Гэнэтийн ашигт хөөрөөд үрэлгэн загнаж, цээж задгайлж байгаад навс унасан улс ганц манайх биш юм. Эхнээсээ буруу замаар будаа тээж тарж одоод ухаарал дээрээ эргэн цуглаж “нийлээд яаж хөгжих үү” гэж мэтгэлцэн байгаа дэлхийн ганц хямарсан орон нь бас Монгол биш. Харин бусад улс маань яаж тэр хямралаасаа гарсан бэ гэдэг нь л ярих асуудал. Ойрхоноос бол Путин байна. Эхлээд төрийн дээр гарчихсан олигархуудаасаа салах их цэвэрлэгээг эхлүүлсэн. Далд эдийн засгийг ил болгон өршөөл үзүүлж, хайр даагаагүй нэгнийг нь эх орноосоо хөөж гаргасан гэдэг. Улсынх нь толгой өтсөн байсныг цэвэрлэсэн хэрэг.
Хол жишээ харвал 1929-1932 онд хямраад байсан Америкийг 1933 онд ялсан ерөнхийлөгч Франклин Рузвелт чирч гаргасан байдаг. Тодорхой хэмжээнд эдийн засагт төр оролцох бодлого барин ажлын байр нэмэгдүүлэхэд голчлон анхаарсан гэдэг. Дайны дараах Герман ч мөн л ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ орлоготой болгох орон сууцжуулахад гадаадын тусламж хөрөнгө оруулалтыг хаяж эхэлсэн байдаг. Үүний тулд дэд бүтцийн салбартаа илүү их хөрөнгө оруулж олон мянган ажлын байр бий болох үндсийг бий болгосон. Тэр үеийн Германы удирдагчид нийгмийн баримжаатай зах зээлийн замыг сонгож иргэдээ бага хүүтэй зээлээр орон сууцжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийг тулгуур бодлогоо болгосон нь зөвдсөн гэж эдийн засагчид дүгнэжээ.
Хаяа ойрын жишээ бол Өмнөд Солонгос. Япончууд бүх баялгийг нь зөөгөөд дууссан энэ улсад манайх шиг хүнд гайхуулж хэрүүлийн алим болгочих хэдэн толгой ч байсангүй. Чөлөөлөгдсөн нэрээр хоёр хуваагдсан Солонгосын өмнөдүүд нь 1960-аад оныг хүртэл хөгжлийн чиг баримжаагаа олох гэж өөр хоорондоо үзэлцсээр багагүй цаг алдаж. Энэ үед хүчтэй удирдагч, нэг талын дарангуйлагч байсан гэгддэг Пак Жон Хи гэх генерал гарч ирж ажилгүйчүүдээ “арми” гэж үзэн бүх талаар зүгээр суулгахгүй хөдөлмөрлүүлэх бүтээн байгуулалт үйлдвэржилтийн фронтод зарлан дуудсан гэдэг. Далайн хөвөө дагаж загас барихаас өөр ажлын байргүй байсан улсыг үйлдвэржүүлэх том зорилгод дайчилсан байдаг. Гадаадад иргэдээ олноор илгээж эргээд мэдлэг чадвартай технологийн давуу байдлыг мэдэрсэн өндөр чадвартай ажиллах хүчин болгон буцаан татаж авч байсан. Энэ нь Солонгосын одоогийн хүчирхэг болсон үйлдвэржилтэд том хөрөнгө оруулалт болжээ. Иргэн бүр зүгээр суухгүй, тодорхой үүрэгтэй, ажлын байртай болж үгүйдээ гадаад улс орноос мөнгө илгээж эхэлснээр нийгмийн хямрал нь тогтворжиж эхэлсэн. Гадаадын зээл тусламжийг ихээр авч дэд бүтцээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулж үүнд суурилсан үйлдвэржилтийг бий болгох зэрэг суурь бодлогыг амжилттай хэрэгжүүлжээ.
