Баялаг түшсэн ПИАР
2015-04-28

Спикер алхаа мартаж, гишүүн Ц.Нямдорж ирээдүйг зөгнөж, С.Бямбацогт Засгаас гарна хэмээн сүрдүүлж, Д.Арвин эмнэлгийн шал угааж, С.Ганбаатар засмал замаасаа хазайн машинаа зогсоож, хүрз зээтүү барин цас ухаж, Л.Эрдэнэчимэг бүргэдээр “туулай” агнаж, Г.Уянга гишүүн хайрын дуу аялж, Ц.Оюунгэрэл хип хопоор үглэж, Д.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар Өршөөлийн хууль хэлэлцэхийг шаардаж, Ж.Батзандан хуучнаа санагалзан Сүхбаатарын талбайд жагсахаа мэдэгдэж гээд дурдаад байвал нэг ангийнхны элдэвтэй зураглал хошин шогийнхноос ч илүү элэг хөшөөхөөр байна. Цаашдаа ч хошин шогийн энэ жүжиглэлт тайзнаа бус амьдрал дээр өрнөх биз. Ирэх өдрүүдэд сонгогч бидний хувьд улс төр их л сонирхолтой, хачирхалтай, нүд хужирлам басхүү заримдаа уур цухал ч төрүүлэх үйл явдлаар үргэлжилсээр байх бололтой дог.

 

Сонгуулийн өмнөх жил буюу энэ он гарснаас хойш улстөрчид үйл хөдлөл бүртээ ач холбогдол өгч, олон нийтийн анхаарлын төвд орчих санаатай патериа татуулан, олон нийтийн сүлжээгээр түгээх боллоо. 

 

Сонгууль өрсөлдөх, нэр дэвших гэдэг парламентын зөөлөн суудалд санаархан горилогчдын хувьд улам л хүч, хөлс, авхаалж авьяас шаардсаар байна. Дээд боловсролтой, хуульч, мөнгөтэй байлаа гээд сонгогчид, нийгэмд өөрийгөө биечлэн танилцуулж, үлгэрлэн уриалахгүй л бол “аз”-д найдах хэрэггүй болж. Эдүгээ хүүхдүүдэд бэлэг тарааж, хөгшдөд цайны сүү түгээж, нэр дэвшигчийн зурагтай аяга, хуанли зэрэг нь нэгэнтээ хоцрогдсон арга барил болжээ. Намын нэрээр дэвшихэд “бор халзан хонь” хүртэл сонгогдоод гарч ирдэг сайхан цаг нь ч ард хоцорч.

 

Хэдийгээр улс төрийн хүчнээс нэр дэвшин өрсөлдсөн ч “намаа дагавал алзахгүй” гээд налайгаад байж болохгүйг “Сант марал” судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүн харууллаа. Маргааш сонгууль болвол хэнд саналаа өгөх вэ гэсэн асуултад УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, дуучин С.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар “топ-10” улстөрчөөр тодорсон. Энэ жагсаалтад эрх баригч хүчний намын дарга, Ерөнхий сайд нар сураг ч алга. Харин сөрөг хүчин байгаад шинэ Засагт хамтарсан МАН-ын дарга М.Энхболдын нэр орон нутгийн топ улстөрчид багтсан байна лээ. Бодвол Төв аймгийнхан түүнд илүүтэй саналаа өгсөн байх. Дээрх топ улстөрчдийн гол пиар нь газар шороо, эх орноо хамгаалахад чиглэж байлаа. Гишүүн С.Ганбаатар гэхэд парламентад сонгогдсоноосоо хойш “Оюутолгой Монголд ашигтай байх ёстой. Монгол Улс Оюутолгойгоос илүү ашиг хүртэх нь чухал” гэдгийг онцолж, баримт дэлгэж, тэмцсээр ирсэн. Тэр ч байтугай “Оюутолгой”-н гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогттой телевизийн мэтгэлцээнд орж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцож, мэдээлэл хийж байсан бол гишүүн Г.Уянга Ашигт малтмалын тухай хуулиар байгалийн нөхөн сэргээлтийг шаардаж, ураны үйл ажиллагааг эсэргүүцэж, “Гал үндэстэн хөдөлгөөн” тэргүүн Ц.Мөнхбаярыг суллах, өршөөл үзүүлэхийг шаардсаар ирсэн. Харин гишүүн Б.Бат-Эрдэнэ Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, ашигт малтмалын лиценз олголтын эсрэг, өвөг дээдсийн өвлүүлсэн газар нутаг, гол мөрөө хайрлан хамгаалахыг уриалан, “Ноён” уулаа хамгаалахаар өлсгөлөн зарласан иргэд дээр биечлэн очиж, дэмжиж байгаагаа ч илэрхийлж байлаа. Дуучин С.Жавхлангийн хувьд мөн л эх орон, газар шороогоо хамгаалж “Хамаг Монгол” төслийн ахлагчаар ажиллан, монголчууд нэгдэхийг уриалсаар ирсэн нь топын жагсаалтад багтаажээ.

