Цагаан махны хар хэрэг
2015-05-07

 

Манай улс муу юм бүхнээрээ “Азийн бар” байж гаршив. Чанаргүй их дээд сургуулийнхаа тоогоор ч тэр, нэг хүнд ногдох архины хэмжээгээр ч тэр, сонин, телевизийн тоо ч ялгаагүй аль хэдий нь ээ “ориг” баруудыг тоосоороо булсан. Энэ бүхнээс гэмт хэргийн гаралт ч мөн хоцорсонгүй. Энэ мэт хөгжилтэй орнуудыг хойноо орхисон муу жишээ бол захаас гараад засмал зам хүртэл олон бий.

 

Одоо бүр гэмт хэргийн ертөнцөд өнгө өнгийн цэцэгс гэдэг шиг улаан, цагаан, хар хэргүүд хэмжээ хязгаараа алдлаа. Улаан махны хэрэг гэж ямар жигшмээр бузар зүйл билээ дээ. Тэгээд ч улаан ч бай, цагаан ч бай гэмт хэрэг л юм хойно яаж сайхан байв гэж.

 

Харин “Цагаан махны хэрэг” гэсэн нэр томъёог монголд хэрэглэдэг эсэхийг сайн мэдэхгүй юм. Гадаадад бол ийм нэр байх юм билээ. Энэ маань нөгөө л он удаан жил ярьж байгаа оюуны өмчийн хулгайд сайхнаар оноосон нэр шүү дээ. Манай улс тэгвэл Цагаан махны хэргээрээ ч Азийн барууд байтугай хамаг дэлхийн хамгийн хөгжилтэй гэсэн орнуудыг ардаа орхихоор болоод буйг олон хүн өгүүлдэг. Мөн цөөнгүй жишээ ч батладаг. Ялангуяа шаварт унасан сэтгүүлзүйн салбарт цагаан махны хэрэг гээч зүйл зах хязгаараа алдаад байгааг аль хэдий нь “эрдэмтэн” төрхтөнүүд анзаарсан нь лавтай. Гэхдээ МСНЭ болоод хөгшин залуугаараа ялгарсан сэтгүүлчдийн энэ олон холбоонд хяналт тавих хүсэл, зориг дутаж байгаа нь жинхэнэ эмгэнэлтэй. Одоо тун удахгүй “Залуу сэтгүүлчдийн” тодотголтой бас нэгэн холбоо хаалгаа нээхээр болсон гэнэ. Ингэхдээ тэд “Телевизийн царайлаг охидыг удирдах зөвлөлдөө элсүүлэх нь ашиг тусад маань зүйд нийцнэ” гэсэн албан ёсны дүрэм батлан гаргаж гэв. Арай гэж халаглахад арга барагдмаар юм.

 

Тэгвэл зөвхөн энэ жишээгээр бид сонгуулиас үүдсэн гай гамшиг сэтгүүлзүйн салбарын ирээдүйг хэрхэн бүчин авч байгааг тодоор харж болох билээ.  

 

Одоо халаглаж, хадуурахаа түр азнаад цагаан махны хэргийг хэн гардан хийж байгаа тухай өгүүлэх нь зөв биз. Үнэн чанартай дунд үеийнхэн сэтгүүлзүйн салбараа шороотой хутгаж, улаан мөнгөний хойноос увайгүй царайлаад гүйж байсан боловч хүний мэдээ, нийтлэлийг зоргоороо өөрчилөөд /ийм хулгайг тоолж барахгүй/ тавчих зоригтон тун бага байжээ. Гэтэл сэрж, өөрчлөх ёстой шинэ үеийнхэн маань цагаан махны хэргийг сүргээрээ үйлддэг болоод цөөнгүй жилийг үдэж байна. Өдөр тутмын сонины сэтгүүлч урлаг, спортын нүүрийг суудлаасаа өндийлгүй, ухаалаг утасныхаа дэлгэцийг самардалгүй маш богино хугацаанд тун хялбархан дүүргэдэг суут ухаантан болжээ. Тун саяхан гэмгүй нөхөрлөдөг нэг нөхөр минь “Сайтууд дээр гарсан мэдээллийг танигдахын аргаггүй болтол өөрчлөх гэж хэрэндээ л зүдэрдэг юм даа” гэж урд чадвараа гайхуулж асан удаа ч бий. Мөн маш тодорхой ганцхан баримт хэлэхэд интернет сүлжээ тасрасан тохиолдолд өдөр тутмын сонин дугаараа шилжүүлж чадалгүй хоночих шахдаг юм шүү дээ. Тэгвэл мэдээлийн сайтууд гэдэг мэдээллийн их уурхай биш гэдгийг жирийн иргэн ч гадарлахтайгаа болжээ. Улстөрийн сонгууль гэж балай “тэмцээний” балгаас болж сүүлийн жилүүдэд мэдээллийн вэб сайтууд хэтрүүлж хэлбэл гантай зуны цэцэгсээс илүүтэй “ургаж” ирэв. Бүр монголын “Топ 150” сайтын жагсаалт гэж сайтуудын холбооноос гаргасан байвал та яах вэ. Би лав уулга алдсан юмдаг.

