Бидний “Морал”
2015-04-01

“Моралгүй нөхөр шүү” гэж нэгэндээ эгдүүцэн хэлэхийг бид хааяадаа сонсч л  байдаг. Ингэж хэлүүлэх дээрээ очсон бол гэж ааш муутай, адайр бүдүүлэг нөхөр байна гэж хариу ойлгоно. “Мораль” гэж үгээ бариад практиклаад явчих юм бол ёс суртахуунгүй хүн гэж хэлсэн болж таарна.

 

Римчүүд Этос гэсэн үгнээс Мораль гэх ойлголтыг гаргаж авсан гэдэг. Хоёр өөр үг хэдий боловч нэг ижил утга санааг илэрхийлдэг байж. Харин яваандаа Этика нь Ёс зүй, Мораль нь ёс суртахуун гэх ойлголтуудыг тус тусдаа илэрхийлэх болсон гэж үздэг.

 

Этика буюу ёс зүй нь тусдаа бие даасан салбар шинжлэх ухаан гэж үзвэл түүний нэг судлагдахуун болсон Мораль буюу ёс суртахууны тухай бид социализмийн гэх үедээ өндөр авч үздэг байлаа. Энэ үед хувийн өмчийн сэтгэлгээтэй өмч хуримтлал үүсгэх санаагаа илэрхийлсэн нэгэн байж боломгүй ёс суртахуунгүй, зарчимгүй этгээд болж хамт олондоо гадуурхагдана. Социализмийн үед амьдралд хүн  өөрийгөө шүтэх /эгоизм/ үзлийг илэрхийлэх боломж тун бага байсан. Нийтийн төлөө, хамт олны төлөө хөдөлмөрлөж жирийн амьдрах “өндөр” ёс зүйтэй байж.  Энэ хэрээрээ хүн чанар гэх ойлголт хамтын үзэлд хүчжиж, нийгмээрээ эвлэрэл нягтрал сайтай байж. 

 

Харин одоо бол ёс зүйг урагшаа тавьж ярих нь их болсон. Ярих нь их ч ихээр алдагдаж байгаа гэж болохоор. Улс төрийн хүрээнд ёс зүйгүй гэдэг үгийг бүр ч ихээр хэрэглэх болсон. “Ес зүйн хувьд энэ албан тушаалыг хаших боломжгүй этгээд” гэсэн мэдэгдлийг хэн нэгэн хийж байхыг бид бараг өдөр тутам л сонсох болж. Бараг баримтгүй шахам хүнийг гүтгэж албан тушаалыг нь авчих санаатай хор найруулж яваа тэр нөхөр өөрөө бас л ёс зүйгүй гэдгээ харуулж байгаа юм л даа. Гэхдээ манайхан тэгж харахгүй. Өнөөхийг л хардаж эхэлнэ. Энэ ч яахав.

 

Харин одоо цагт ёс суртахуунгүй этгээд гэж ярих нь бараг сонсогдохгүй болж. Шинжлэх ухаанчаар авч үзэх юм бол хүний дагаж баримтлах хэв хууль, журам зарчмыг ёс зүй, хэвшсэн тогтсон зан суртлыг заншил суртал, ямар нэгэн нийгэмлэгийн шаардлагад тохирох хүний ааль, авир, дүрэм, төлөвийг зан суртахуун. Уламжлан заншиж ирсэн ёс, дүрэм, хүн ард нийтээр хүлээн зөвшөөрсөн дадал заншлыг зан суртал гэж тайлбарласан байх. Үүгээр харах юм бол өдгөө бид улс төржсөн сүүдрээр дээд талдаа хууль журам сахидаггүй буюу ёс зүйгүй болж, доороо иргэд нь амиа хичээсэн бие биенээ адалсан зан суртахуунтай, уламжлал дадал заншлаа гээж өөрийгөө өндөрт тавих “Би”-д автсан байгаа нь олон жишээгээр харагдана.

