УИХ-ын гишүүн О.Баасанхүү Өргөдлийн байнгын хороонд 200 өргөдөл ирсэн гэх далимаараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар зэхэж буйгаа сэтгүүлчдэд дуулгав. Хэлье гэж хэлэв үү, хэл нь хальтраад хэлчив үү, ямартай ч түүний хэлсэн үг олонд таалагдсангүй. Үнэндээ таалах шалтгаан ч байсангүй. Учир нь Ч.Сайханбилэгийг огцруулаад сайныг үзэхгүйг хэн бүхэн мэдэж буй.
О.Баасанхүү “Ерөнхий сайд хийж чадах хүн олон байгаа” хэмээн хэлсэн. Хийхийг хүсэгчид олон байж болно. Харин хийж чадах хүн олонд тооцогдохгүйг бид харж байгаа. Дорвитойхон нэгнийг Ерөнхий сайдаар сонгоё гэхэд улс төрийн тохироо бүрдэхгүй. Манай, танай нам, миний чиний фракц гэж хэрэлдээд суучих нь ойлгомжтой. Харин энэ хугацаанд юу болохыг тааварлахад ч хэцүү. Наанадаж л төрийн албан хаагчдын цалин цагтаа буухгүй, тэтгэврийн хөгшдийн сүүний мөнгө тасарна. Нийгмийн томоохон бүлгийн амьдрал бүхэлдээ зогсоно гэсэн үг. Зээлийн эргэн төлөлт зогсч, банк нь ч, зээлдэгч нь ч дампууралдаа орно. Өргөдлийн байнгын хороонд ирж буй өргөдөл 400, 500-д хүрч, О.Баасанхүү гишүүн л хийх ажилтай болж мэдэх юм.
Цаашлаад өдгөө ч зогсчихоод байгаа Тавантолгойн төсөл бүр сураггүй болно. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хэлдгээр дахиж тендер зарлана. Тавантолгойн хөрөнгө оруулагч болох гэж багагүй зардал гаргаж, өчнөөн явдал чирэгдэлд өртөж байгаа консорциум зүгээр суухгүй нь мэдээж. Магадгүй Монголын Засгийн газар Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сүмитомо”-ийн нэхэмжлэлээр Арбитрын шүүхэд дахин дуудагдахыг ч үгүйсгэх аргагүй. “Хан ресурс”-ын түүх давтагдана гэсэн үг. Харин энэ тохиолдолд Монголыг хялар нүдээрээ ч харах нэгэнгүй болно гэдгийг хэлэх нь илүүц, уг нь.
Үүнээс гадна өнөө маргаашгүй асуудал нь шийдэгдэх гэж буй Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт бүрэн зогсоно. Ч.Сайханбилэг “Рио Тинто”-гийн удирдлагатай ярилцаж, асуудал бараг л шийдэгдсэн гэдгийг хэлээд буй. Харин энэ цагт Ерөнхий сайдаараа оролдвол Рио ч аятайхнаар хүлээж авахгүй. Учир нь манайд төрийн ажлын залгамж халаа гэх зүйл огт байдаггүй. Өмнөх засгийн хийж байсан ажлыг дараах нь балладаг агуу их үгүйсгэлээр ажилладаг хүмүүсээс ажлын үр дүн хүсээд ч хэрэггүй. Рио-гийн удирдлагатай шинэ тохиролцоо хийнэ гэж дахиад л цаг иднэ. Тэгээд тохирч чадаа ч үү, үгүй ч үү.
Ер нь Монголд Ерөнхий сайд гэх хүн л гай болдог. Тэр нь Ч.Сайханбилэг эсвэл Н.Алтанхуяг хэн гуай нь ч байсан хамаагүй, Ерөнхий сайд болсон учраас тэр л буруутан. Одоогийн нөхцөл байдалд Ч.Сайханбилэгийн оронд ямар ч бурхан бумба нь аврагч болж чадахгүйг бид харж байна. Төсвийн орлого 250 тэрбум төгрөгөөр тасарсан. Гадаад өр 19.5 тэрбум ам.долларт хүрсэн. Үйлдвэрчний эвлэл төрийн албан хаагчдын цалин тавдугаар сарын 1-нээс нэмнэ гэсэн гурван талт гэрээгээ биелүүл хэмээн шахаж эхэлсэн гээд түмэн зовлон байна. Энэ бүхнийг шийдчих шидтэн байгаа бол О.Баасанхүү гишүүн том дуугарч болно. Харин огцруулах асуудлыг хөндөхөөс өөрийг хийж чадахгүй бол дуугүй байх нь нийгэмд тустай.
Н.Алтанхуягийг огцруулаад бид юу олж долоосон бэ. Дорвитойхон ганц шийдвэргүй гацсан засаг л байна. Гаргасан шийдвэр бүхэн нь УИХ дээр унаж, биенийхээ хөлд орооцолдсон хөгжлийн бэрхшээлтнүүд болсон. Одоо Ч.Сайханбилэгийг огцруулаад юуг олж мэрэх вэ. Гаднаас нь өр идэж, дотроос нь өт мэрсэн доройтлын туйл болно. Хүссэн хүсээгүй 2016 онд бүсээ чангалаарай гэчихсэн. Энэ их зовиур дээр зовлон нэмэхийг хэн ч хүсэхгүй байна. Үнэндээ аль ч засаг огцорсон зовлонг нь ард түмэн үүрдэг. Наанадаж л цалин, тэтгэвэр буухгүй гэдгийг дахин улиглъя. Ч.Сайханбилэгийг огцруулаад сайныг огтхон ч үзэхгүйг мөн л дахин давтъя.
В.Хэрлэн