Нэг тайлантай л болчихмоор байна
Ясны хөрөнгөтнүүдийн төвлөрөл болсон асар том зах зээлтэй Америк тивтэй харьцуулахад бага байж болох ч 3 сая хүнтэй цөөхөн баялаг бүтээгчтэй манай улсад татварын дундаж хувь хэмжээ 24.4 байна гэдэг хөнгөхөн татварт орохгүй. Манайд татварын давхцал ихтэй тул 24.4 хувь нь 30 хувьд хүрдэг гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах, мөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 3-5 хувьд байлгах, борлуулалт ашгийн зэрэг татварыг нэг удаа авдаг болох зэргээр татварыг хөнгөлөх шаардлагатай гэсэн эдийн засагчдын үгийг төр сайн сонсоогүй л байгаа бололтой.
Ерөнхий сайдын чуулган дээр хийсэн татварын орчины шинчлэлийн талаарх мэдэгдэл олны анхааралд байна. Тэрээр татварын орчныг бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглүүлж өөрчилнө гэжээ. Ингэхдээ жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор боловсруулсан НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ гэж мэдэгдлээ. Мөн хэрэглээний татварт суурилсан татварын бүтцээ илүү хадгалан, цаашид боловсронгуй болгох үндсэн чиглэлийг барина гэдгээ онцолжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвар нь төсвийн орлого бүрдүүлэхээс илүүтэйгээр зах зээл дэх хяналтыг нэмэгдүүлэх үүрэгтэй татвар тул эцсийн хэрэглэгч иргэн өөрийн худалдан авалтаа бүртгэх замаар төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авах боломжийг бүрдүүлнэ. Татварын шинэчлэл хийх хамгийн гол зорилт нь Татварын хуулийг тэгш, шударга хэрэгждэг болгох явдал. ... гэж үзээд ... өнөөгийн татварын тогтлолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатай байгааг олж харснаа Ерөнхий сайд хэлжээ. Ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд хувь хүний орлогын албан татвар, харин бэл чинээтэй хөрөнгөтэй хүмүүст чиглэсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулан Их хуралд танилцуулна гэсэн байна.
Энд олон өөрчлөлт нааштай алхмууд дурьдагдаж байгаа боловч бэрхийг туулж яваа татвар төлөгчдийн хүлээж буй реформ үүнээс арай өөр байгаа. Тэд татварын өндөр хувийг багасгаж нэг жишиг болгож татварын баазаа томсгох ёстой гэж үздэг. Энэ нь татварын өндөр хувь хэмжээг бууруулж, бүгд төлдөг болохуйц болно гэсэн санаа.
НӨАТ албан татварын хувьд босгыг /10 сая/ байхгүй болгож бүгд жигд төлдөг болгох хувилбарыг татвар төлөгчид хэлдэг. Үйлдвэрийн бааз суурь сайтай, үйлдвэрлэл нь төрөлжиж хөгжсөн нарийн нийлмэл олон шатлалтай, үйлдвэрлэлийн шатлал бүрт оногдуулдаг НӨАТ /Value added tax/-ийг манай нөхцөлд хүчээр шахуу нутагшуулах гэж янз бүрээр оролдож байгаа нь явсаар бизнесийн хөгжилд сөрөг нөлөө дарамт үзүүлж байгааг төрд олон талаар учирласаар байгаа.
Энэ нь Ерөнхий сайдын мэдэгдэлд тийм ч их тусгалаа олоогүй харагдана.
Бодит байдал дээр бизнесийнхэн тамирын голын мөсийг долоох шахаж олсон орлогынхоо 30 хувийг давхардсан татваруудад өгчихөж байгаа юм. Энэ нь ААН-үүд хуримтлал үүсгэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэргээр бүтээмжээ дээшлүүлж хөгжих дэвших боломжийг хааж байгаа. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчдийн ухамсарт сөргөөр буусан, урмыг нь хугалж мохоосон татварын орчин бий болгож алсуураа эдийн засаг болоод төсвийн бүрдүүлэлтэд олон цоорхойг гаргах болсныг баялаг бүтээгчид хэлдэг. Мөн татварын хувь хураамж өндөр, давхардал ихтэй байх нь өөрөө далд эдийн засгийг тэтгэх хөшүүрэг болоод байгаа.
Ерөнхий сайд татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар хийсэн мэдээлэлдээ татварын шудрага ёсыг тогтоох талаар анхаарахаа хэлжээ. Энэ мэдээж сайн хэрэг. Нөгөө төлд нь бодит хөрсөн дээр буусан жигд татвараар татварын бааз сууриа өргөтгөж, өршөөлийн хуулийг яаравчлуулан ААН –үүдийг хуурамч тайлангаас нь салгах хэрэгтэй гэж бизнесийнхэн учирласаар байгааг дахин хэлэх ёстой байх..
Татварын зөрчлийг зоригтой цэгцэлж бодит хөнгөлөлт бий болгосноор хүмүүсийн урам сэргэж, баялаг бүтээх сонирхол ихсэж, далд орлогууд ил болох эхлэл тавигдаж, хуурамч тайлангуудын архив хэрэггүй болно. Хэтдээ улсад төвлөрөх татварын орлого бодит хөрсөн дээр нэмэгдэх суурь болох учиртайг эдийн засагчид, бизнесийнхэн төрд хэлсээр байгаа ч төрийн бодлогод тэр бүр тусгалаа олохгүй л байгаа юм.
Татвар их байвал төсвийн орлого нэмэгдэнэ гэсэн тооцоолол, бага байвал орлого багасна гэсэн айдсын дунд өндөр хувь хэмжээ барьж ирсэн нь буруу байсныг цаг хугацаа харуулсан. Далд эдийн засаг томорч, гадаадын банк руу гарах алт мөнгөний урсгал нэмэгдээд явчихсан үр дүн л байгаа.
Энэ чиглэлд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болгох зэргээр хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд онцолжээ. Нөгөөтэйгүүр, татвараас зайлсхийхэд л эрүүгийн ял авч, шоронд хоригддог одоогийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай.гэсэн байна. Сайхан сонсогдож байна аа. Гэхдээ энэ бол еэвэнгийн нэг л тал байх.
Дэлхийн бусад орны туршлагаар бол татвар төлөгчдийн авир төрхөд эерэг өөрчлөлт оруулах талын шинэчлэлийг хийх замаар татварын суурь баазаа нэмнэ гэсэн зорилт дэвшүүлж шинэчлэлийг хийдэг байна. Татварын эрх зүйн орчины шинэчлэлийг зөв хийж чадсанаар татварын харилцаа ил тод шударга болох, далд эдийн засаг хумигдах, эдийн засгийн өсөлтийн чанар нь нэмэгдэх ач холбогдолтой болно гэж үздэг.
ААН-үүд жижиг дунд бизнес эрхлэгчдийн бодит боломжоос хэтэрсэн, цаашдынх нь бизнес чадамж өсөлтийг хазгаарлаж боогдуулсан татвар хураамжийг олноор давхардуулан авч байгаа нь үндэсний үйлдвэрлэгч нараа эргээд боомилсон хэрэг болж байгаа талаар Ерөнхий сайдын илтгэлд тухайлан дурьдагдсангүй. Ер нь бол үнэн бодит тайлан баланстай өргөн бааз суурьтай татвар төлөгчид бий болж, одоогийн ил далд хоёр эдийн засаг гэдэг байхгүй болох цагт л татварын орчинд реформ хийлээ гэж үнэлэгдэх юм. Одоо бол бизнесүүд маш товчоор “ нэг тайлантай л болчихмоор байна” гэж хэлнэ. Энэ л өнөөгийн татварыг орчинд юуг нь эхэлж өөрчлөх ёстойг бараг хэлээд өгч байгаа болов уу.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/