 

Ардчилалд шилжсэнээр амьдрах ахуй орчин, эдэлж хэрэглэх маань чанаржиж улс орон хөгжилд хэдэн шат ахисан байж болох ч ёс зүй, түүнтэй гар хөтлөлцөх ёс суртахуун /мораль/ маань өөрчлөгдсөөр байгааг олон хүн хэлэх болжээ. Нийгмийн хөгжил дээшилсэн мэт харагдах ч нийгэмд нь ёс зүйн үнэлэмж унаснаар “монгол хүн” гэх эрхэм эрдэнийн үнэ цэнэ дагаад унаж байгаа сануулж буй хэрэг. Хүн гэдэг бие, оюун ухааны энэ өвөрмөц цогц, ёс суртахуун бүхий нийгмийн амьтныхаа хувьд бусад адгуусны сүргээс ялгарч байдаг. Энэ ялгарал маань багассар байна гэж дүгнэж ч болохоор.    

 

Ёс зүй нь бүхэлдээ маниусын сайн чанаруудын нийлбэр цогцыг авч үздэг гэвэл энэ “цогц” одоогийн нийгэмд маань цогцлохгүй байгаа харагдана. Хөгжлийг ганц улс төрийн нөхцөл, эдийн засаг талаас харж явцуурах төөрөгдөлд ороход нийгэмд эвлэрэл алдагдаж улс төржсөн итгэл үнэмшлээр хоёр туйлд хуваагдсан ард түмэн бий болж байгааг хэн нэгэн нь цагт сануулж хэлэх ёстой байх. Нийгмийг нэг хамтлаг гэж үзвэл манай энэ “Монгол улс” гэдэг хамтлагийн  “ёс зүй” гэдэг хөгжмийн зэмсэг нь үнэндээ хөгөө эгшгээ алджээ. Аливаад талцах, жөтөөрхөх ,эвлэршгүйгээр өс санах, үзэн ядах, ашиглах завших мэт ёс зүйн эсрэг саар үзэгдэл эхнэр, амраг садангуудын ахуйн хүрээнээс хальж  нийгмийн бүхлээ хамарсан шинжтэй болж ирснийг бид одоо ярих ёстой байх. Эндээс л үзүүр хөөж бид хөгжлийн тушаа чөдрийг өөрсдөө хөлдөө зүүсэн болохоо олж харж болох юм.

 

Нутаг орны онцлогт хэлхэгдэж эртнээс бий болсон уул усны талцаан бол цагаахан ялгарал байсан. Энэ нь талцаан гэхээсээ нутаг орноороо бахархах гэсэн ялгарах хүслийн л нэг байлаа. Манай нутаг усны гэж бүлэрхэх энэ сэтгэлгээ Засагт ханы хөх харчууд ч байсан, Сайн ноён ханы сайн эрчүүдэд ч байсан. Өнөөх ёс зүй, зан заншил нь өндөр байсан болохоор өөр нутаг хошууных байлаа гээд нэгнийгээ тахарт бариад өгчихдөггүй байсан байхгүй юу. Ардчиллын дараа улаан цэнхэр болж танай манай нам гэж талцсан шиг улс гэрийн эв нэгдэлд нөлөөлөхөөр тийм хортой талцаан байгаагүй. 90-ээд оноос бид ардчилсан сонгуулиар хэн нэгнийг дэмжиж санал өгөхийгөө хэн нэгний талд орох гэж эндүүрснээр хоёр саяхан хүн асар том хуваагдалд орж ёс зүйгээ гээж эхэлсэн.

 

Үүн дээр ёс зүйгүй байх нь хожоод, баяжаад байгаа мэт үлгэрийг улс төр хийгчид бидэнд биеэр үзүүлсээр ирсэн 25 жилийн гашуун хор одоо гадагшилж бид асар их эв нэгдэлгүй, хардах хийрхэх өвчтэй улс болчихоод байгаа санагдана.

