Буурал “ах” ирэнгүүтээ баярт оролцож хундага өргөсөн сураг байна. Хундаганы үгээ юу гэж хэлснийг дурьдсан эх сурвалж алга байна. Тэр өдөр нь Оюутолгойн 1 сая тонн зэсийн баяжмал экпортолсны баяр тохиосон болохоор найртай сайхан үгийг л хэлсэн байж таарна.
Дэлхийн хэмжээний төслийн хөрөнгө оруулагч том группын гүйцэтгэх захирал Сэм ах зэсийн энэ орд руугаа 2010 оноос хойш хоёрхон удаа ирж байгаа юм байна. Энэ хооронд Оюутолгойгоос хувь эзэмшигч түнш Монгол Улс нь эрчимтэй өөрчлөгдөн, хөгжиж байгааг хараад “сэтгэл маш хангалуун сайхан болсон” тухайгаа дурджээ. Харин бид Оюутолгой гацаад ам.долларгүй мултраад юун хөгжихтэй манатай гэж ярьж суугаа. Харин Сэм ахад бол бид гялалзтал хөгжиж байгаа харагдсан байна. Болоо ш дээ. Царай алдсан, яадгаа алдсан дорой түнш харагдвал тэр хэмжээний жижигхэн бяслаг шидэх гэх биз. Оюутолгой гацсан ч миний монгол болоод байгаа, хөгжөөд байгаа гэдгийг энэ эрхэм үнэхээр мэдэрсэн бол бас л ОК гэмээр юм даа.
Сэм ах зүгээр нэг шампанск буудуулж дарс шимж сая тонн зэсээ кг-аар нь тулгах гэж ирээгүй нь тодорхой. Оюутолгойг гацсанаас гаргах чин эрмэлзэл Рио Тинтод байгаа гэдгийг өөрийн биеэр нотлон харуулахаар ирсэн болохоо дахин дахин онцолжээ. Одоо Тавантолгойгоо хөдөлгөчихвөл хоёр толгойны хойно гарсан манай төр арай өөр дуугарч эхэлнэ гэж сэтгээд Сэм авга гэрээ тулгалтаа түргэвчлүүлэхээр гэнэт ирсэн байж ч магадгүй.
Нутагтаа байхдаа “Reuters” гэх агентлагт өгсөн ярилцлагадаа бидэнд хэдэн мессеж шидсэн юм байна л даа. Тэрийг нь мэдээж манай төрийнхөн тусгаж аваад судлаад эхэлсэн л биз. Ер нь бол манай хүн гацаанд орсон Оюутолгой уурхайн олборлолтыг дахин эхлүүлэх хувилбар саналаа аль өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын Засгийн газарт илгээснээ мөн энд онцолжээ. Одоогийн манайд тавиад байгаа гацаанаас гарах хувилбар нь явсаар өнөөх л татвар дээр бууж байгаа бололтой юм. Рио Тинто"-гийн зүгээс 127 саяас 30 сая ам.долларт хүргэж багасгасан татварын маргааныг нэг тийш болгоод, хоёр дахь шатны далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх дөрвөн тэрбум ам.доллараа босгоод доошоо гүнээс олборлох хоёр дахь төслөө эхлүүлье гэсэн бололтой. Үүнийгээ нэг их онцгой санал гэж үзэхгүй байгаагаа бас л “онцлон” хэлжээ. ... Дэлхийн аль ч улсад ийм хэмжээний төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд тавих ерөнхий зарчмын шаардлагуудыг Монгол Улсын Засгийн газарт санал болгосон. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн байдлаар зөвхөн “Оюутолгой” эсвэл зөвхөн Монгол Улсад тусгайлсан, онцгой санал огт тавиагүй... гэсэн буюу товчхондоо “тайван байцгаа, ноёд оо. Зохицьё” л гээд байх шиг байна.
Сэм ахын удирдсан групп Оюутолгойнуурхайн “нас”-ыг уртасгаж хоёр дахь шатны төслөө амжилттай хэрэгжүүлэх төлөө байгаа ба цаашид санаачлагатай байхаа бас илэрхийлжээ. Түүний хэвлэлд өгсөн дипломат мэдэгдлийн цаана зөөлөн тулгалт үнэртэж л байна гэж дүгнэх хүмүүстэй би хувьдаа санал нэг байгаа юм. Тэрбээр “Бид эцсийн байдлаар саналаа тавьсан. Үүнийг дахин өөрчлөхгүй” гэж мэдэгдсэн байгаа юм. Ам.доллароор хүүлж эдийн засгийг тэтгэх хэдэн толгойгоо хэрүүлийн алим болгочихоод байгаа бид одоо хариугаа хэлэх цаг болсон юм байна. Эхлээд бид дотроо эвтэй байж дараа нь хүнд итгэлтэй хариу барьж бас тэгээд хэлсэн ярьсандаа тогтвортой байхгүй бол болохгүй санагдана. Төрөө байнга солиод л, солигдох бүрт нь гэрээгээ өөрчлөх гээд л байвал дэлхийн хэмжээний байтугай сумын хэмжээний төсөл ч амжилттай хэрэгжихгүй байх талтай. Тийм байх аваас бусад хөрөнгө оруулагч нар ч Сэм ахыг жишээлээд элдэв баталгаа нэхэж шаардлага тулгалтаа нэмээд байж магадгүй л юм.
Үйл ажиллагааны зардал нь өсөөд л байвал Монголын хувь багасаад л байдаг хачин гэрээтэй Оюутолгойн 34 хувийн эзэн бид үнэндээ энэ ордоос хэдэн цент авч эдийн засагтаа нэмэрлээд байгаа билээ дээ гэж Сэм ахад үг хаямаар санагдлаа. Бас өөрийхөө хэдээс нэг алаг үнээний сааль сүүний талаар ч дахин асуумаар л болох юм.
Бид цагаа урагшлуулж хэмнэлтийн горимдоо шилжиж байх амралтын өдрүүдэд Рио Тинтогийн дэд босс Сэм Уолш ирээд яаруу ирээд хэдэн үг хэлчихээд явчихлаа. Одоо манай төр Оюутолгойгоо гацаанаас гаргах талаар санаа оноогоо бидэндээ бас хэлэх байх гэж хүлээе дээ.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/