Манайхан бөөндөх гэдгийг харин ч нэг үзүүлэх юм. Ганзагын наймаагаар зах зээл рүү хөл тавьсан бидэнд “бөөндөх” гэдэг бол тун танил бас дадал болсон зүйл. Бөөнийхөн гэх сүрхий хөлжсөн хэсэг одоо ч Нарантуул зах дээр байгаа. Тэд одоо аймаг орон нутаг сум бүрт харилцагчтай гэхэд хэтрүүлсэн болохгүй. 90-ээд оны эхэнд эд барааг болж өгвөл бөөнөөр нь дараад л байвал унацтай байлаа. Эрээн цаашлаад Бээжингээс бараа бөөндөөд жоохон юм нэмээд вокзалын “пирон” дээр шахчихна. Ширхэгийнхэн, лангууныхан нөгөө хэдтэй нь ноцолдож л байна. Манай бөөнийхөн энэ хооронд хэд эргээд амжина. Энэ бол ашиг харсан хэний ч хийх наймааны нэг давуу тал. Гэхдээ бөөндөж болохгүй юм гэж бас байна аа.
Төрийнхөн ч бас элдвийг бөөндөхдөө сайн. Тендер шахаа энэ тэрд бөөндөх ажиллагаа жирийн үзэгдэл болж байсан бол сүүлдээ хуулиудыг бөөнддөг болсон. Чуулганаар хууль бөөндсөн хэд хэдэн тохиолдол бий. Тэр нь наймаа эрхлэгчид бараа таваар дардаг цаг үе шиг өөрийн “сезон”-той болсон. Цагаан сар, наадам, шинэ жил зэрэг олон нийтийн анхаарал баяр ёслолд шилжсэн үеэр олон хууль, тогтоолыг бөөндөж баталдаг. Энэ нь ихэнхдээ л чуулганы хаалт дээр таарна. Өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд баахан хуулийг хаалтын өдрөө бөөндчихөж байгаа юм.
Тэр хавар гишүүд маань өглөөнөөс эхлэн үдшийн бүрий болтол яс сууж байгаад 10 гаруй хуулийн төслийг ганцхан өдөрт хэлэлцэн баталчихсан. Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл гээд хөвөрнө. Эдгээр дотор нямбай үзмээр хуулиуд ч хавчуулагдаад гарчихаж байгаа юм. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны хууль зэрэг.
Бөөндөж байгаа хойно ганц нэг сул юм хавчуулагдалгүй яахав. Улсын баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Ардын хувьсгал” гэдэг үгийг нь цэвэрхээн сугалаад авчихсан. Зөрүүд нь баяр наадмыг амралтын таван өдөртэй болгосон нь нийтэд таалагдсан тул иргэд үүнийг нэг их анзаарсангүй. Хувьсгалыг өмчилсөн МАН-ыхан жаал бухимдаад л өнгөрсөн.
Ногоон гэрлээр “саадгүй” батлагдсан хуулиуд дотор задалж яривал их юм бий. Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол 300 гаруй хайгуулын лицензийг сэргээж, газар нутгийнхаа багахан хувьд хайгуул олборлолт явуулах хуулийг баталсан.
Харин одоо хэрэгжилт нь тун хангалтгүй. АМГ лицензийн хүсэлтийг дэмжээд явуулсан ч Засаг дарга нар нь нутгийнханд таалахгүй байна гээд боочихсон суугаа. Лиценз эзэмших 830 өргөдлөөс өнөөдрийн байдлаар 136 аж ахуй нэгж, байгууллагад лиценз эзэмших зөвшөөрөл олгогдсон. Харин 137 өргөдөлд аймаг орон нутгийн удирдлага татгалзах хариу ирүүлж, 492 өргөдлийн хариуг огт өгөлгүй таг гацаачихаад байгаа гэдгийг АМГ-аас мэдээлж байна.
Энэ жилийн Цагаан сарын өмнө бас нэлээдгүй хууль бөөндсөн. Намрын чуулганы хаалтын өмнө таарсан хэрэг. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ бөөндөлтөд багтсан. Энэ найруулгаар Монгол Улсын чөлөөт бүс гэсэн хэсэгт бооцоот тоглоомын газар байгуулж болно гэсэн товчхон нэмэлт заалттай. Өрийн удирдлагын тухай хуулийг мөн баталсан. Энэ хуулиар аймаг нийслэлийн өр Засгийн газрын өрөнд тооцогдож харин байгууллага ААН-ийн өр зээл Засгийн өрөнд тооцогдохгүй. Мөн Засгийн газар өрийн удирдлагын бодлого, өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулахаар болов. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг мөн энд бөөндөн баталж 50.76 хувийн саналаар арай гэж босго давуулж гаргасан. Энэ хууль батлагдсанаар Цөмийн энергийн газрыг татан буулгаж авав. Мөн уул уурхайтай холбоотой хэд хэдэн хууль, тогтоолыг чуулган хаахын өмнө батлахаар зүтгүүлсэн.
Гишүүд хууль бөөндөж өгөөд тааваараа амрах гэдэггүй байх. Дараагийн чуулган эхэлтэл улс орны ажил хэрэг гацахгүй байг гэсэн эх оронч сэтгэл зүтгэл энд байсныг үгүйсгэх гээгүй. Гэхдээ хууль бөөндөнө гэдэг парламентын засаглалтай бусад орны жишигт тийм их байдаггүй л гэсэн. Улс орны эрх ашиг цаашлаад иргэн бидний өдөр тутмын ажил хэрэг, зарим тохиолдолд эд хөрөнгө, эрх чөлөөний минь хэм хэмжээг хангах чухал харилцааг зохицуулах хуулийг хуушуур шиг бөөндөөд гаргана гэдэг ер нь бол сайн туршлага биш байх.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |