Төр, засгийнхныг Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ам уралдан, автор булаацалдаж, цэц мэргэнээ үзэж байх хооронд улсын данс улайж, эдийн засагт дампуурал зарлалаа. Өнөөдөр нэг нийгмээс нөгөөд шилжиж байгаа 1990 он биш. Олон улсад ардчилсан, хөгжиж байгаа орон, цаашлаад байгалийн асар их баялагтайгаараа зарлагдаж, танигдсан. Цаашлаад улсын төсвөөсөө ч баян олгархиудыг өнгөрсөн 25 жилийн хугацаанд төрүүлсэн. Ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчиллын “загалмайлсан эцэг”-үүд төр, засгийн эрх барьж байгаа энэ үед улсын данс улайна гэдэг даанч итгэмээргүй. Улс ядуу, иргэн баян гэдэг тэнцвэргүй томъёолол байж боломгүй.
Үнэндээ АН-ыг парламентад хоёртоо олон суудалтай болгоод ард түмэн дахин хохирлоо. 1996-2000 онд АН-ынхан мөн л улс орныг дампуурлын ирмэгт хүргэсэн, өнөөдөр ч 20 жилийн тэртээх үйл явдал давтагдаж байна. Гэхдээ гурван жилийн өмнө АН-д төр, засгийг барих эрх олгохоо улс баян, дотоод болоод гадаад валют их наядаараа тоологдон улсын дансыг дүүргэж байсан юм шүү. Цаашлаад эрх баригчид Шинэчлэлийн Засгийн газартаа 3.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг төсвөөс гадуур зарцуулах хүрээнд олгож байлаа. Ийнхүү их мөнгөн дээр туйлж, тоглож байгаад дотор нь төөрөлдөв үү гэлтэй өнөөдөр улсын дансыг улайлгаж, их сангийн уутыг гөвчихлөө.
Сангийн яам тэтгэвэр, тэтгэмж, цалинг нь чүү чай тавьж, хүргэх төдий мөнгөтэй байна. Юун бүтээн байгуулалтад зориулж хөрөнгө оруулалт хийх манатай. Өнөөдөр уг нь энд тэндгүй бүтээн байгуулалтын ажил эхлүүлж, амсхийх завгүй ажиллах үе. Гэтэл улсад бүтээн байгуулалт эхлүүлэх хөрөнгө мөнгө алга. Энэ жил улсын төсвөөр ажил гүйцэтгэхээр тендэрт шалгарсан компаниуд, хөрөнгө оруулалт, наанадаж урьдчилгаа мөнгөө хэзээ өгөхийг хүлээж, чих тавин сууцгаана. Харамсалтай нь улсын данс улайчихсан тул урьдчилгаа санхүүжилтийн сураг ч алга.
Зарим компани банкнаас зээл авч ажлаа эхлүүлэхгүй бол гэрээт хугацаанд ажлаа гүйцэтгэж амжихгүй нь гэж сандарцгааж байна. Манай баялаг бүтээгчид ч ажил хэрэгч, аливааг товлосон цаг хугацаанд нь хийгээд сурчихсан хүмүүс. Өнгөрсөн хугацаанд улсын ажил л хойрго, он дамнан хүлээгдэж ирсэн. Хэрвээ баялаг бүтээгчид цаг, ажлын хугацаандаа шахагдан, хөрөнгөө барьцаалж, банкнаас зээл авч улсын ажлыг эхлүүллээ гэхэд гүйцэтгэсэн мөнгөө хэзээ эргүүлж авах нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, улс хэзээ мөнгөө төлөх нь тодорхойгүй учир тухайн аж ахуйн нэгж хохирол хүлээхээр байгаа аж. Банкнаас зээл авч улсын ажлыг гүйцэтгэсэн нь бус, төсвөөс санхүүжилт хэзээ орж ирэхийг хүлээзнэж, сул зогссон нь хожих нийгэм, цаг үед амьдарч байна, бид.
Гарын таван хуруунд багтам олгархиудыг эс тооцвол өөрсдийн бүтээсэн баялгаар иргэдийг ажилтай болгож, цалинжуулж байгаа бизнесмэнүүд, улсад үнэнчээр хөдөлмөрлөж, цалингаасаа өөр орлогогүй эгэл иргэдийн халаасан дахь мөнгө эргээд төсөв рүү урсдаг гэдгийг төр, засгийнхан андахгүй. Өнөөдрийн нийгэмд иргэдийн дийлэнх нь хэрэглээнээс эхлээд ипотекийн зээлтэй. Тиймээс зөвхөн ипотекийн зээл авсан иргэд төсөвт тэрбумаар нь орлого бүрдүүлж байгаа. Ипотекийн зээл хэрэгжсэнээс хойш нийгэмд бий болсон сайн үзэгдэл нь иргэд тансаг хэрэглээнээс татгалзаж, энгийн хэрэглээгээ хүртэл хумьсан.
Хэдийгээр жил бүрийн эхний улирал хөрөнгө оруулалт хүлээгдэж, төсөвт санхүүжилт орж ирдэггүй талтай ч дампуурах хүртлээ данс улайчихсан удаагүй. Үүнийг тухай оны төсвийг батлахдаа тооцоолсон байдаг. Эдийн засаг сэргэлттэй үед тэрбум тэрбумаараа орж ирж байсан гадаад валютын урсгал энэ он гарсаар хасах(-) дүнтэй явж байна. Гадаад гүйлгээгээр экспортын орлого ба импортын төлбөрийн цэвэр зөрүү нь энэ оны эхний улиралд -193 сая ам.доллар болж, 2014 оны мөн үеэс 2.3 дахин буурчээ.
2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг өчигдөр байнгын хороогоор сонссон. Нийт 300 гаруй том төсөл, хөтөлбөр, зорилт дэвшүүлсний 200 гаруй нь 50 хувь хүрэхтэй үгүйтэй хэрэгжиж, 100 гаруй зорилт нь 50 хувиас дээш биелэлттэй гарсан ичмээр дүн сонсогдоно лээ. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны 3 жил нь ард хоцорсон. Одоо нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Үлдсэн 50 хувийг нь жил хүрэхгүй хугацаанд гүйцэлдүүлэх гэж хошигруулаад ч итгэх хүн байхгүй биз. Эдийн засгийн хүндрэлээс болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэж ам таглах гээд ч хэрэггүй биз.
Төр, засгийнхны ухаан санаа Тавантолгой зэрэг том том төсөл хөтөлбөр яриад “бүтээлч, баян, эрүүл-Монгол хүн”-ээ орхигдуулаад зогсохгүй улсын дансыг ч үрэн таран хийж, цацжээ. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчид цалин нэмэгдэнэ гэсэн горьдлого тээж байгаа. Засгийн газар цалин тэтгэвэр нэмэх байтугай зарим албан хаагчийн цалинг бууруулах бодлого барьж байгаа нь нууц биш. Нууц зүйл гэж байдаггүй хойно шийдлийн Засгийн газар “муу нуухаар сайн илчилж” парламент дээрээ хаалттай бус нээлттэй мэдээлэл хийх хэрэгтэй биз ээ. Энэ баасан гаригт Ерөнхий сайдын чуулган дээр хийх мэдээлэл ч энэ чиглэлд хөндөгдөх болов уу. Тиймээс ч төсөв мөнгөгүй болж, данс улайсчихсан юм чинь, дампуурлаа зарлачихвал яасан юм.
Н.Энх