Их хурал Тавантолгойг хэзээ хэлэлцэх, Оюутолгойтой эвлэрсэн гэрээ бидэнд ашигтай юу, түймрийг унтраахад хүн хүч дутагдаад байна, Төрийн ордныг тойрон гороолж, өлсгөлөн зарлаж байсан өнөөх эх орончид хаана байна гээд их ажлын хажуугаар ам булаалдан ярилцах зуур “Сант марал”-ын саяхны явуулсан судалгааны дүн олны нүдийг орой дээр нь гаргав. “Сант марал”-ын судалгаанд Улаанбаатар болон Хэнтий, Увс, Төв, Архангай, Өвөрхангай, Дундговь аймгийн нийт 1200 оролцогч хамрагджээ. Судалгааг энэ оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 12-ны хооронд явуулсан байна.
Уг нь төр, засгийн эрхмүүд эдийн засгаа солонгоруулахаар стратегийн ордуудаа эргэлтэд оруулж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Аж үйлдвэрийн яам байгуулж, Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан гээд цаасан дээр төлөвлөсөн зүйл их. Гэвч энэ нь одоогоор солонгорох байтугай шаргалтаа ч үгүй, эдийн засаг хүндэрсээр, Ерөнхий сайдын дуулгасан сайн мэдээ салхинд хийсэн одож байна. Харин төлөвлөсөн төлөвлөөгүй улс төрийн хаврын синдром солонгорон туяарч байна. Үүнийг “Сант марал”-ын судалгааны дүнгээс харахад тодорхой. Топ улстөрчөөр бие даагч, экс Ерөнхийлөгч, дуучин, экс сайд, хотын мэр тодорчээ. Зарим нэг нь “нэртэйгээр нь жил дамнан өлсгөлөн зарласан иргэдээс ч багтаачихгүй яасан юм бол” хэмээн ёжилж байх жишээтэй.
“Сант марал”-ын судалгааны дүнгээс харахад өнөөдөр цаг үеэ дагаад сонгогчдын улс төрд хандах хандлага ч өөрчлөгджээ. Өмнөх жилүүдэд аль ч улс төрийн хүчин, төрийн бус байгууллагын харъяа төвүүдээс явуулсан судалгааны дүнгийн “Топ-10” улстөрчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн гурван өндөрлөг, дээрээс нь парламентад суудалтай намын дарга нар багтдаг байсан. Гэтэл энэ удаагийн санал асуулгаар төр, засгийн эрх барьж байгаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт шилдэг улстөрчийн жагсаалтын гадна үлдэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л намаа аварч гарлаа. Хэдийгээр намын харъяаллаас татгалзаж, ард түмний эв нэгдлийг эрхэмлэж байгаа ч угшил нь АН, ардчилсан Ерөнхийлөгч.
АН-ын хоёр эрхмийг намын дарга, Ерөнхий сайдын албыг аваад шинэхэн дээрээ байгаагаас “топ”-оор тодорсонгүй гээд хамгаалъя. Гэвч парламентыг гурав дахь жилдээ удирдаж байгаа УИХ-ын дарга намын даргын албан тушаалыг давхар хашиж байгаа энэ үед уг нь нийгэмд нэр нөлөөгөөрөө жин дармаар. Үгүй ядахдаа л 20 жилд өрнүүлж байгаагүй бүтээн байгуулалтыг хоёрхон жилд хийж чадлаа хэмээн сурталчилж байсан Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, АН-ын хамгийн олон жил удирдсан экс дарга Н.Алтанхуягийн нэр ч хөдөө, хотын санал асуулгад оролцогчдын нүдэнд торсонгүй. Манай сонгогчдын сонголтод монгол хүний уг чанар илэрдэг. Учир нь намынхаа нөхдөд чичлүүлэн, огцорсон хэн нэгэнд өр нимгэн сэтгэлээр ханддаг. Тиймээс ч топ улстөрчийн жагсаалтад нам нь парламентад суудалтай ч улс төрийн гадна явж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаад багтсан байх. Харин МАН-ын дарга М.Энхболд хөдөөд топ-оор тодорсон нь парламент дахь сөрөг хүчнээс Засгийн газарт хамтарч, эрх баригчидтай эвсэн гулссантай нь холбоотой болов уу.
Ер нь “Топ”-оор тодрох тохиол уу? Сонгогчид сонгуульд санал өгөхдөө “Тэр өдрийн тэнгэр мэднэ” гэж ханддаггүй. Сурталчилгааны хугацаанд байтугай нэр дэвшигч тодрох үест л хэнд саналаа өгөх вэ гэдгээ ерөнхийдөө тодорхой гаргасан байдаг. Сонгогчид намыг бус хувь улстөрчийг илүүтэй үнэлэх болсон нь бие даагч С.Ганбаатар топын топоор тодорсноор, “топ-10”-ын жагсаалтад багтсан эрхмүүд батална.
Нөгөөтэйгүүр намын нэр хүнд, рейтинг сонгуулийн жилийн өмнө навс унасныг удирдлагууд нь бодолцох биз. Эдүгээ лидергүй, чиглүүлэгчгүй улс төр үргэлжилж байна. Намын талцал хуваагдал хүчийг ч, эв нэгдлийг ч, итгэлийг ч сулруулдгийг энэ судалгаа харууллаа. Нэг нам нэг бус олон толгойтой болохоороо нийгэмд ч нөлөөлөл нь суларч, сарнидаг аж. Жишээлбэл, ямар ч санал асуулга, шалгаруулалтын топоор тодорч ирсэн ИЗНН-ын дарга С.Оюуны нэрийг жагсаалтад хайгаад ч олсонгүй. Монголын улс төрийн ууган хүчин МАН уу, МАХН уу гэх маргаан энэ хоёр намын удирдлага хэн байх нь олон нийтэд сонин бус болгож. Улс төрийн хүчин гэдэг “нам эвсч, сэм хуйвалддаг” газар гэдгийг сонгуулийн холимог тогтолцоо, сонгогчдын саналаар бус жагсаалтаар төрд сонгогдсон эрхмүүд бататгасан. Тиймээс ч нам бусчууд эгнээ хүрээгээ тэлснийг АН, МАН-ыг дэмжих рейтингийн дундаж дөнгөж 33 хувьтайгаас харагдаж байна. МАН-ын рейтинг эрх баригчаас нэг оронтой тооны хувь дотор илүүрхэж байгааг амжилт гэвэл эндүүрэл биз. Харин АН-ын хувьд нэр хүнд нь сонгуулиас хойш тасралтгүй унасаар байна. Сонгуулийг ямар систем, тогтолцоогоор явуулахыг хууль хэрхэн батлагдахаас шийдэгдэнэ. Харин улс төрийн хүчнүүд унасан, үнэгүйдсэн нэр хүндээ л сэргээх их ажил ундрах нь. Ер нь ч эдийн засаг сэргэх эсэхээс эрх баригчдын нэр хүнд хамаарах биз. Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүдэд хүч байгаа ч эв эе нь хэр тохирох бол.
Аяа улс төр мөн ч зугаатай бас хатуухан тоглоом шүү.
Н.Энхбат