Такси №118
2015-03-27

Буянтай Бусанчууд

 

...Үргэлжлэл

 

Ийнхүү будант Бусанд монголчуудтайгаа нэгэн шөнийг дуулж хуурдаж өнгөрүүлэв. Өглөө эрт ажилтай ч нэлээн доргисон залуус шөнийн 03 цаг болгоод тэгсгээд тарлаа. Гэтэл Ким хүргэн намайг дуудаж хэсэг суухыг санал болгов.

Эр хүн яахав нарийн ширийн юмаа ярих гэсэн бололтой. Гэхдээ миний хэлний мэдлэг тийм сайн биш болохоор тийм ч нарийн зүйл ойлгосонгүй. Өө тэгээд халсандаа болоод далайн гахайн хэлээр ярих шахсан би хүргэн ахын яриаг бараг л бүтэн ойлголоо. Одоо ажиллуулж байгаа энэ “шигдан” нь гэрээс нь их хол. Ажиллуулахад тийм ч амар биш гэнэ. Маш өндөр түрээстэй. Ашиг олох нь тун ховор. Гэхдээ орон гэрээсээ алсад байгаа монголчуудад цуглаж уулзахад нь нэмэртэй гэсэн сэтгэл өвөрлөөд тэсээд байгаа гэнэ. Ер нь л их Монголжсон эр юм. Бас их уян сэтгэлтэй ч юм. Харийн хүнийг монгол бүсгүйтэй гэрлэхэд сөрөг л талдаа байдаг миний бодол энэ шөнийн ярианаас улбаалж нэлээн өөрчлөгдөв.  Ингээд бид хоёр бараг л үүр цайлгах шахаад дуг хийлээ.

 

Ким, Одноогийн гэр бүл Өглөө нь манай хэд эмнэлэгт очиж үзүүлэхээр болов. Би яахав саваагүй хүн дагаад л явлаа. Том эмнэлэг юмаа. “Good Gang-An Hospital” гэж. Гурван ч салбар эмнэлэгтэй. Тэнд тав зургаан монголчууд маань энэ эмнэлэгт үзүүлэх гэж ирсэн байхтай таарлаа. Виз нь явдал чирэгдэл багатай, Бусан өөрөө далайн эргийн хот болохоор үзэх харах юм ихтэй давхар аялж зугаалаад явж байна гэж өөр хоорондоо хууч хөөрцгөөв. Нэг эгч ходоодоо дурандуулсан гэнээ. “Өө ямар ч зовиур мэдэрсэнгүй нэг тариа хийлгээд жоохон дугхийгээд сэрсэн чинь харчихсан байна. Хахаж цацаж айхгүй зүгээр юм” гэж хээгүй сайхан ярилаа. Манайд ч бас тэр гуурсыг бүлтэлзэж байгаад залгих ч хэцүү гэдгийг би бас нэг үзсэн хүн тул энэ давуу талыг ойлгож байлаа. Манай харшийн Баска харин ерөнхий шинжилгээ хийлгэхээр явж өглөө. Ер нь бол энэ эмнэлэг нуруу нугасны өвчнийг эмчлэх талдаа нэлээн хол тасарсан бололтой санагдлаа. Үр хүүхэд үл заяаж мухардсан хосууд энд ирж үр хүүхэдтэй баяр жаргалтай болсон нь их юм байна. Нөгөө муу зүрхийг чинь зүгээр хонины зүрх сугалаад өмнөө тавьчихсан юм шиг компьютерээр харчихаж байна. Ясыг бол янзалж байна аа. Мань шиг дисплей жаахан тааруу хүнийг “аятайхан” болгочихдог косметик хагалгаа ч бас байна.

 

Seo Woo Young /M.D.Ph.D/ Манай хэд намайг рекламдаж харсан үзсэнээ “хамаагүй” бичиж нийтэлдэг гэж хэлсэн тул эмнэлгийн дарга Seo Woo Young /M.D.Ph.D/ гэх буурал эр намайг жич хүлээж авлаа. Монголд хэд хэд очсон. Хөдөө очиж эмнэлгийн нөхцөл байдлыг нэлээн сайн мэдэх хүн юм байна. Өөрийн гэсэн монгол гарын шавьтай хуурай дүүтэй гэж зургийг нь үзүүллээ.

Солонгосын эмнэлэгт заавал мөнгөтэй хүн явдаг гэсэн ойлголт одоо өөр болсон санагдлаа. Над шиг наад захын дундаж хүмүүс гэр бүлээрээ Бусанд ирчихсэн эмнэлэгт шинжилгээ өгөөд явж л байх юм. Жоохон задгайраад халсан чинь эмэгтэйчүүд нь далайн музей үзсэн бол оройдоо эрчүүд нь Хэвэндэй гэх аялал жуулчлалын бүст очиж казинод орж ёндоодсон тухайгаа ч ярилаа. Энд аргагүй өвдөөд эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүн ч байна. Сар шинийн урт амралтаа далимдуулж аялж зугаалангаа биеэ тандаж эмнэлэгт үзүүлээд явж байгаа иргэд ч байна. Монголчууддаа тусалж эмчилгээ шинжилгээ хийлгэхэд нь тусалдаг. Визний асуудлыг нь зохицуулж өгдөг “Мирэ” гээд компани байна. Бусан хот өөрийн гэсэн  Эммегрэшнтэй болохоор виз нь эндээ гарчихдаг юм байна. Монголдоо холбогдьё гэвэл 91911638 гэсэн утас руу залгаад л ер нь бүтэх бололтой.

Насаараа хазгар доголон болдгийн даваан дээр азтай гэмээр тохиолдлоор энэ эмнэлэгт ирж эрүүл болж байгаа 8 настай жоохон охинтой уулзлаа. Ээжтэйгээ ирээд эмчлүүлж байгаа гэнэ. Охин нь төрөлхийн ясны хөгжил но-той буюу нэг хөлийнх нь өсөлт зогсч урт богино хөлтэй болж ирсэн гэнэ. Эх эцэг л болсон хойно хөлөө хүрэх газар явж Бурхнаас бусадтай нүүр тулж явсан байж таараа. Явж болох бүх замыг судалж уулзалт гуйлтыг хийж үзэж. Манай эмнэлэг ч бас л сайн ноцолдож. Гэхдээ л охин томрох тусам нэг хөл нь өсөлтгүй болж үхжих маягтай болж ирж цаашдаа тайруулахаас өөр замгүй болж. Гэтэл нэг азтай учрал болжээ. Ээж нь нэг торт хийдэг газар түр ажиллаж байхад танилцсан нэг бүсгүй дам дамаа ярьсаар гарц олж өгчээ. Сайхан сэтгэлтэй хүмүүс бас байна аа. Түрүүн миний уулзсан эмнэлгийн дарга тэр үед Улаанбаатарт маань ирж маргааш буцна гэж байхад охинд туслах гэсэн сэтгэлтэй хүмүүс сураг гарган дамжуулж ярьсаар амжиж уулзуулжээ.

Seo Woo Young доктор охиныг хянуур үзээд эмчилж болох юм байна гэж дээ. Сайхан хэрэг шүү. Тэгээд л урилга виз нь бэлэн болж Бусан хотыг зорьж энэ эмнэлэгт иржээ. Охин хоёр удаа хагалгаанд орж гадагшаа гарсан өвдөг, муруйсан шилбээ засуулжээ. Одоо дахин хагалгаанд ороод байгаа бөгөөд гайхалтай нь үхжээд эхэлж байсан хөл засарч, хоёр хөлийн урт богино нь бараг арилж хэвийн болж байгаа гэнэ.

 

Өвчтэй хөл нь хэвийн өсөлттэй хөлөөсөө 6 см ойр очиж эхэлсэн ба одоо дахиад нэг хагалгаанд орж аппарат зүүгээд бараг тэнцэх байх гэж залуухан ээж сэтгэл хөдлөн ярилаа. Анх ирээд Солонгос хоолонд дасч хоолшихгүй бэлэн гоймондоод байсан тул эмнэлгээс манай хоёрт тусад нь гал тогоондоо өрөө гаргаж өгөөд монгол хоолоо хийж идэж байх нөхцлөөр хангасан гэнэ. Ер нь манай хоёр энэ эмнэлэгтээ нэлээн бүлсэж тухалжээ. “Бид хоёрыг бас харж үзээд төлбөрийг хөнгөлж өгсөн. Аймаар гоё” гэж залуухан ээж нүүрэндээ гэгээ цацруулан байж ярилаа. Азуунаа гэж өөрийгөө танилцуулсан азтай охинтой би жаахан буу халлаа. Надаар бараг асуулт тавиулсангүй дээ. 

 

О/охин/ -Намайг Азуунаа гэдэг. Би 8 настай. Тэгээд би шинийн 5-нд төмрөө авахуулна. Тэгээд би эмнэлгээс гараад явна. Тэгээд ээж жоохон ажил хийнэ. Тэгээд би сарын дараа Монгол руугаа нисэх гэж байгаа. /ээж нь хажуугаас нь ёвроод авав. /

Х -Өө мундаг том төлөвлөгөөтэй байгаа юм байна даа та хоёр. Одоо хөл нь өвдөж байна уу?

О -Үгүй. Гэхдээ доогуураа жоохон өвдөж байгаа. Хөлөө чацуу болохоор би гүйж тоглоно.

Х -Тоглох ч гоё шүү. Том болоод юу хийдэг ямар хүн больё гэж бодож байна даа, Азуунаа?

О -Эмч л болно ш дээ. Ойлгомжтой.

Х -Эмч нарынхаа нэрийг хэлж мэдэх үү, миний дүү.

О -...Ким хэн ш дээ...

 

Азуунаа охин энэ жил 3-р ангид гүйж явах ёстой юм байна. Гайт өвчний балгаар бусдаасаа хоцорчээ. Гэхдээ тэр удахгүй хөл нь зүгээр болж гүйнэ гэдгээ мэдэрсэн байгаа санагдлаа. 

Энэ булангийнхаа төгсгөлд охиныг хөлтэй болгох буянтай үйлсэд нэгдсэн Монгол, Солонгос бүх ахан дүүс сайхан сэтгэлт хүмүүст Бусан “Mirae International” компанийн захирал Tae-min-Jeon монголын талын захирал О.Одончимэг гээд олон хүнд баярын ил захидал цохиж “Камсахамнида” гэе дээ...  Буянтай хот юмаа энэ Бусан гэдэг.    

Удаах өдрийн паянгаас хальт сонирхуулахад багийнхныгаа дагаад далайн эрэг дээр байх Парадиз гэх казинод орж явчихав. Үүдэн дээр нь паспортоо өгтөл тэмдэглэж аваад нээх гоё карт өгч бас сугалаа сугалууллаа. Дээд тал нь 30 мянгын гэж байдаг бололтой юм. Би ч 20 мянгынхыг л татаад гаргаад ирлээ. Тэрийгээ зөв газраа хүн дагаад тавибал тэгээд мөнгө болгож болдог юм байна. Өө би сайн мэдэхгүй юм. Бардагаар нь машин дээр хэд тоншингоо 30 мянган вонноо баян казинод тавьж туучихаад хариуд нь 100 грамм виски, нэг таваг калбитан аваад цохьчихлоо. Бараг л балансандаа л гэсэн үг. Манай хэд бас зарим нь хөөрхөн ёндоодоод 200 мянган вонны хясаа атгачихсан л харагдаж байсан.

 

Бусан хотын тэр эрэг орчмын газар нь үнэхээр овоо юмаа.

 

Гэрэл чийдэн. Эрээн мяраан. Далайн түрлэгний чимээ. Наддаа бол тэр Лас Вегаст ирсэн мэт л санагдлаа. Манай багийн ахлагч Сарангэрэлийн дэмжлэгээр бид цонхоор нь яг далай харагдах буудлын 15 давхарт нэг хонолоо. Идсэн уусан тэнэснээ гайхуулах гээгүй шүү, манайхаан. Явсан газрын сонинг л хээгүй өгүүлж байна. Бидний эсрэг талд Обама найзын тухалж байсан буудал байгааг хүргэн Ким надад хэлж өглөө. Төрөлх хотынхоо энэ үзэсгэлэнт газраар бахархаж явдаг нь илт. За тэгээд энэ эрэг дээр байх айхтар өндөр 4 хос байшин байх. 45 сая хүнтэй энэ улсын хамгийн том баячууд нь л тэр байшинд амьдардаг гэнэ дээ. Завтай яваад хэдэн төгрөгтэй тэнэвэл 4 сая хүнтэй энэ хотод үзэх юм их байгаа юм билээ. Би ч яахав захыг нь шүргээд л гарлаа.

 

6000 гаруй Монголчуудыг минь оршин байлгаж байгаа их далайн хөвөөнд цэлийх энэ хот надад гүн сэтгэгдэл бас тайвширлийг мэдрүүлсээн. Зун бол энд тасархай сайхан байх нь мэдээж. Цаг зав гарвал будант Бусанд зочлоорой. Эмнэлэгт нь үзүүлж эрүүл мэндийнхээ “ханд”-ыг бас тандаарай. Заавал өвдөж байж утас шүүрч мөнгө цуглуулах хэрэггүй шүү дээ манайхаан. Энэ хотод таарч уулзаж чин сэтгэлээсээ ярьж хөөрч дуулж хуурдан хамтдаа битүүрсэн бүх залуус, бүсгүйчүүддээ сайн сайхныг хүсье. Цэлмэг тэнгэрт монголдоо хурдан ирэхийг бодоорой...

 

 

 

 

Ингээд төгсгөлд Солонгосд нэлээн амьдарсан зарим нэгний хөгжилтэй яриа хөөрөөнөөс хүргэе.

 

Хамаг гоё дээр нь тавиад...

Нэг бүсгүй ингэж ярилаа. Хэдэн сарын өмнө “Хүний төлөө нэг сайхан буян” хийчихье. Өвчтэй зовлонтой ядарсан нэг хүүхдэд сар бүр амьдрах тэтгэлэг өгье” гэсэн сайхан сэтгэлтэй Солонгос хүнтэй таарсан гэнэ.

Х -Тийм хүнтэй таардаг чи бас азтай.

Э/эмэгтэй/ -Өө тийн. Тэгээд би чинь монгол руугаа хэдэн найз нартайгаа яриад нэг тийм ядарсан өвчтэй хүүхэдтэй хүн ольё гээд. Тэгсэн нэг хүүхдийн сураг гарлаа. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг ангинаас болоод доголон болчихсон гээд. Зургийг нь над руу явуулжээ. Харахад л өрөвдмөөр зайлуул. Нөгөө навсайсан гэдэг шиг. За тэгээд би чинь жоохон судлаад болох юм гээд. Нөгөө хүнийхээ э-майл хаягийг өгөөд зургийг нь товч танилцуулгаа бас тэгээд амьдрал орлого муутайгаа бич гэлээ.

Х -Шууд нөгөө Солонгос руугаа юу?

Э -Тийн. Хэд хоноод гэнэт санаад хөөе хүүе болоод тийшээ явуулсан зураг мургаа над руу бас явуул гэхгүй юу. Тэгээд аваад харсан чинь пөөх. Нөгөө муу охиныг чинь аягүй гоё палааж өмсгөөд үс зүсийг нь засаад, хамаг гоё дээр нь тавиад нэг их тансаг айлын бололтой цонхны хөшигний өмнө зогсоож байгаад зургийг нь нэг их гоё дараад явуулчихсан байгаа юм чинь, ёооё. Би бүр гайхаад “энэ юу вэ нөгөө охин мөн үү. Юун гоёх вэ” гээд. Үсэнд нь бараг хими хийлгэчихсэн байв уу яав ккк. Манайхан нээрээ хүнд муугаа үзүүлэхгүй л гэнэ тэ.

Х -Тэгээд нөгөө ивээн тэтгэх Солонгос яасан больчихсон уу?

Э -Өө тийн тэгээд л чимээгүй болчихсон. Хэсэг байж байгаад би та нөгөө хүүхдийн асуудлыг яасан гэсэн. Тэгсгээд бөөрөнхийлөөд нэг л сонин болчихсон байсан ккк. Намайг нэг ах дүүгийнхээ хүүхдийг л оруулчихлаа гэж бодсон байхаа. Сүүлд нь бүүр санаа зовоод. Уг нь сард нэг 100 мянган вонн явуулж байя гэсэн байхгүй юу. Манайд чинь бараг хэдэн ам бүлтэй айл амьдарчих мөнгө биз дээ тэ кккк. Аймаар нэрээ бодно оо. Би уг нь ядарсан хэцүү гэдгээ ойлгуулах юм шүү гэж хэлсэн дээ. Тэгэхэд л хамаг гоё дээр нь тавиад зургийг нь дараад шууд явуулчихсан байсан шүү...

 

“Нээрээ тэгсэн ш дээ”

 

Хаана ч адилхан юм даа. Үр хүүхдийн хөгжилтэй дурсамж байх.

Сөүлд манай хүүхдүүд сурдаг ерөнхий боловсролын Монгол сургууль байх. Тэр сургуулийнхан хүүхдээ сургуульд зөөх хүргэх нь эндэхээс арай өөр. Хэн түрүүлж ирсэн эцэг эх нь ойр хавийнхаа хэдэн хүүхдийг бөөндөж аваад тарааж хүргэж өгдөг. Их хамтач гэх юм уу даа. Би нэг ийм хүргэлтэд дайгдаж хэдэн буудал явлаа. Багш хүүхдүүд хамтдаа. Хөгжилтэй хөөртэй зүйл ярьж байнаа.

Багш -Ноднин бил үү. Нөгөө Солонгоо бий ш дээ. Ансанд байдаг Нараагийн охин. Тэр бид хэд машинд явж байхгүй юу. Солонгоо ээжтэйгээ би манай хүн бид хэд суучихсан. Тэгсэн ээж нь манай Нараа ингэж тэгж архи уугаад. Одоо хамар нь нь час улаан юм болчихсон. Тэр элэг мэлэг нь устаж байгаа байхаа гээд ярьж өгөхгүй юу. Тэгсэн Солонгоо хөөрхөн “Ээж та битгий гэрийн нууц задлаад бай л даа” гэсэн ш дээ ккк

Энэ ярианд машин барьж явсан бүсгүй оролцож,

-Ноднин Түндэмүнээс ирдэг хоёр байсан ш дээ. Эгч дүү хоёр. Би тэр хоёрыг өглөө дайрч авч явдаг байсан ш дээ. Тэгсэн нэг өглөө авах гээд очсон. Тэр хоёр гарч ирдэггүй. Утсаар залгасан аав ээж хоёр нь хэрэлдээд байгаа бололтой. Нэлээн чанга дуугараад байсын. Тэгээд хоёр хүүхэд нь хам хум хувцаслачихсан гараад ирлээ.

Би тэгээд “За та хоёр яав. Яагаад удав аа” гэсэн чинь бага нь хөөрхөн “Ээж сая аавыг алгадаад өшиглөчихлөө ш дээ” гээд ярьж өгөхгүй юу. Тэгсэн нөгөө үсээ дээр дор боосон нь “Ээж хүнд битгий хамаг юмаа хэлээд байгаарай гээ биз дээ” гээд нөгөөдөхөө намжирдаад. Нөгөө муу дүү нь тэгсэн “нээрээ тэгсэн ш дээ” гээд хэлээ гаргаад, амаа дараад ккк хөөрхөн байгаа юм чинь.

 

Хандраад байгаа юм байх гэж бодоод

 

Бараг л анхны хэдтэй Солонгост ирсэн гэх бүсгүй ингэж ярилаа.

Э/эмэгтэй/ -...2000 онд ш дээ. Юм бас манайд өөр байсан тэ. Нэг их хөгжөөгүй. Нэг монгол хүүхэн маань Южинбүд ажилд ороод. Тэгсэн нэг Ажуши хандраад сүйд гэнээ. Тэгээд л нэг өдөр ажлаасаа тараад 5 давхраас доошоо буусан чинь шатан дээр нөгөө хандраад байдаг “Со” эр зогсч байна гэнэ. Шат нь гэрэлгүй. Тэгсэн нөгөөхийг чинь доошоо буухаар гэрэл асчихаж байна гэнэ. Нөгөө монголдоо байдаг шигээ харанхуй тэр чигээрээ л буух гээд байхгүй юу. Тэгсэн дараагийн шат руу орсон бас гэрэл нь асчихаж байна гэнэ. Тэгэхээр нь нөгөө дээр зогсож байгаа байгаа залуу буух бүрт нь давхрын гэрлүүдийг асааж өөрт нь сүйд болоод байна гээд. Бөөн юм бодоод нэг давхраас гарахдаа дээшээ нөгөө нөхөр лүү “Камсамнида” гээд орилсон гэсэн кккк.

Үүгээр ээлжит тэмдэглэлээ өндөрлье. Солонгос оронд аялж эх орон нэгтнүүдийнхээ аж амьдралын зураглал буулгах боломж олгосон энэхүү “Амьдралын үнэ цэнэ” уулзалт ярилцлагыг сэтгэл зүтгэл гарган зохион байгуулсан Монголын хүүхдийн гэр бүл ирээдүй төв, БНСУ дахь Ардчилсан хүчний холбоо болон хамтран ажилласан нийт хүмүүс, ивээн тэтгэсэн “Топиус” компанийн хамт олонд талархлаа илэрхийлье. Эрүүл байж урт наслахын тулд мөнхийн усыг хайх хэрэггүй байхаа. Алд биендээ аригтай байж эх орны хөрснөө тарьж ургуулсан эрдэс бодис амин дэм шингэсэн булцуут цэцгийн цайгаа өдөр болгон ууж хэвшээрэй. Эм болно. Эрүүл мэндийг ч хамгаална. Энэ реклам биш. Уриалга шүү, манайхаан.

 

Дараагийн дугаарт Солонгосын “ягааны гудамж” буюу биеэ үнэлэгчдийн гудамжны эрээн бараан бас бус сониныг жич өгүүлэх болно. Тэгээд их хотын амьдралдаа хутгалдаж элдэв сониноо үргэлжлүүлнэ гэж бодож байна.

 

 

Сонин дуулгахад Юм-Үзийн өвөөд явуулсан мөнгийг банкнаас авч хөгшнийх нь гарт атгуулллаа. Одоо ирэх 4 сарын 3-нд  49 хоногийнх нь буянг хураахад хэрэглэе гээд сүрхий баярлаж байна лаа. Эмээгийн сарын 240 мянгын тэтгэврээс өөр орлогогүй нэг айл тэнд үлджээ хөөрхий. Охин нь хоёр жоохон хүүхэдтэй ажил хийж амждаггүй бололтой. Дулаан цаг ирж байна нүүрс түлээ гэхгүй болохоор тэгээд болох байгаа л гэж сууцгаана лээ. Би тэднийхээр шуурхай орж орж өвөөгийн зураг тахилд дуртай нэг шил архи, арван цаас тавьсан. Өвөө 100 граммд бол дуртай, сайхан тааруулаад татчихдаг байсан юм. Анхны бороо ороод эх орон сайхан байна аа, манайхаан. Амралтаараа ая тухтай хөөр хөгжилтэй байж, болж өгвөл дурсамж үлдээхээр гэр бүл анд нөхөдтэйгээ хамт өнгөрүүлэхийг бодоорой. Түр баяртай...

Өө тийн нэг юм мартаж, би бас жиргээд эхэлсэн байгаа шүү.

