Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэ баярт оросууд хэдэн сарын өмнөөс бэлтгэж, ёслолын парадыг дэлхий нийтэд гайхуулахад бэлэн болоод байна. Гэхдээ энэ зөвхөн оросуудын ялалт, баяр биш. Монголчууд ч баярлах эрхтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нарт баярын урилга илгээхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг тэргүүн эгнээнд тавьсан нь санаандгүй хэрэг биш. Дэлхий нийтийг нөмөрсөн энэ л дайны үеэр Орос, Монголын ах дүүгийн найрамдалт харилцаа улам батжиж, алтан хуудсанд тэмдэглэгдэх болсон юм.
1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, засаг мэдэгдэл гаргаж ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн байдаг. Монголчууд ч хэлсэн үгэндээ хүрсэн.
"Бүхнийг фронтод","Бүхнийг ялалтын төлөө" гэсэн уриан дор нэгдсэн монголчууд юугаа ч харамлаагүй. Хоол хүнснээс эхлээд хувцас, үнэт эдлэл, зэвсэг техник, агт морь, мөнгө төгрөг, мал зэргээр бодит тусламжийг илгээж байв. Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлжээ. 1941 оны ХI сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд үүнд 15 000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл багтжээ. Үүнээс гадна Монгол зэвсэг техникийн том тусламжийг үзүүлсэн. Тэр нь “Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цуваа байв. Монголын Засгийн газар 4.5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг цуглуулан хуримтлуулж, танкийн цувааг бий болгосон түүхтэй.
Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль. Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадриль Белорусс, Литва, Дорнод Прусс, Польш, Герман, Чехословакийн нутгийг чөлөөлөх байлдааны үүргийг амжилттай биелүүж, Монголын ард түмний итгэлийг биелүүлсэн билээ.
Мөн монгол хүний бахархал болсон агт морио ч илгээж байсан нь өдгөө хөшөө болон мөнхөрч байна. Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод 32.538 шилдэг хүлгээ бэлэглэсэн байдаг. Товчхондоо монголчууд дайны жилүүдэд Оросын найдвартай ар тал болж чадсан юм.
Дэлхийн 27 улсын төрийн тэргүүн В.Путины урилгаар ОХУ-д очоод буй. Тэр бүгдтэй гар барьж мэндчлэн, уулзалт хийсэн В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэгээ үзүүлж байсан та бүхнийг Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт урих нь зүй ёсны хэрэг” хэмээн онцолсон нь энэ бүхнийг эргэн дурсаж, үнэлсэн хэрэг биз ээ.
Москва хотод өнөөдөр эхлэх ёслолын парадад дэлхийн 10 орны 15 мянган албан хаагч оролцоно. Тэдэнтэй Монголын 75 хөвгүүн мөр зэрэгцэн алхаж, 70 жилийн өмнөх ялалт хамтын байсныг батлах юм.
Орос, Монгол хоёр орон мөнхийн хөрш. Бас ах дүүгийн найрамдалт харилцаатай. Бусдын түрүүнд дипломат ёсоор баталгаажсан энэ харилцаа хэдэн арван жилийн өмнөх хүнд хэцүү цагт үүсэн бий болж, улам баталгаажсаар буй билээ.
В.Хэрлэн