Дөрөвдүгээр сар
2015-04-06

 

Энэ сарын улс төр нийгмийн амьдралын үйл явдлын түүчээ энэ даваа гаригаас эхэлж байна гэж болно. УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийснээр намраа даах бидний улс төр эхэлнэ. Намрын чуулганаас хаврын чулган хүрэх энэ зайд төрийн ажилд том “зай” гараагүй ч санаа зовоох зүйл багагүй байлаа. Ам.долларын ханш буурсангүй 2000 төгрөгт бараг туллаа. Үүгээр иргэдийн хэтэвчин дэх мөнгөнөөс суйлах ханшийн хулгай газар авсаар төгрөг хөөрхийдөө болсоор байна.

 

Шинэ Засгийн газар 100 хоног илүү ажиллаж байгаа ч төрийн яамдад “халаа сэлгээ”-ний хар өдрүүд үргэлжилж ажлаас чөлөөлсөн, ажилд авсан тушаал сөөлжилсөн сарууд өнгөрөв. 100 хоногоо ардаа хийсэн Засгийн газраас төсвийн тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг сайжруулах, ажлын байдлыг хадгалах, зогсонги байдалд орсон томоохон төслүүдийг эрчимжүүлэх, алт олборлолтыг нэмэгдүүлэх гэх зэргээр 200 гаруй ажлыг төлөвлөөд байгаа ч үр дүн нь хэзээ хөрснөө буухыг шууд хэлэх боломжгүй байгаа юм.

 

Гадаадын хөрөнгө оруулалт зогсонги динамик дээрээ хэвээр. Оргил үедээ 4.7 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд ердөө 507 сая болсон дэндүү чамлалттай үзүүлэлттэй гарсан. Гадаадын  шууд хөрөнгө оруулалтын хэмжээ оргил үетэйгээ харьцуулбал 9.3 дахин, өмнөх онтойгоо харьцуулвал 4.5 дахин буурсан үзүүлэлттэй гарсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад экспорт гуравны нэгээр өссөн гэж урамшиж болох ч эндээс харж байгаа мөнгөний тэн хагас нь урьд зээлсэн өрөнд яваад таарч байгаа гэдэг.

 

Энэ мэт нүүрлэсэн хүндрэлээс гарах арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн өсөлт 2 хувиас доошилж, ажилгүйдлийн төвшин ч 10 хувиас дээшилж, экспортын хэмжээ 5 тэрбум ам.доллароос доошлох магадлалтай гэсэн урьдчилсан таамаглалыг эдийн засагчид хэлж байна. Төсвийн алдагдал өнөөдөр 1.2 их наяд төгрөгт хүрээд байгаа. Энэ байгаагаараа үлбийгээд байвал ханшийн сулрал ч 30 хувиас дээш гарахаар урьдчилсан тооцоо гарчихаад байна. Энэ бүхний ард том цэг тавьчихаж болох Мига төслүүд бараг хөдөлсөнгүй. Оюутолгой дээр Рио Тинто саналаа тавьчихсан, та нарын хариуг хүлээж байна гээд суучихсан байгаа. Энэ бүхний дотроос өнгөрсөн 7 хоногт гарсан Тавантолгойн төслийн хэлэлцээ цааш явах боломж нээгдсэн тухай мэдээ хамгийн гэгээлэг нь байлаа гэж хэлж болно.

 

Энэхүү дөрөвдүгээр сарын эхэнд улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2014 оны судалгааны дүн гарсныг АТГ-аас мэдээллээ. Авилгын түвшин 3.58 гэсэн үзүүлэлттэй гарч Монгол Улсад өндөр түвшний авлига түгээмэл байгааг дахин харууллаа.

 

Судалгааны явцад зөвхөн өндөр түвшний авлига төдийгүй Монгол Улс дахь авлигын ерөнхий төлөв байдлыг бүхэлд нь болон салбар, хүрээнд шинжээчдээр үнэлүүлжээ. 2014 оны авлигын ерөнхий түвшин 3.77 буюу их гэсэн үзүүлэлттэй гарчихаж. Энэ нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн орчин, улс төрийн тогтолцоо зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай хэдий ч хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг онцолсон байна. Одоо ч яамдад үргэлжилсээр байгаа халаа сэлгээ чухамдаа сонгуулийн бэлтгэл, түүнд хамаарах бизнес бүлэглэлүүдийн шаардлага шахаанд дор хийгдэж байгаа нь нууц биш. “Шийдлийн засагт шинээр орж байгаа эрхмүүдийг бүлэг фракцын шахаа, намдаа үйлчлэх баг гэж харж байгаа хүмүүст гомдох хэрэггүй юм. Тийм биш гэдгээ үйл ажлаараа, гаргаж буй шийдвэрээрээ нотлон харуулах л хэрэгтэй юм. Шийдлийн “сайд” нар томилогдсон даруйдаа яамныхаа ажиллагсдын 40 орчим хувийг нь халж сольсон гэсэн мэдээ гараад байна. Энэ халаа сэлгээгээр төрийн албаны чанар сайжирсан гэж тайлбарлахад арай л нүүр халуун. Төрийн эрх мэдэлтнүүдийн авлига, сүрдүүлэг, хүнд суртал нэмэгдэж байгаагаас буурч байгаа үзүүлэлт алга.

 

Манай нийгмийн эд эс бүрт хүрч үсэрхийлсэн байгаа “авилга” гэсэн хорт хавдарын түвшин ийн буурахгүй байгаа судалгаа гарсан нь энэ сарын бидэнд байгаа хамгийн муу мэдээ гэж хэлж болно. Нэг уулынхаа төлөө жагсахын хажуугаар төрийн толгойг нь барьж туссан энэ хорт хавдрын талаар бид хэлэлцэж хуралдаж форумдаж мэтгэлцэх хэрэгтэй байгаа юм. Тавантолгой гацаанаас гарч эдийн засаг дээрдэнэ гэсэн хүлээлт байна. Гэхдээ энэ нь тархиндаа хавдартай байхад бөөрөө солиулна гэж донор хайхтай адилхан.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин