Телевизийн суваг цөөхөн байхад ОРТ сувгаар “маск”- тай хүн оролцож хамаг юмаа хамаагүй ярьдаг нэг нэвтрүүлэг гардаг байлаа. Орос орон агуу том. Хэдэн зуун сая хүнтэй тул ярих сэдэв хамрах хүрээ өргөн. Голдуу л нийгмийн асуудлаа өөрийн амьдралын булай булхайтай хамт дэлгэчихдэг байсан санагдана. Нэвтрүүлгийн энэ хэлбэр “Поли Чудес” шиг манайд тогтож үлдсэнгүй. Хар ярианд, тэр тусмаа нүүр амаа нууж, нуугдаж ярихыг манайхан хэтээсээ үзэхгүй шударга авиртай тул хүн үзэхгүй болж эфирт нутагшаагүй хэрэг.
Харин өвөрмөц нэг багтай нөхөр зурагт дотор сууж байна. Орос хувилбараар бол “Макстай хүн” л дээ. Нэвтрүүлгийн хуучин уламжлалаар өөрийнхөө нууж явдаг “пакт”-ыг ярьсангүй. Хөтлөгчийн хэлж байгаагаар бол “тусгай” ажилтай хүн тул тусдаа замаар мэддэг болсон зүйлсээ ярьж байгаа юм байна. Тавантолгойд манай төрийн хэдэн толгой орооцолдсон тухай өгүүлдэг “Эрт урьдын цагт...” гэж эхэлсэн үлгэр байдаг гэвэл энэ удаагийн багтай хүүрнэгч үлгэрийн шинэ үйл явдал нэмсэн хувилбарыг нь ярьж өгчээ.
“Ну погоди” гэдэг хүүхдийн цувралын шинэ хувилбар байхаас Монгол ардын үлгэрийн шинэ хувилбар гэж уншиж байгаагүй санагдана. Харин улс төрийн үлгэр дээр цаг үеийн шаардлага талуудын эрх ашгийн байрлалуудаас болоод хэчнээн ч хувилбар байж болох юм шиг байна. Энэ удаагийн “Тавантолгой” гэдэг үлгэрийн цагийг хөтлөгч эхний хэсгийг товчилж асуултаа гол баатруудыг сануулан тодотгохоос эхэлжээ. Өөрөө ч үлгэрээ сайн мэддэг бусдад ярьж өгөх түвшинд хүрсэн хүн юм.
Тавантолгой гэдэг уулыг хоосруулж идэх гэсэн хэсэг муу хүмүүс байсан болоод нэг баатар тэдэнтэй ганцаараа үзсээр хадан гэрт хоригдож зовсон тухай үлгэрийн нэг хувилбарыг Н.Энхбаяр өвөө бидэнд ярьж өгсөн л дөө. Ингэхдээ жоохон үйл явдлыг нь өөрчлөөд ярьчихсан юм уу. Тэр хувилбар нь багтай ахад таалагдаагүй юм уу. Ямар ч байсан бидний урьд сонссон үлгэрийн зарим нэг хэсэг нь өөр болсон л байна.
За ингээд үлгэрийн цагийн тухай сэтгэгдэл.
Мангасуудад Тавантолгойгоо алдчих гээд байсан “Майнинг инфо” гэдэг нөмрөгтэй Батсайхан гэдэг ядарсан баатарт Сү.Батболд гэж баатар тусалдаг хэсэг нь хэвээрээ. Гэтэл нь ард М.Энхсайхан гэж хуяг дуулгагүй харц ядуу хүү зогсч байснаар үлгэрийг өшөө гоё баяжуулж ярихаар багтай ах ирсэн юм байна л даа. Ашгүй дээ. Аймаар уйтгартай болж байсан үлгэр ингэж шинэ бүлэгтэй болох нь ээ. Гоё. Үлгэрийн номны үнэ хэвээрээ байгаад доторх үйл явдал нь сонирхолтой, хуудас нь олон болно гэдэг тун ховор.
Багтай ярьж байгаа болохоор бүр айдастай үнэмшилтэй болж байна ш дээ. Тэр найруулагч ах бас үзэгчдийн сэтгэхүйн онцлогийг мэддэггүй “ноль” дурак байна. Ийм сонирхолтой шийдлээр баг зүүсэн хүнийг бүр харанхуйд яриулах байсан юм. Тэгсэн бол том жижиггүй үзээд хот эл хуль. “Энийг хараа. Стерлита гарч байсан үеийнх шиг болчихож. Багтай хүн ярьж байна...” гээд л бөөн “пост” шейр болохгүй юу.
За энэ ч яахав. Багтай ахын үлгэрт Очирбат өвөө бас нэг баатар болоод ороод л ирж байна. Хөтлөгч эгч тэр өвөөг бас сайн мэдэж байна аа. Угаасаа энэ үлгэр дотор байсан хүн бололтой.
Хөтлөгч “аан тийн. Нэг тийм өвөө нэг хадны орой дээр суугаад байсан тэ. Хажууд нь Энхсайхан баатар бас цуг байгаад байсан уу?. Тийн, тэр өвөө нээрээ алтнууд хаана нуугдаж байгааг ёстой сайн мэддэг байсан тэ” гээд л үлгэрийг үнэн хөгжөөж байна. Гоё. Үлгэрээ мэдэхгүй хүнээр үлгэрийн цаг хөтлүүлж яриулдаг байсан бусад хүүхдийн нэвтрүүлгийн ах эгч нар ер нь тэнэг байж.
С.Баяр гэж ууртай царайтай баатар ах Н.Энхбаяр баатартай нийлээд М.Энхболд гэж нэг баатраа сэлэмдээд. Үнэн “эв” байхгүй. Улс орондоо “баяр” төрүүлэхгүй баатрууд байх. Юу булаацалддаг юм гэж үү. Хамгийн том баатар нь л болох гэхгүй юу.
Бид нар хэдэн баатрууд халз байлддаг энэ хэсгийг мэднэ ш дээ. Үлгэрийн эхэн хэсэгт яг энэ чигээрээ яригддаг. Багтай ах бол энэ хэсгийг өшөө гоё болгож ярьсан. Өнөө ядуу хүү Энхсайхан баатар чинь л ер нь сүүлдээ жинхэнэ муу баатар нь болж үлгэрийн эхний хэсэг төгсөх юм шиг билээ.
Хуучин үлгэр дээр нэг зун баахан ардууд баатруудын цэрэгтэй чулуугаар байлддаг хэсэг байдаг. Тэр байлдааныг чинь намхан муу ордноо нурааж шинэ гоё ордон барих гэсэн нэг хаан нь удирдсан болсон. Янзын сонирхолтой болж байгаа биз дээ.
Хүмүүсийг өдөж хуучин байшин руугаа чулуу шидүүлсээр байж нураагаад тэгээд “ардуудаа туслаарай” гэж байгаад дахиад гоё ордонтой болоод л. Тэгсэн өөдгүй. Өнөө гоё ордонтой болох санааг гаргасан баатрыгаа бусад хаад нь хавчаад “одоо яв” гэсээр байгаад завинд суулгаад далайгаар аймаар хол явуулсан гэж байна. Гэхдээ нөхөрлөл гоё. Завинд нь шагнал гээд аягүй их алт мөнгө өгөөд далайн цаана усанд тавьчихсан гэнээ. Үлгэрт байдаг хэсэг л дээ. Гэхдээ хөтлөгч эгч өшөө гоё өрнүүлээд асуугаад байхаар шинэ юм шиг л сонирхолтой байсан.
Тэр далайд цөлөгддөг Баяр гэдэг баатар нь алттай газруудаа улсдаа өгөөд явчихсан. Нэг хэсэг газрыг нь бүтнээр нь орхиод гадны хүмүүсээр ухуулаад хар алт гаргаж аваад баяжаарай гээд. Тэгээд одоо тэр газар дээр нь үлдсэн баатрууд нь булаацалдаад хоорондоо байлдаад... үлгэр ёстой гоё урт болсон байна лээ. Уянгаа эгч бас нэг баатрыг арал дээр гоё байшингуудад амьдарч байгаа гэж богинохон үлгэр яриад л байдаг. Тэрийг чинь нийлүүлээд одоо нэг үлгэр болгочихсон “багтай” ахаар яриулж байна.
Хаадыг бариад байдаг том агуйтай хэсэг үлгэрт нэмэгдсэн байна лээ. Тэрийг том хаан мэддэг. Бас Алтанхуяг гэдэг нэг баатар гэнэт алга болчихдог ш дээ. Тэрийг чинь үлгэрт бас шинээр гаргаад ирсэн байна лээ. Тэр баатрыг нь “хурдан алга бол, тэгэхгүй бол эхнэр хүүхдийг чинь өнөө том хааны мэдэлд байдаг хар агуйд хийнэ” гэж найз баатрууд нь айлгасан гэнээ. Тэгээд алга болчихсон гэж байна. Оронд нь гарч ирсэн шинэ “ерөнхий” баатрыг бол бүгд айлгадаг болсон. Үлгэр ер нь улам л аймаар болоод байна.
Энержи ресурс гэж арал байгаа, тэнд баатрууд цугладаг. Дандаа л муу баатрууд. Үлгэрийн эхэн дунд яригддаг бараг бүх муу баатрууд тэнд л байна гэнэ. Харин багтай ахын хайртай баатрууд бол тэнд очдоггүй юм шиг билээ. Багтай ах тэр аралд маш дургүй юм шиг санагдсан. Хөтлөгч эгч бас тэр арлын хэсэгт дургүй юм байлгүй. Багтай ах тэр хэсгийг яриад үлгэр яг “чухал” болж эхлэнгүүт үлгэрийн цагаа зогсоосон шүү. Өшөө гоё үргэлжлэл байгаа байх аа.
Ийм энгийн хөгжилтэй юм биччихээд “Нэргүй”-гээс гэж бичиж нуугдаад ч яахав дээ би...
Пүрэвжавын Баярхүү /тоймч/