Шийдлийн Засгийн газрыг шийдвэрээ хэрэгжүүлэхэд парламент дөнгө тавилаа. Уг нь улс төрийн хүчнүүд хамтарч засаг барьсан үедээ хүчтэй, улс орны хөгжлийн бодлогыг хэлэлцэн шийдвэрлэж, алсын хараатай шийдэлд хүрдэг гэсэн эртний сайхан үг, үйл хэрэг эдүгээ ул болжээ.
Шинэ онтой зэрэгцэн байгуулагдсан Ч.Сайханбилэгийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш эдийн засагт далайцтай, жинтэй бодлогыг цаасан дээр боловсруулсан хэдий ч амьдрал тусгалаа олж, ард иргэдэд мэдрэгдсэн зүйл үнэндээ алга. Он гарсаар эдийн засаг улам хүндэрч, өнөөдөр дампуурлын ирмэгт ирснийг гадна талаас бус танхимын сайдууд нь хэлж байгаа. Үүнийг улс орны онцлогоос шалтгаалж, жил бүрийн эхний улиралд төсөвт мөнгө орж ирдэггүйтэй холбон тайлбарлаж болно, одоо ч энэ тайлбарыг хэлж байгаа. Энэ нь гэнэтийн хүндрэл биш, үүнийг тухайн оны төсөв, эдийн засгийн хүндрэлийг батлах үедээ хэлэлцэн, шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тооцон, мөнгөө улсын дансанд хэдийнэ байрлуулсан байдаг байлаа. Харин өнөөдөр улсын дансан улайсч, цалин, тэтгэврээ дөнгөн данган тавьж байгаа. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн ч тендэрт шалгарсан компаниуд ажлаа эхлээгүй, төсвөөс наанадаж урьдчилгаа санхүүжилт авахаар харзнаж байна. Бизнесмэнүүд улсаас урьдчилгаа мөнгө хүлээж цаг алдалгүйгээр банкнаас зээл авч ажлаа эхлүүлэхийг хүсэвч хаширлаж байгаа бололтой. Учир нь өмнөх жилийн ажлын гүйцэтгэлийн мөнгийг Сангийн яам өнөөдөр ч шилжүүлээгүй, тиймээс ч бизнесмэнүүд мөнгөгүй байна. Төрийн ажлыг өөрсдийн мөнгөөр гүйцэтгээд дараа нь мөнгөө авахаар тооцоолсон бизнесмэнүүдэд ч дампуурал нүүрлэжээ. Бүүр тодруулбал төр өөрөө мөнгөгүй болоод зогсохгүй, баялаг бүтээгчдээ дампуурууллаа.
Өнөөдөр парламент сөрөг хүчингүй, хамтарч засгийн эрх барьж байгаа хэдий ч төсвөө мөнгөгүйдүүлж, засгийг ч ажлаа гүйцэтгэхэд саад тогтгор тавилаа.
Ерөнхий сайд яг сарын өмнө олон нийтийн телевизээр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь ээлжийн санхүүжилт 4 тэрбум ам.доллар удахгүй орж ирнэ. Гэрээ хэлэлцээр сүүлийн шатандаа явж байна. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг л зурах үлдлээ. Тавантолгойн гэрээ үзэглэгдсэнээр эхний ээлжинд 250 сая ам.долларын урьдчилгаа мөнгө шууд орж ирнэ. Цаашлаад гурван жилийн хугацаанд 4 тэрбум ам.долларын санхүүжилт хийгднэ. Тавантолгойн төсөл хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж, иргэдийн 1072 хувьцаа ч эдийн засгийн эргэлтэд орно” гээд л хаврын ханш нээхтэй зэрэгцэн амны, ашдын бэлгэтэй сайхан мэдээллийг дуулгаж, Шийдлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар чихнээ чимэгтэй мэдээллийг ар араас нь хөврүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг сарын хугацаанд нэг ч ажил хийгдсэнгүй, хэрэгжсэнгүй. Ерөнхий сайдын хийсэн мэдээлэл, тэр дундаа “Тавантолгой” улстөрчдийн “уран жиргээ” болж хувирлаа.