Дээрх хэдэн орны жишээнээс харахад эдийн засгийн хямрал, уруудал нүүрлэхэд сөрж хийдэг хамгийн үр дүнтэй алхам нь ажлын байр бий болгож аль болох олон хүнийг орлоготой болгох нь эдийн засгийнх нь тэргүүлэх бодлого чиг баримжаа нь байсаар иржээ. Орлоготой болсон хүнийг орон сууцтай болгох амархан болоод ирнэ. Товчдоо дорвитойхон бүтээн байгуулалтыг эхлүүлэх. Хөрөнгө оруулалт татаж дэд бүтцээ хөгжүүлж үйлдвэржилтийг бий болгох замаар ажлын байр бий болгох нь тэргүүлэх бодлого нь байсаар ирж.
Эдгээр орнууд бараг бүгд л дайн хямрал хүч түрэлтэд орж үзсэн тул “эдийн засгийн хүчгүй байдал нь улс орныг батлан хамгаалах чадваргүй болгоно” гэдгийг удирдагчаасаа авахуулаад иргэнээ хүртэл ард нийтээрээ ясандаа ортол ойлгосон байж. Энэ давуу тал хөгжилд нь үл үзэгдэх нэг шийдвэрлэх хүчин зүйл болж байсан гэж болно. Энэ хүч иргэдийг нь төрөө дагаж бэрхийг туулах замд шуудруулж чадсан байх. Удирдагчид нь энэ итгэлийг нь дааж хөрөнгө оруулалт татаж, зоригтой зээл авч түүнийгээ зөв зарцуулж дэд бүтэц, үйлдвэржилт хөгжсөн том улс гүрнийг цогцлоож чадсаныг бид одоо харж, харьцуулан ярьж суугаа.
Манай үе үеийн засгийн газрууд хямралаас гарах шинэчлэлийн ба шийдлийн зэрэг олон бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч бусад улсын жишгээр хямралын эсрэг сөрсөн базаа болох ажлын байрыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн бодлого зангидахаа орхигдуулж ирсэн санагддаг. Мал аж ахуй, импортод түшиглэсэн шахуу эдийн засгаас бүтээн байгуулалтыг алгасч уул уурхайг шүтсэн эдийн засагт шууд шилжсэн бурууг одоо хэн нэгнээс нэхэх нь цагийн гарз л болох юм.
Дээрх жишээ татсан орнуудыг бодвол бидний хувьд онцлог бий. Сэтгэхүй их бардам. Өлсөж үзээгүй ард түмэн юм. Нэг бодлын заяа их. Нөгөө бодлын цамаан. Дайн түйвээнийг туулж хот балгадаа сүйрүүлж үнс нурман дунд нусаа татаж зогсоогүй ард түмэн. Ийм омог бардам масст “Бид ядуу байна. Ажиллая” гэж үнэнийг хэлснээс “Адилхан баяжья” гэж уриалах нь дөхөм сонсогдоно.
Хөрөнгө оруулалт татаж уул уурхайгаа эргэлтэд оруулья. Энэ мөнгөөр дэд бүтэц зам харилцаагаа хөгжүүлье. Эрчим хүч нь “хүчгүй” болчихсон хараат байдлаас гарья. Атомын цахилгаан станц барья. Бар байтугай улс больё гэж зоримог уриалахад элэглэн үгүйсгэж, нэг бол эргэлзэн болгоомжилж байгаа нь иргэдийн буруу биш. Төрийн бодлого тууштай холч биш, үйл ажил нь итгэл төрөхүйц бүтээлч байгаагүй зэргээр яригдана.
Эргээд нөгөө хямралыг сөргүүлж аврал болгох нэг гарц ажлын байр нэмэгдүүлэх сэдвээ хөндье.
