2011 он. Ашигт малтмалын экспортын ид улиралд нүүрсний олборлолтыг тушсан нэгэн шийдвэрийг Авто тээврийн газраас гаргсан талаар хэвлэл сайтууд мэдээлж байлаа. Энэ нь Тавантолгойд олборлолт явуулж буй Ухаа худаг, Тавантолгойн уурхайгаас Цагаан хад гэдэг газар хүртэлх замаар тээвэрлэлт явуулахыг хориглосон шийдвэр байв. Тус замаар өдөрт хүнд даацын 500-гаад машин нүүрс тээвэрлэдэг ба тэдний зорчдог 254 км зам 6-8 салаа болж, өргөн нь нэг км авто замыг хамарчээ. 120 тоннын жинтэй авто машинууд хөлхсөнөөр тоос босч, шороо бужигнаж, орчин тойрон харагдах боломжгүй болсноос авто машины осол гарч, хүний амь нас эрсдэх нь ихэссэн тул ийм шийдвэр гаргасан гэж албаны хүн шийдвэрээ хамгаалж байв.
Мөн “Энержи ресурс”-ын авто замыг ашиглалтад орох хүртэл гал унтраах түр зуурын арга хэмжээ авч буй бөгөөд Энержи Ресурсийн Ухаа-худгаас тавьж буй 245 км авто зам ашиглалтад ороход шороо босгож нүүрс зөөдөг энэ байдал зогсох болно гэж Авто тээврийн газраас мэдэгдэж байлаа.
Үүнээс хойш Энержи Ресурс ХХК 245 км замыг өөрийн хөрөнгөөр тавьсныг Засгийн газар 2013 онд 118 сая ам.доллароор мэдэлдээ авчээ. Ингээд замтай болсон хэдий ч зөрүүд хэд нь шороон замаар давхих нь хэвээрээ. 2011 онд авто тээврийн газраас нүүрсний шороон замыг хааж байснаас хойш дөрвөн жилийн дараа нутгийн иргэд хөрс шороогоо хамгаалж том даацын машинуудыг хөндөлдөн жагсахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Бэлэн зам байхад хажуугаар нь шороо босгоод давхиад байгааг гадны хэвлэлийнхэн харах юм бол маш сонирхолтой мэдээ бэлтгэх байсан байх. Гэхдээ тэдэнд манайхан шороон замдаа хайртай даа биш 1.25 ам.доллар хэмнэж байгаа юм гэвэл бүр сонин хачиртай мэдээ болж таарна.
Засаг дурьдсан чиглэлд тавигдсан замыг Энержи Ресурс авахдаа 100 саяыг шууд төлж 18 саяыг нь замын хураамжаас төлөхөөр болж. Ингээд бэлэн замаар сүнгэнээд бай гэсэн чинь нөгөө нүүрс тээвэрлэгч компаниуд нь хураамж дээрээ таагүй хандаж шороон замаараа давхисаар байгаа юм байна. Улсаас авцаатай зам барьсан компани нь 75 центийг хураамжид төлөөд 50 центээ улсад суутгуулж байгаа нь бусад нь барьцах шалтгаан болж. Барьцах ч гэхэд багадна. 1.25 ам.доллар төлснөөс хөрс шороог эргүүлж байхыг илүүд үзсэн бололтой. Энд хэн нэг компанийн зөв бурууг ярих ч яамай.
Бид ер нь хэр зэрэг эх оронч вэ гэдэг нь л харагдаж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Эх оронч гэхээр заавал дайн болсон үед бууны ам цээжээрээ хаасныг хэлэхгүй. Атга шороо алхам газрын төлөө эмзэглэж сэтгэл нь сэрдхийдэг байх тэр мэдрэмжийг хэлнэ. Ганц доллар хэдэн центийн төлөө газрыг эргүүлж хөрсийг там болгож байгаа компаниудаас хариуцлага нэхэж чаддаггүй юм бол төр ер нь юу хийж чадах юм.
Шороон дунд мэдрэмж алдаж хүн дайрч осол гаргахыг тоодоггүй гэхэд эргэж сэргэхдээ хэдэн арван жил болох хөрс шороог эргүүлж байгаагаа шударга гэж үзэж буй компаниуд татвар хураамжийн шударга бусын тухай ярих нь өрөөсгөл болно. Бидний мэдэх Солонгос улс хүн амын нягтаршилаараа дэлхийд дээгүүр ордог. Нэг метр квадрат талбайд 14 хүн оногддог гэдэг. Манай нэг аяганы ширээ шиг зайн дээр 14 хүн давхарлаж зогсох хэрэгтэй болно гэсэн үг. Тийм болохоор тэнд шороон зам гэж байхгүй. Гэтэд бид хар замынхаа хажуугаар шороон зам татуулан давхиж газар шороогоороо цамаархах мэт аяглаж байна. Үнэндээ хоёр доллар хүрэхгүй татварын төлөө сүх бариад гэрээ нурааж байгаатай адил хэрэг. Тавантолгойгоос Гашуун Сухайт руу өдөр бүр 120-180 тонны даацтай 300-500 машин шороо босгон давхиж хөрс эргүүлж байхад үг хэлж ил уйлж чадахгүй газар шороо тэвчээд байна гэхэд хажууд нь тоосонд даруулж хамар нь хорсож суугаа хүн тэвчихэд бэрх байх нь төсөөлөгдөж байна.
Их хэргийн төлөө өчүүхэн амиа өргөж ирсэн өвгөдийн цус эцсийн эцэст тусгаар тогтнол газар шорооныхоо төлөө байсан. Харин одоо өчүүхэн ашгийн төлөө газар шороогоо талхалж байгаа компаниудад бид үг хэлэх цаг болжээ.
Бид уудам нутагтай ч алхам газар ч үнэ цэнэтэй. Дорой сэтгэлгээгээ орхиж шороон замаасаа гарах уриалгыг нүүрс зөөгч компаниудад үүгээр хүргэе. Хоёр доллар хүрэхгүй мөнгөнөөс Монголынхоо хөрсийг илүү гэж санах хүн бүхэн энэ уриалгад нэгдэхийг бас уриалья.
П.Баяр