 

Нөгөө талаас “Сант марал”-ын судалгааны дүн зөөлөн суудалд тухалж байгаа улстөрчдийн дороос зүү шивэх мэт хатгаж,  “айлгаад” авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс ч одоо л “хөдлөхгүй” бол дараа жилийн сонгууль тоолоход хол ч тоосонд нь дарагдаад хоцорч мэдэхээр байгааг хашир улстөрчид андахгүй байна.

 

Өнөөдөр парламентчид “Тавантолгой”-н төсөл дээр мэтгэлцэж байна. Энэ төсөл хууль тогтоогчдыг гүйцэтгэх засаглалтайгаа ам зөрөлдөхөд хүргэсэн. Арга ч үгүй биз, улс төрийн намуудын ирэх сонгуулийн гол пиар нь “Тавантолгой” төслөөр үргэлжилнэ. “Тавантолгой” хишгийг иргэддээ тэнцүү хуваарилахгүй бол “өгөр толгой Гүрсэд” шиг болно гэсэн үг. Үүнийг парламент дахь улс төрийн хүчний удирдлагууд аль хэдийнэ тооцоолсон байгаа. Тиймээс ч УИХ-ын дарга цахим сүлжээгээр “Тавантолгойн төсөлд 2.1 сая иргэнийхээ саналыг тусгаагүй байна” гэж зүгээр ч нэг гэнэдэж жиргээгүй, давааны цаадахыг бодолцсон хэрэг.

 

Энэ төсөл дээр олны дэмжлэгийг хамгийн ихээр хүлээж байгаа улстөрчид одоогийн байдлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар. М.Энхсайхан сайд төслийн ахлагчийн хувьд цахимаар болон хэвлэлээр тасралтгүй мэдээлэл түгээж, эрх баригч хүчний даргад чиглэсэн сөрөг пиарыг ч хүчтэй явуулж байгаа. Эдүгээ “Тавантолгой”-г түшиглэсэн пиар сонгогчдын хувьцаагаар үргэлжилж, гишүүн Ж.Батзандан Сүхбаатарын талбайд жагсахаар мэдэгдээд байна. Тэрбээр 2.1 сая хувьцаа эзэмшигчийн саналыг авч чадахгүй ч иргэдийн саналыг тодорхой хэмжээгээр сонсох хэрэгтэй гэж үзэж байна.

 

Ийнхүү улстөрчдийн ирэх сонгуулийн бэлтгэл баялагт түшиглэсэн пиараар үргэлжлэх нь.

 

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Oi gutam buzaruud
2015-04-28
uher mongoluud:
kkkk odo yum l bolbol ard tumneesee asuuuna gj tenegtdeg bolj dee er ni bol 2 tolgoigoo zugeer hytaduudad uguud uursduu hudulmurluj uul uurhaigaas uuruur hoolooo olj ideh ni zuv gedgiig engiin ard oilgohgui sh dee
2015-04-28
Zochin:
Ene MAHNIin urvagch nar baigaa tsagt Mongol ulsiin ajliig Enkhbayar zohoin baiguulj ungaakh ajil hiine shuu dee.ard tumnii ner hudlaa bariad bambai hiij bna shuu dee!!
2015-04-28
otgoo:
Tolgoi deer ni iim baahan byzar hvnvvs bhd bid yaj ch shn amidrah bilee
2015-04-28