Манай нөхцөлд ЖДҮ бол ажлын байр нэмэгдүүлэх нэг нөхцөл мөн үү? Аль ч нам хүчнийхэн бүгд л дуу нэгтэй “мөн” гэж хариулдаг. Гэхдээ энэ зам тойруу бас удаан байна. Энэ бүлэгт төрөөс өгч буй зээл дэмжлэг нь төөрөлдөх замаар дээгүүрээ явчихаад байдаг тул ЖДҮ нь өрхийн үйлдвэрлэлийн түвшнээс нэг их дээшилж гарахгүй байгаа харагддаг. Бид харин үндэстнээрээ хөдөлсөн их бүтээн байгуулалт том төслүүдийг эхлүүлбэл өөр хэрэг юм.
Энэ тал дээр олон хувилбар яригддаг. Хэдэн жилийн өмнө дохиолсон хямралын эхэнд Хятадын засгийн газар яасан билээ. Ажлын байр бий болгох төслүүдийг эхлүүлэхэд 586 тэрбум ам.доллар гаргасан байдаг. Энэ мөнгөө таллан цацаж манайх шиг хөдөлмөрийн бирж олноор байгуулах, ажлын байр сурталчлах өдөрлөг зохиох, түүндээ хамтлагуудыг дуулуулах төлбөрт цацаагүй. Энэ мөнгөөрөө шууд тодорхой бүтээн байгуулалт эхлүүлж төмөр зам, гүүр барьж далан хороолол хот босгож тэндээ иргэдээ олноор нь дуудан ажиллуулж ажилтай, орлоготой болгосон хэрэг. Олноороо гэдэг нь багаар бодоход л 10 сая хүний ажлын байр амьдралыг шийдсэн асуудал байх л даа. Тэгэхэд бид сая хүрэхгүй л хүний ажлын байрны тухай ярьж байна.
Бид ч ялгаагүй. Төмөр зам, барилга орон сууц, баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийг өөрсдөө босгох компанит ажлыг улс орон даяар өрнүүлж чадвал сая дээрх орнууд шиг ажлын байр бий болж ажилтай орлоготой болж байна гэж ярих цаг ирнэ.
Нийгмээрээ хөдөлсөн. Нийтээрээ итгэл төрсөн уур амьсгалтай. Гэхдээ хөдөлмөрлөснөөрөө нийгмийн байдал нь сайжирч амьдрал нь дээшлэх уялдаатай байх учиртай. Тодорхой бүтээн байгуулалт зарлаад тэндээ мэргэжил боловсролын өндөр босгогүйгээр бүгд хамрагдах бололцоотой. Шороо зөөх нь шороогоо зөөж, цемент зуурах нь зуурч, хэлтэй нь хэлмэрчээ хийж, хөлгүй нь компьютерийнх нь ард сууж, малчид нь хүнс хоолыг нь нийлүүлж, ЖДҮ-ийнхэн ажлын хувцсыг нь оёж, хүнснийхэн талхыг нь нийлүүлж хот хөдөөгийн хамаг ажилгүйчүүдийн арми хөдөлж хөлс хүч, урмаа нэгтгэн оволзож байвал сайхан.
Ийм төсөөлөлтэй бүтээн байгуулалтыг өмнөхөөсөө 40 хувь дундарсан одоогийн валютын нөөцөө /1.3 тэрбум ам.доллар/ шавхаад хийхгүй нь ойлгомжтой. Энэ тэнд тараагаад өгчихсөн байгаа хайгуулын лицензийн орлого гэх хэдэн ам.доллароор эхлүүлэхгүй нь бүр тодорхой. Томоохон зээл тусламж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар том төсөл бүтээн байгуулалтыг эхлүүлж иргэдээ тийш уриалан татах замаар л хэрэгжих бололцоо харагддаг. Яг л атар газраа анх эзэмшиж байсан тэр цаг шиг. Энэ бол хямралыг хол хаях ойрхон харагдах гарааны зурвас ч гэж хэлж болох байх.