 

 

 

Харин тэдний хэдэн хувьд нь мэргэжлийн сэтгүүлч байна вэ? гэсэн үзүүлэлтээр аудит хийвэл урам хугарахаар тоо гарна. Түүний оронд цагаан махыг хэн гардан хийж байна? вэ гэсэн шалгалт хийвэл харин ч зугаатай байж мэдэх юм. Тэгээд ч манайхан хүний мууд дуртайг хэлэх үү...

 

Маш товчхондоо тэдний тухай дурдахад ХУЛГАЙЧ гэдэг хатуу үгийг хашилтанд хийх ч шаардлага байхгүй. Тухайлбал bоlod.mn, orloo.mn, noyon.mn, fact.mn, yahuu.mn, zaluu.com гэх мэт мэдээллийн олон сайт цагаан махны хэргээр дагнан ажиллаж байна. Цөөн үгээр хэлбэл хувь сэтгүүлч түрүүлэн сэтгэснээрээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл түрүүлж мэдээлэл түгээснээрээ “Хохь чинь” болж хоцордог хөөрхийлөлтэй тогтолцоонд шинэ зууны сэтгүүлзүйн салбар шилжсэн байх юм. Ийм байхад шударга өрсөлдөөн, ардчилсан тогтолцоо гэх мэт сайхан үгсийн талаар ярих нь бүр ч утгаггүй. Тийм л болоод өнөө цагийн нэр нөлөөтэй гэгддэг сэтгүүлч бүсгүй “Сэтгүүлзүйд үүр цайгаасай” гэж уулга алдсан биз.

 

Тэгвэл телевизүүд өдөр тутмын сонингуудаас харж мэдээлэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг гэвэл та итгэхгүй дээ. Сэдвийн мэдээ хэмээн гоёор хэлдэг атлаа сонинууд дээр гарсан мэдээний араас хөөцөлддөг тухай телевизэд ажилладаг дотно сэтгүүлч маань хэлсэн удаа бий. Тэгэхээр ухаандаа сэтгүүлзүйн өнөөгийн байдал болоод хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл яг л гар бөмбөг шиг нэг нэгэндээ “дамжуулдаг” болж таарч байгаа юм. Маш товчхон хийгээд муйхарлан томъёолох юм бол “Сайт+сайт+сонин+телевиз” гэсэн замаар таны авч буй мэдээлэл урсч байна. Энэ бүхний эцэст өнөөгийн цагийн телевизийн урлагт сайхан царай, сэдвийн хулгай гэсэн хоёрхон үзүүлэлтээр дүн тавьж болж байна. Ямар байна даа.  

 

Уг нь сэтгүүлзүйн салбарт заавал мэргэжлийн диплом гардан авсан хүн хөл тавих албагүй л дээ. Дөрөвдүгээр ангийн боловсролтой нөхөр 40 жил дурсаад ч хуучраагүй нийтлэл бичсэн түүх ч олон байна. Гэвч дээд боловсролтой, мэргэжлийн димломтой нөхөр 40 жил хулгай хийж амь зуух боломжгүй гэдэгт олон залуу сэтгүүлч итгэлтэй байдаг. Тиймээс л хэвлэлийн эрх чөлөө гэдэг эрх чөлөөтэй хулгай хийхийн нэр биш гэдгийг сэтгэх сонирхолгүй ч сэлж амьдардаг хэсэг сэтгүүлчид эртхэн яаж ойлгуулъя даа.

 

 Эх сурвалж:

 

 

 

Shuud.mn
Сонин хачин