ам.долларын том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдлээ. Мөн айлчлалынхаа хүрээнд Дубай хотноо СIB санхүүгийн групптэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр шийдэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нэгэн долоо хоногийн хугацаанд 10 тэрбум ам.долларын эдийн засагтай манай улсад Ч.Сайханбилэгийн Засгийн газар 8 тэрбум ам.долларын асуудлыг шийдэж, хоёр жил гаруй хугацаанд саатаад байсан валютын урсгалыг Монгол руу эргүүлж, “нүүр бууруулан” талийж одсон хөрөнгө оруулагчдын итгэлийг ч татлаа.
Энэ нь “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зурагдсаны дараагаар Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, хүү, өөрийнх нь үнэлгээ, бусад банкнуудын бондын хүү Монголд эергээр огцом өссөнөөр батлагдлаа. Тиймээс ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аяны дөрөө мулталж, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дөнгөж хөл тавингуутаа “Бид хүсч байсан үр дүндээ хүрлээ. Одоо “Оюутолгой” хөдөллөө. Далд уурхайг ажиллуулсан бүх ажил Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсч байна. Одоо ямар нэг хувь улстөрчдийн оноо цуглуулдаг ажлаа зогсооё. Одоо “Тавантолгой”-н асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” хэмээн мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 7 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт манайд хэрхэн унацтай туссан бэ?
1. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлаа ярилцахдаа 2009 оны гэрээг үндэслэж явсан. 2009 оны ТЭЗҮ-гээр 2 тэрбумын хэтрэлтийн асуудал яригддаг. Гэхдээ 1.2 тэрбумын хэтрэлт дээр удирдлагын зардлыг төлбөрийг төлнө. Бусад дээр төлөхгүй гэж тохиролцсон.
2. Удирдлагын менежментийн зардлыг 6 хувиар тогтоосон байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх 7 жилийн хугацаанд үүнийг 3 хувь болгосон.
3. Бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Хоёр талаас тус бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад монголын талын хүн ахлаад цаашид Оюутолгой дээр хийх бүх зардалд Монголын Засгийн газар хяналтаа тавих боломжтой болсон.
4. Анх яригдсан Монголын тал 53, Рио тинтой 43 хувийг авна гэх зарчим баримт бичигт тусгагдаагүй байсан. Харин далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байна. Энэ төсөл дээр гадны томоохон зөвлөх компанийг авч ажиллуулахгүй байна гэж шүүмжилж байсан. Тиймээс томоохон хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авч ажиллуулсан. Үүний үндсэн дээр хоёр талын бүх тоо, тооцоо нэг болсон. Ингэсний дүнд Монголын талын авах байсан 53 хувь 54.9 болж тохиролцоо хийсэн.
5. Татварын асуудал маргаан дэгдээсэн байсан. Манай тал 30 сая долларын татвараа аваад, цаашид ямар нэгэн маргаангүй явахаар тохирсон. Гэрээний дагуу, Монгол Улсын хуулиудын хүрээнд нэг мөр асуудлыг шийдсэн.
Ийнхүү “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх ажлын төлөвлөгөө өмнө нь эргэлзээ, маргаан дагуулж байсан асуудлыг ч шийдвэрлэж, тохиролцон ойлголцлоо нэгтгэж чаджээ.
“Оюутолгой”-н далд уурхай нь тус ордын 80 хувийг эзэлдэг. Тиймээс ч хөрөнгө оруулалт өмнө нь байснаас нэмэгдэж тусгагдсан байна. Явцын дунд ТЭЗҮ-д дахин өөрчлөлт оруулж, тухай бүр нь хяналтаа тавиад явах аж. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр эдийн засаг ч тэр хэрээр хөдөлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжин, унац, хаялга үргэлжилсээр байна. Тиймээс ч 2011 оны эдийн засгийн сэргэлт ирнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолсон юм.
Нөгөөтэйгүүр манай эдийн засаг зөвхөн Оюутолгойгоос хамаарахгүй. Ерөнхий сайдад эдийн засгийг үргэлжлүүлэх хөдөлгөх өөр гарц, хувилбар бий. Энэ хөзрөө ч тэрбээр нууцлаагүй, дэлгэсэн. Эдүгээ хувийн хэвшлийнхэнтэй нийлээд шинэ хөрөнгө оруулалт олох дараагийн эрэлдээ гарахаа мэдэгдсэн. Мэдээж үүнтэй зэрэгцээд үзэглэхэд бэлэн болоод байгаа “Тавантолгой”-н төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг парламентаас хүсэх байх.
Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Тавантолгой”-г хөдөлгөж чадна гэсэн бат итгэлтэй байна лээ. Зам дунд торох популист саадыг үл тоон, шийдэлд хүрэхийн төлөө зүтгэсэн түүний зоригийг олон нийт үнэлж байна лээ. Харин өнөөдөр парламент, тэр дундаа АН-ынхан Ерөнхий сайдыг хэрхэн хүлээж авах бол. Өмнө нь “Тавантолгой”-г үзэглэх гэрээний төсөл бэлэн болсон тухай түүний мэдэгдэлд парламент, тэр дундаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд дөнгө тавьсан.
“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөг Дубайд гарын үсэг зуран баталгаажуулж, олон улсын хөрөнгийн захад Монголын бонд өсч байхад манай парламентчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал сөхөн "тулга тойрсон" үндсэн аргаа хэрэглэж байсан. Гэхдээ улстөрчдийн Засгийн газрыг унагаах явган ч гэх үү, ялласан гэх үү зуйгуул үг олон нийтийн эгдүүцлийг төрүүлнэ лээ.
Хямарсан эдийн засгаа сэргээн ажиллаж байгаа Шийдлийн Засгийн газрын шийдвэрийг парламент дахин дөнгөлвөл олон нийтийн эгдүүцэл эсэргүүцлээр үргэлжлэхийг хашир улстөрчид хэдийнэ тааварласан биз.
Нэгэнтээ Ерөнхий сайдын “эдийн засаг” хэмээх галт тэрэг хурдаа аван хөдөлсөн. Энэ галт тэргийг олон толгойтой нэгтэй сүүлтэй парламентын “популист” галт тэрэг гүйцэлгүй хоцорлоо.
Одоо "Тавантолгой"-н гэрээний төслийг хаалгаа хааж байгаад ч хамаагүй хэлэлцэн шийдвэрлээд өгвөл парламент хаврын чуулганы гол асуудлаа шийдвэрлэсэн гэсэн үг. "Тавантолгой"-н гэрээний төслийг зөвхөн Ч.Сайханбилэг, түүний танхим парламентаас хүлээгээд, нэхээд байгаа юм бус, олон нийт ч чих тавин харж байна.
Н.Энхбат