 

Бидний “морал” их сонин болчихжээ. Байнгын хардалт сэрдэлттэй. Үүнийгээ дагасан асар их үгүйсгэлтэй. Хэн нэгэн сэтгээд бизнесээ өртгөтгөөд менежмент хийгээд баяжаад дээшээ гараад ирэхэд “яаж ингэж чадав” гэж судлах бус “хэний талын хулгайч вэ чи” гэж л заналхийлэн асууна. Гадаад хүн бол яагаад ч чоно, дотоод хүн бол бүгд миний өрсөлдөгч гэж сэтгэнэ. Эвт дөрвөн амьтны үлгэрийг хоймороо залж, хүн чанар гэх ёс зүйг дээдлэн сахиж ирсэн Монголын орчин цагийн иргэдийн ухамсарт төлөвшиж буй ёс зүй нь энэ. Хотжихын сүүдэр энд байвч хүний сайхан бүхний цогц болж илрэх ёс зүйгүй болж байгааг цагаатгах тайлбар бол биш л дээ. Нийгмээрээ шахуу илүү яваа нэгнийгээ үзэн яддаг эвгүй “морал”-тай болчихоод байгаа хэрэг. Энэ “морал” массыг хэр их хамарна тэр хэрээр бид уруудсаар байгаа нь ажиглагдаж байна. Арга баширтай, авилгач хахуульч, аргалдаг чаргуулцдаг бүхэл бүтэн бүлэглэлүүдтэй, хүчирхийлэл аллагын мэдээг алгасахгүй хайж олж уншдаг завтай, залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй ядуусын бүлэгтэй. Эдгээрийг хооронд нөхцөлдүүлж байгаа сэтгэлгээны доройтол, ёс зүйн хямралтай.

 

Хөрөнгө оруулалтын сураг гарахад ч атаархуу нэг нь хаалт тавина, хэн нэгэнд зээлэх мөнгө төрийн санд байх ч дээдэх нь ханахгүй нэг нь завшчихна. Халаасанд нь гал байвч “байхгүй” л гэнэ. Хүнд үнэгүй гал өгснөөс шүдэнзээ хашаа давуулаад шидчихсэн нь дээр гэж бачимдах. Ийм байхад “хөгжих үү” гэсэн асуултыг бол уншигчдад  үлдээе.

 

Тэгээд яах ёстой юм бэ гэсэн асуулт үлдэж байна. Асар их эвдэрч, хуваагдсан талцсан, атаа жөтөөч сэтгэхүй, эв эвдэрсэн байдлаа засахыг өнөөгийн хөрөнгө оруулалт татаж зээл авахаас илүүтэй авч үзэх болсон гэж зарим хүмүүс саналаа хэлдэг. Би хувьдаа бодоход бид “монголоо гээсэн” моралаа засах ёстой. Үүнийг нийгмийн нэг хэсэг бүлэг, нэгж дангаар хийхгүй. Ерөнхийлөгч ганцаараа засчихгүй. Манай 76 гишүүн нэг хууль батлаад шийдчихгүй.

 

Гэхдээ мухардчихаагүй санагдана. Энэ улсын орой дээвэр болсон төр нь ёс зүйтэй, улс төр нь цэвэр болох үлгэр дуурайллаас эхэлж ч болох юм. Энэ эхлэл  эрх зүйн шинэчлэлийг эх оронч сэтгэлтэй хавсарч байж хийх улстөрчдийнх байх. Юутай ч бид өнөө ямар зан суртахуунтай, эв эвдэрсэн талцсан байдалтай болчихоод байгаагаа нэг харах цаг  болсон.

 

Энгийн ярьдгаар бол их л “морал”-гүй нийгэмд амьдарч байгаа нөхдүүд болчихоод байна. Цэвэр орчуулга бариад харах юм бол “Морал нь нийгмийн дүрмүүд ба Моралгүй хүн гэдэг нийгмийн эрхэмлэж ирсэн сайн ба зөв зүйлүүдийг зөрчдөг хүн. Моралгүй нийгэм гэвэл хүнийг хүндэтгэж сайн мууг ялгаж салгаж чадаагүй нийгэм гэсэн ойлголт” гэж авсан байна даа.

 

 

Пүрэвжав Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hun bolgon l ene 76 geh yum. Bid uursduu sain baij chadahgui baina gedgee oilgoh heregtei. Busdaas buruugai haisan teneglel deeree olon yanziin tenegleliig nemeed baih hereg yu baina. Minii bodloor bol tur ni muudaa bish irged ni muudaa uls hugjil udaashraltai baina.
2015-04-01
zochin zob bich:
sen bolhoor setgegdel bichin hyn olddoggyi dee
2015-04-01
Zochin:
Zub ym bichjee
2015-04-01