Хүүхэддээ “цаг гаргая”
2015-05-19

Америкийн бэлтэй баян айлын ганц хүү сургуулиасаа тарж ирээд шууд л өрөөндөө орон “хичээлээ хийлээ” гээд нам жим суучихдаг байж. Эцэг эх нь хүүхдээ хичээлээ давтаж байна гэж баярлан садаа болдоггүй байж. Харин хүү хожим мэргэжлийн алдартай хулгайч болжээ. Хүү “хичээлээ хийж байна” гэж худлаа ярин телевизээр хулгай, дээрмийн сэдэвтэй кионог түүвэрлэн үзэж, судлаад  суучихдаг байсныг эцэг эх нь яахан мэдэх билээ.

 

Бид өглөө бүр өөрсдөө ажлаасаа хоцорчихгүй тулд хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх гэж тэвдэн “орой эртхэн унтах нь яасан юм, би ажлаасаа хоцорлоо, цаг болохоо байлаа, хурдал, хурдал” гэсээр л гэрээсээ гарцгаадаг. Ахуйн хэрэглээ тойрсон асуудал, банкны лизинг, мөнгө хайх, “энэ төр засаг уул уурхайгаа эргэлтэд оруулаад валютын ханшийг буулгаж, эдийн засгаа хэзээ сэргээх гээд байна” гээд л өдөр тутам амьдралын эрээвэр хураавар асуудлаасаа өндийж чадахгүй ороогдож, ээрэгдэж явахдаа бид хүүхдийн хүмүүжил, хүүхэддээ анхаарал тавих асуудлыг орхигдуулсан бололтой. 

 

Магадгүй та “би хүүхдээ дулаан байр, халуун хоол, өмсөх хувцастай, дээр нь хэний ч хүүхдээс дутаахгүй гар утас, компьютер, цахим тоглоом авч өгсөн. Ер нь хүүхдүүдийнхээ төлөө л амьдарч, зүтгэж байгаа” хэмээн өөрийгөө өмөөрөх байх. Үнэн л дээ, эцэг эх бүхэн үр хүүхдийнхээ төлөө л амьдардаг. Гэхдээ эдээр дутаагаагүй өсгөсөн хүүхэд хэнтэй найзалж, хэрхэн тоглон наадаж байгааг ер анзаардаг уу. Хүүхэд телевизийн ямар суваг үзэж, юу сонирхож байна вэ? Телевизээр гарч байгаа хүүхэлдэйн киноноос алийг нь шимтэн үзэж байна гээд эргэцүүлэн тунгааж үзвэл их л зүйл бодогдох байх.

 

“Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр харамсмаар хэрэг ар араасаа гарч, дуулдахад хүүхдийн асуудлыг энгийн иргэнээс Их хурлын гишүүд хүртэл хэлэлцэж эхэллээ. Жил бүр улсын төсөв хэлэлцэхдээ сургууль, цэцэрлэг засварлах, барих мөнгө суутгадаг. Гэвч манайд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ дутмаг хэвээр байна. Тиймээс ч хүүхдээ цэцэрлэг, сургуульд хамруулж чадаагүй эцэг эхчүүд гэрт нь цоожлон ажилдаа явцгааж байна.

 

Бага байхад аав ээж минь “биднийг танихгүй хүнд хаалгаа тайлж өгч болохгүй, цоожлоод явсан гээрэй” гэж л захидаг байлаа. Харин хүүхэд найз нөхөдтэйгээ тоглож байг, гэртээ тоглож байгаад гал алдаж элдэв юм болж магадгүй гээд гаднаас цоожилдоггүй. Харин түлхүүрэнд урт оосор хийнэ. Гадаа тоглохдоо түлхүүрээ гээчихээс сэрэмжлүүлж байгаа нь тэр. Гэхдээ л түлхүүрээ гээчихээд байрныхаа хүүхдүүдтэй хайж, аав ээжээ иртэл гадаа тоглох юм уу, айлд байдаг байлаа. Хөгжилтэй, хөгтэй бага насны гэгээн өдрүүд, хүүхэд насны дурсамж сэтгэл сэргээнэ. Цоожтой хаалганы цаана орхисон хүүхдүүд тоглож наадаж байгаад гал алдсаны улмаас тусламж авч чадалгүй амиа алдсан хэрэг Хөвсгөл аймагт гарлаа. Цоожтой гэрт цонхны цаанаас үеийнхнийхээ хөгжилтэй наадан тоглохыг харсан хүүхэд тавцан дээрээ гарч, амиа алдах шахлаа. Азаар сайн санаат хүмүүс түүнийг аврав. Энэ мэт мэдээллийг сонссон хэн бүхний зүрх шимширсэн байх.

 

Мэдээлэл нээлттэй болсон энэ үед заримдаа чихний хажуугаар өнгөрөөмөөр ч итгэмээргүй зүйл сонсогдох юм. Хоёр настай хүүхдээ хэрэг тарилаа хэмээн зэмлэж, “гар хүрч” орцондоо хөөн гаргасан эхийн тухай дуулна. Эхнэрээсээ салахдаа охиноо өөр дээрээ аваад хамтран амьдрагчтайгаа нийлж зодож, тамлан амь насыг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан нь хүүхэд хамгаалах төрийн бодлого үгүйлэгдсэнийг илтгэнэ.

 

Уг нь ч Хүүхдийн төлөө үндэсний төв гэж байгууллага соц үеэс өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж л байна. Энэ байгууллагын удирдлагууд хүүхдийн төлөө юу хийж, хүнд хүчир ажилд нухлагдаж байгаа, хэн нэгний хүчирхийлэлд дарамтлуулж байгаа хүүхдүүдийн төлөө юу хийж байна вэ? Амьтай хүн байна уу? гэдэг шиг “Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга амьд уу” хэмээн  хашхирмаар. Иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн хүүхэд зовж, уйлж, амиа алдаж байхад таг чиг, нам жим. Тэгсэн мөртлөө газар шороо, баялгийн талаарх төрийн бодлогод тэрсэлдэн булаацалдах. Иргэний хөдөлгөөнийхөн гэж мөнгөний төлөө дуугарч, хүний, хүүхдийн төлөө дуугарахдаа хөшинг хүмүүс юм уу даа.

 

Хүүхдийн төлөө ажиллах байгууллага нь хөдлөхгүй, чимээгүй байхад хөндлөнгийн иргэний хөдөлгөөнийхнийг энд шүүмжлээд ч яалтай. Уг нь өнөөдөр Хүүхдийн төлөө төвийн тэргүүн төр, засгийнханд хүүхэд хамгааллын талаар төсөл боловсруулан, төрийн бодлогод тусгуулахаар гүйж баймаарсан. Гэтэл улс төрийн албан тушаалтан шиг л авирлаж байгааг яах вэ? 

 

Хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал ар араасаа гарсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс Гэр бүлийн тухай өргөн барьсан хуулийн төсөлдөө нэмэлт оруулах санал гаргасан байна лээ. Хөдөө орон нутгийн хүүхдийг 8 наснаас нь сургуульд суралцуулах боломжоор хангах, нийслэлийн сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах зэрэг асуудлыг тусгахаар хэлэлцсэнээ дуулгасан. Цаашлаад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэгдэх юм билээ.

 

Хүүхэд гэр бүлээсээ л хүмүүжин өсч торнино. Ирээдүйгээ бодож хөдөлмөрлөхөөс гадна  хүүхэддээ цаг зав гарган, тоглож наадах цаг гаргацгаая, эцэг эхчүүд ээ. Харин эцэг эхтэйгээ хамт хэдий ч хүчирхийлэлд өсөн торниж байгаа хүүхдүүдийг төр засгийн бодлогоор Хүүхэд асрах төвд хүмүүжүүлэх хэрэгтэй. Төрүүлсэн болохоороо эцэг эх бид яаж хүмүүжүүлэхээ мэдэж байна хэмээн өөдөөс ам хаах харгис эцэг эхчүүдэд “хүүхдээ зодвол хуультай” болгоё. Хүүхдээ хайрлах гэж төрүүлснээс бус хүчирхийлж, дарамтлах  эрх тэдэнд байхгүй гэдэг парламентат засаглалтай орныхоо хууль цаазыг хэрэгжүүлэх цаг болжээ. Эс бөгөөс ирээдүйд зарим бяцхан үрс минь хүчирхийлэлд өртсөн “хүн сүрэг” болох магадлал ойрхон байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин