Ээлжит шийдвэр
2015-04-30

Төр төмөр нүүртэй гэдэг. Харин Тавантолгой дээр манай төр хоёр нүүртэй болчихоод байгаа юм. “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл гэсэн баримт бичгийг батлах шийдвэр гарснаар хөрсөн дороо хэвтэж буй 7.5 тэрбум тонн сайн чанарын нүүрсийг 50 жилд зах зээлд борлуулаад 250 тэрбум ам.доллар олох асуудал нэг тийш болох юм. Гар утаснаас шуурхай явуулсан санал асуулгаар урам орсон Ерөнхий сайд Тавантолгойгоор хөрөнгө оруулалт оруулахад “бэлэн” боллоо гэнгүүт Ерөнхийлөгч “явуулчихья” гэсэн. Их хурлын дарга харин “байж бай даа, би гэж хүн байна шүү” гэлээ.

 

 

Томоохон хөрөнгө оруулалтыг Засгийн газар бие даан шийдвэрлэх байсан эхний гарц ингээд хаагдав. Энэ бүхэн эсрэг тэсрэг мэдэгдэл, улс төрийн үйл явц гэнэт болоод байгаа юм биш. Төслийн тал ч, эсэргүүцэгч тал ч аль аль нь улстөрчдөд их ойроос нөлөөлж чадаад байгаа л харагдаж байна. Том ордыг ашиглах гэрээг гоомой хийж болохгүй гэсэн болгоомжлол энд байх нь зүй. Гэхдээ Их хурлын даргын эрс мэдэгдэл олон нийтэд гэнэтийн байсан болоод ч тэр үү “надгүй хийчихэж болохгүй” гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн.

 

Одоо хөрөнгө оруулагчидтай Засгийн газрын хийх гэрээ нь Их хурлаар орох болоод ирэхээр улстөрчдийн жинхэнэ “ажиллагаа” явагдаж байгаа хэрэг. Гэрээг Их хурлаар хэлэлцүүлэх сургаар эдийн засагчид, ажиглагчдын төсөөлж байснаар л өрнөж байна. Хүнээр бол энэ хэдэн толгой их “баар”-тай юм. Сайн явахад нь садаа мундахгүй.  

 

Эрх баригчдын зүгээс энэ асуудалд хандаж байгаа байр суурь нь ирэх сонгуулийн фонн болж “мэдэх тул” гэсэн болгоомжлол байгаа учир асуудлыг аль болох удаан барьж их шоудахыг эрмэлзэх нь эхнээсээ тодорхой байсан юм. Цөөнгүй мэргэшсэн улстөрчид энэ асуудал дээр төдийлөн чанга дуугарч байр сууриа ил илэрхийлэхгүй байгаагаас харахад дээрх болгоомжлолын тухай дүгнэлтийг хийж болохоор. Асуудлыг Их хурлаар оруулах тал жингийн таваг дээр илүү дараад ирэхэд хамтраад шийднэ гэж ам бардам байсан намуудын байрь суурь ч тас бөөрөнхий болж эхлэв.

 

“Том төслөө хөдөлгөе” гэж бүлэг дээрээ ярьсан гэх АН-ын шийдвэрт итгэхэд эргэлзээтэй болж байна. Намын дарга нь Их хурлын даргын алхаа атгачихсан хойморь сууж байхад өөдөөс нь сөрж кнопдоод байвал хойтон сонгуулиар тойроггүй үлдвэл яах. Гишүүд бас хүн тул энэ том гэрээн дээр ялгарах хүсэл том амбиц байж байгаа. Намын дарга нь “сайхан мэдээрэй” гэж сануулж байгаа бол зөрүүлээд таныхаар явчихбал намайг дараа яах юм бэ гэж асуухаа мэдэхтэйгээ. Үнэндээ ийм гэнэн төсөөллөөс ч илүү хол “яриа” толхилцоон Тавантолгой дээр ид өрнөж байгаа нь ил болж байна. 

 

Дээрээ ийм байгаа бол одоо иргэдийн дуу хоолой яаж гарч Тавантолгойн талаарх шийдвэрт яаж нөлөөлөх үү. Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх шийд гарсан ч одоо энийгээ бариад улс төржүүлж чадаж байна.  Баялгаас олох ашгийн 10 хувийн эзэн биднийгээ энэ гэрээнээс юмтай үлдээх гэж үзээд байгаа мэт харагдах гэсэн улс төрийн тоглолтыг намууд сурснаараа л хийж байна. Энэ бол гэрээнд суусан байгаа ярьж сайжруулж болох нэг л заалт. Бүхэл гэрээний цөм биш байх.

 

МАН-ын бүлгийн байр суурь бол бүр тас бөөрөнхий. Хоёрдугаар сард ажлын хэсэг байгуулсан. Тэд нар нь одоогоороо энэ асуудлыг судалсаар байгаа гэсэн мэдэгдлийг бүлгийн дарга нь хэлж байгаа. Бүтэн хоёр сар судалж байгаа бололтой ийм мэдэгдэлд одоо итгэх хүн бараг гарахгүй. Хоёр нам нийлж төр барихдаа Тавантолгойг шийдэх тохироотой л байсан. Тулаад ирэхээрээ тохироон дээрээ шийрэгнээд байгаа бололтой дүр зураг байна.

 

Намын бүлгүүд ч бие даагчид ч Тавантолгойн дээр толгойгоо гашилгаж, уснаас хуурай бас унацтай гарчих талаар ухаан зарж гацаа үүсгэсээр хаврын чуулганыг бараг бүтэн барж байна.

 

Тавантолгой талаарх тогтоолын төсөл байнгын хороогоор орох хүлээлт үүсгэж нэг 7 хоногийг барьж чадсаны дараа бие даасан ажлын хэсэгтэй болгож дүгнэлтийг хүлээх ээлжит шийдвэр гарсныг олон нийт өнөө өглөө мэдлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гишүүд тус тус багтсан юм байна. Зарим нь араа бодоод энэ ажлын хэсэгт орохгүй гэж гэдийсэн мэдээ ч гарчээ. Энэ баг Тавантолгойн гэрээний усыг шахаж Их хурлаар хэлэлцэх эсэх талаар дүгнэлт гаргах араасаа хэл амтай байж болох том үүргийг хүлээжээ. Тэдний нягталсан дүгнэлтийг бариад байнгын хороо, цаашлаад Их хурал шийдвэрээ гаргах юм байна гэж үзвэл 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээний хувь заяа “талцаан” дунд дахиад “хэсэг” байх болжээ. Энэ нь Тавантолгойн гэрээний тухайд төрөөс гаргаж буй эргэж буцсан “ээлжит шийдвэрүүд”-ийн сүүлийнх нь байгаасай гэж найдья.  

 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
13546:
1313
2015-04-30
123:
123
2015-04-30
1:
hk
2015-04-30
13546:
1313
123:
123
unshigch B:
250 terbumaas hed n ETT-d ireh um be? Bidnii negee huvitsaand
2015-04-30