 

"https://twitter.com/hoovon_huh"

“Follow me” гэдэг билүү…

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

 

Shuud.mn
Сонин хачин
sain uu:
sain uu hoovon mini saihan bichsen bnaa bayarlalaa manaihaan bas sain uu yutai btsgaana aaa
2015-04-01
Хүнд гар:
Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ, цоохор даага жирийхээрээ жирийнэ. Үүн лугаа адил мэрийгээд, жирийгээд байваас зүйд нийцмой хэмээн зурхайн гол судруудад өгүүлжээ хоовон хөхөө ккк ....
2015-03-30
юм-үз:
амьдрах хорвоо санагддаг. за, та бүхэн минь сайхан амарцгаагаарай.
2015-03-28
юм-үз:
сайн байцгаана уу, та бүхэн минь? өчигдөржингөө бичиг цаасны нэг зүйлийн төлбөрийг хийх гэж Кентуки мужид өдрийг өнгөрөөлөө. манай үүгээр бороотой, зэвэргэн салхитай цаг агаар таагүй л байна ч, ирэх 7 хоногоос сайхан дулаараад эхлэнэ хэмээн цаг агаарынхан хэлж байна. за энэ ч яахав, хоовонгийнхоо сонинг дуулж, видеогоор гарсан монголчууддаа хариу мэндчилж , тэд маань харахгүй ч гэлээ гараа даллав, хэхэхэ. тэр хүүхдүүдийн яриа гэрийн нууц хөөрхөн гэдэг нь, жаал инээв. ер нь тэгээд, хэний маань ч амьдралын аян замд тохиох явдлаа нандигнан заримыг нь, саарыг нь ч, сайныг нь ч, хэлэх хэлэхгүй, хэлмээргүй, ярьмааргүй байх хэрэг байдаг юм шигээ. маньд санагддагаар, хүн бүрий амьдралын жимээрээ явцгаах аян замдаа учрах тохиох элдвийг өрөөл бусад хэн нэгэнд сургамж сургааль болгож өгүүлж хүүрнэж ярих хэрэг хэрэгцээ шаардлага болон урган гарах нь заримдаа байдаг санагддаг. хүн хүн ангид болохороо , чухам өнөө хүн маань аль ангидаа тууж яваагаасаа үүдээд яригчийнхаа хүүрнэл хөөрөөнөөс нь ухаарч
2015-03-28
юм-үз хоовонд:
сайн уу, хоовоон? болждээ, яамайдаа.
2015-03-28
Зочин:
tomor zamiin 3 ugsarmaliin gomo monhoo bairniihaa bandi nariig oroldohoo boli ichij amidraach muu shoron
2015-03-28
Зочин:
olon hun dotor sain hangug baidag yum bnlee gehdee diiilenh n mongo huraahiin huslen mongold mongogui hun amidarch bolood baidag bol tend uh l gene shu
2015-03-28
Зочин:
Сайхан бичих юмаа. Янзтай сайхан юм уншлаа. Амжилт хүсье, Хоовон Хөхдөө.
2015-03-28
hongorzul:
Hi sn yvj haria yu bi bucaagui bga arai boloogui nadad hariu bichsend mash ih bayrlasan shuu tegeed harihaara fb r nzalj holbogdonoo amjilt huse
2015-03-28
Eej hun:
Sain uu hoovon huhuu saihan bichjee yostoi nudend haragdlaa. Manaihan yagaad setgegdel ene ter bichihgui bnaa margaash l buunduh ni dee. Uvuugiinhuur orsond chini ih bayarlalaa. Aan bas neg zuil zuvluhud mungiig tsaas gej bitgii yarij bgaarai. Ter solongos emneleg ih zugeer sanagdlaa. Bi neg hul muutai ohintoi yum utsaar ni yarij bgaad uzuulnee. Za ajilt urgeljluuleed bgaarai. Neeree jirgej bgaa gesen uu daganaa. Yum uz, aya tungaa ... Geed bugded ni ene udriin mend. Aya tungaa oird orj irehgui bh shig bhiin.
2015-03-27
ss:
amjilt husie.
2015-03-27
Бимаа:
Хөөрхөн юмаа уншлаа
2015-03-27
1rst:
Saihan boljee, saihan bichsen baina, unen shuu unen hoovon mini.
2015-03-27