“Тавантолгой”-н төсөл УИХ дээр очоод бүүр гацчихлаа. Гэрээний төслийг оруулахдаа УИХ-аар 14 хоногийн хугацаанд шуурхай хэлэлцүүлж, төслийг өнөөдрийн байгаа хувилбараас хэт өөрчлөхгүй байх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүсэлт ч дашийн шог боллоо. Уг нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайдын саналыг хүлээн авч УИХ Тавантолгойн төслийг шуурхай хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж албан үгээ дайж байсан. Гэвч энэ нь Ерөнхий сайдын санал төдийгүй, мөнгөний урсгал манай руу чиглэж, эдийн засаг сайжрах нь гэсэн ард олны итгэлийг огоорч, хулхин дээр цэцэг ургуулжээ.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг зарим гишүүд хуулинд хэр нийцэх бол гэж эргэлзэж байсан. Учир нь УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсний дараагаар ажлын хэсэг байгуулдаг дэгтэй. Цаашлаад ажлын хэсэгт багтсан гишүүдээс М.Сономпил намын байр сууриа хадгалах үүднээс татгалзсан. Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайханыхаа үгнээс зөрөх, урвах зүрх эрхэм гишүүнд байхгүй. М.Сономпил гишүүн намын батлахаараа түүнд үнэнч байхаа тангарагласан биз ээ.
“Тавантолгой”-н төсөл эрх ашгаараа гагнагдсан улс төрийн хүчнийг ч хагаралдуулж байна. “Шударга ёс” эвсэл дэх МАХН “Тавантолгой”-н ордын ашиг ард нийтэд тэнцүү хуваарилагдан өгөөжөө өгөх ёстой хэмээн улс төрийн хүчний байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргасан бол МҮАН Засгийн газрын өргөн барьсан гэрээний хувилбарыг дэмжиж байна.
Ажлын хэсгийн ахлагчаар гишүүн Л.Эрдэнэчимэгийг томилсон нь олны нүдийг орой дээр нь гаргав. “Моносын эм нялхсыг хордуулж амь насанд нь аюул учруулаад байхад арга хэмжээ авахгүй мөртлөө эрх ашгаа тэргүүнд тавьж, “Тавантолгой” руу улайран дайрлаа. УИХ дарга ч бас намынхаа тэр олон УИХ-ын гишүүд дотроос эмийн санч хүнийг стратегийн том ордын асуудлыг хэлэлцүүлэхээр томилоод байдаг. Наанадаж Ажлын хэсэгт багтсан, Уул уурхайн экс сайд Д.Ганхуягийг томилж болно шүү дээ” хэмээн олон нийт ам муутай ярьцгааж байсан. “Тавантолгой”-н гэрээний төсөл угийн зөрчилтэй байсан АН-ын хагаралыг ч улам хурцатгасаар байна.
Харин энэ дунд “Тавантолгой”-н гэрээний төслийг хэрэгжүүлэх нь зөв” тавхан үгээр нэгдсэн байр сууриа илэрхийлж, хөндлөнгөөс чимээгүйхэн инээмсэглэл тодруулан, талцаж, хуваагдалгүй оршиж буй улс төрийн хүчин бол МАН. “Тавантолгой”-н гэрээний төслийн хэлэлцүүлгийн үеэр МАН Ч.Сайханбилэгийн танхимыг дэмжих үү, АН-ын дарга, спикер З.Энхболдын талд кноп дарах уу гэдгийг өнөөдөр тааж эс мэднэ. Сөрөг хүчнийг халж, Засгийн газарт хамтран, парламентад “73-ын бүдүүн” бүлэг байгуулсан улс төрийн ууган хүчний дотоод бодлого задардаггүй журамтай. Тэгээд ч “Шадав нь авна уу, Готов нь авна уу хамаагүй” гэгчээр Ч.Сайханбилэгийг дэмжсэн ч, З.Энхболдыг дэмжсэн ч МАН-д сөрөг нөлөөгүй, хэнийх нь ч талд орсон АН мандахгүй, МАН сөнөхгүй. Өнөөдрийн үнэн гэвэл энэ л байна.
Ямартай ч “Тавантолгой”-н гэрээний төслийг парламентад өргөн бариад ажлын 7 хоног өнгөрлөө. Ерөнхий сайдын санал болгосон хугацаа талдаа орж байна гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр уг төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байна. Цаашлаад энэ долоо хоногт байнгын хороо, парламентаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ч тусгагдсангүй.
“Тавантолгой”-н гэрээ ийнхүү парламентаар орж, Ерөнхий сайдын тэр өдрийн сайхан мэдэгдэл өнөөдөр агаарт замхрав бололтой. Нөгөөтэйгүүр 2012 оны сонгуулиар эрх ашгийн төлөө атгалцсан эрхмүүд, засагт хамтарсан “73-ын бүдүүн бүлэг”-ийн гагнагдсан гинжийг “Тавантолгой” таслах нь ээ.
Н.Энхбат