Бид одоо авсан байгаа зээл, төлөх өрийнхөө тухай хэчнээн удаа ярьж үсээ зулгаагаад байж болно. Ямраар ч улс төржөөд эвээ эвдээд байж болно. Хамгийн их алдаж байгаа зүйл бол хүрз шороо ч хаяхгүй хэрнээ халагласаар, айсаар зүгээр суугаад алдаж байгаа бидний цаг хугацаа. Бидний амьдралын нэгэн сайхан үе хямрал ярьж гутарч суусаар байтал өнгөрөхийг хэн хүсэх.
Орон сууц, автомашин худалдан авсан болон өрхийн хэрэглээний, цалингийн, сургалтын төлбөрийн гэхчилэн жижиг, том хэмжээний ямар нэгэн зээлтэй байгаа иргэдийн ухамсарт өр зээлийн айдас бөх бат байх нь тодорхой. Үүн дээр мэдрэмжтэй тоглож зээл тусламж авахыг айдас болгож улс төр хийх явдал ч ажиглагддаг. Тэгээд яах юм бэ. Ингээд зүгээрийг хийж галаа манаж байна гэсээр өрхөө бүтээчихээд гадны зочдыг хоточ нохойгоороо туулгачихаад ажилгүй суугаад байвал дэлхийгээс гээгдэх магад.
Хөгшин Европын ихэмсэг хэдэн гүрнийг эндээс хий шүтэж халаглаад ч яахав. Хагас зууны өмнө загас барихаас өөр эрхлэх бизнесгүй байсан хаяаны Солонгос өнөөдөр эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 12-т, Азидаа 3-т орж байна. Яаж гэдгийг дээр товч өгүүлсэн.
Манай улс төрийн намууд эдийн засагчид нийлж чуулан нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдалдаа мөн ч олон удаа дүгнэлт хийлээ. Олон зүйл дээр санал нийлж тунхаг уриа гаргадаг. Итгэл төрүүлдэг. Тулаад ирэхээр улстөрчид нь өөр өөр байр суурь, сонирхлын зөрчилтэй суугаад байгаа нь гайхалтай. Энэ л эцсийн гол гацаа гэдгийг цаашдын хөжлөө бодсон хүн бүр хэлж байна.
Төрийн албаны хэдийг хасаад тооцвол хөдөлмөрийн насны иргэдийн бараг 60 хувь нь ажил хийхгүй гиюүрч улс төржиж, эхнэр хүүхэд дээрээ гарын загатнаагаа гаргаж, уйдахдаа уул усаа хамгаалах хөдөлгөөн байгуулдаг юм уу гэж санааширч суухад юун ЖДҮ-ээр ажлын байрны асуудлыг бүрэн шийдэх вэ. Балайраад л гэдэг шиг юм болно. Дээр цагт “Атрын аян” гэж ид дундаа өрнөж байх үед залуус хөдөөг зорьж нийслэл хот хэсэгтээ эл хуль болж орхисон гэдэг. Түүн шиг бүгд ажилтай, орлоготой болж, харанхуйд хүчирхийлэл үйлдэж, гудманд гараа зангидаж холхисон, гэртээ телевизээ балбаж төрөө зүхэж хийрхсэн хүнгүй болчих юмсан.
Бид чаднаа. Том бүтээн байгуулалт эхлүүлэх хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Монголын бүх ажилгүйчүүдийг дуудаж ирээд орлоготой цалинтай урам зоригтой болгох ганц том бүтээн байгуулалтыг эхлүүлчихбэл... гэсэн. Хүн зодохоор бус хийж бүтээхээр гараа үрэх залуучууд нийгэмд олонх байгаа гэж би хувьдаа итгэдэг.
Эх орон гэсэн тулах цэг дээр хөгжил рүү эргэчих ганц хөшүүрэг бидэнд хэрэгтэй. Тэр нь томоохон хөрөнгө оруулалт. Одоогоор өөр юу ч биш гэж санагдана. Энэ зүгт нэг зоригтой алхацгаая, Улстөрчидөө.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/