Монголчуудын амьдралд гай болсон Хятад гэх үйлийн үртнүүд байна. Монголчууд идэж буй хоолондоо хордвол хятадуудын буруу. Монголчуудын өмсч буй хувцас урагдахад буруутан нь мөн л хятад. Байшинд нь цууралт үүссэн ч хятадуудыг буруутгана. Ер нь өдөр тутмын амьдралд үүссэн бүхэнд буруутгах хойд талын хар овоохой нь Хятад. Тиймээс ч хятадуудыг үзэн ядах “аян”-г улс даяараа өрнүүлж, хорвоогийн муу муухай болгоныг тэдэнд аваачиж тохдог. Гудамж талбайд тааралдсан хятад болгон руу муухай хялайж, жаахан эвгүйдвэл барьж аваад гөвчихнө. Одоо бүр тэднийг гишгэх газаргүй болгож байна. Урд зүгийн залуу Бурхан Халдун ууланд гарсан гэнэ. Уг нь тэр бидний яснаасаа үзэн яддаг хятад биш Өвөрмонгол. Сайн яривал садан төрөл минь гэсэн үг. Гэтэл түүнийг манайхан өмнөө сөхрүүлж, бах таваа хангаж, зургийг нь цахим ертөнцөд тараав. Бодвол монголчуудын хүч, эд хавийг гайхуулж буй нэг хэлбэр байх.
Үүнийг эх оронч зан гэхээсээ илүү атаархуу, аймтгай байдал гэвэл илүү үнэнд дөхнө. Хүн ам, эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал, зэр зэвсэг гээд бүхнээрээ бид хятадуудын дор. Хятад үйлдвэрлэгч, харин манайх хэрэглэгч. Бидний хөлнөөс эхлээд толгой хүртлээ өмсч, хэрэглэж байгаа бүхэн Хятадынх. Товчхондоо бид Хятадаас хараат амьдардаг. Үүнийг хүлээн зөвшөөрдөггүй аархуу зан бол бидэнд байна. Нэг л өдөр Хятад биднийг залгина гэсэн айдсаа дарж ядан аархах нь өрөвдөлтэй. Тиймдээ ч эх орондоо хөл тавьсан хятад болгоныг үзэн ядаж, боломж гарсан дээр гэж буй мэт гэмтэй, гэмгүй бүхнийг зодож, танхайрах нь хэрээс хэтэрсэн хийрхэл болоод буй. Хятадын талд эерэг үг хэлсэн нэгнээ хужаа хэмээн цоллож, энэ дэлхийгээс зайлахыг шаардана. Монгол гэх нэг ийм тамын тогоо бий болчихоод байгааг анзаарах сөхөө ч алга.
Хятад бол бидний мөнхийн хөрш. Монгол хаа нэг тийшээ нүүдэггүй л юм бол Хятад манайхтай үеийн үед хаяа залган оршсоор л байна. Дээр нь дипломат ёсыг эрхэмлэх болсон XXI зуунд хэн ч хэнийхээ газар нутгийг булааж, иргэдийг нь боолчлохгүй. Харилцан ашигтайгаар, хамтран оршино гэдэг зүгээр нэг хийрхэл биш. Дэлхий глобальчлагдаж байна. Хорвоогийн хүмүүс миний, чиний нутаг гэхгүй “тэнүүчлэн” амьдарч байна. Монголчууд ч ялгаагүй, хажуугийн Хятадад ч, хорвоогийн нөгөө бөөрний аль нэг улсад ч амьдарч л яваа. Харин энд бид нэгнээ хэмэлсэн тамын тогоондоо буцалсаар байна.
Өрөм дотроосоо өтдөг. Яг үүнтэй адил Монгол дотроосоо ялзарч байгаагаа анзаарвал сайн сан. Хятадыг үзэн яддаг шигээ Монгол монголыгоо үзэн яддаг зуршилтай болчихсон. Өнөөдөр л гэхэд Өвөрмонгол залууг зодсон монголыг монголчууд нь үзэн ядах хөдөлгөөн цахим ертөнцөд ид өрнөж байна. Нэг хэсэг нь хятадуудыг үзэн ядна. Нөгөө хэсэг нь бие биенээ үзэн ядна. Ийм л айдас, атаархлаар дүүрэн үзэн ядалтын тамын тогоондоо монголчууд буцалж байна.
Тамаас диваажин хүрэх зам дардан байхгүй л болов уу.
В.Хэрлэн