“Энийг хардаа” гэдэг шиг юм болоод байгаа юм байна. Дугуй түгжигч гээд шар нөхөр бий. Хүн биш л дээ. Машины дугуй түгжигч эд. Ард нь харин айхтар орлого базсан хэдэн хүн байгаа юм байна. Тэд нийт 234.9 сая төгрөгийг иргэдийн халааснаас салгажээ. Үүнээс нийслэлийн төсөвт орсон нь 19.2 сая төгрөг гэнэ. Тэмээ ямаа шиг энэ хоёр тоо юу хэлж байна. Баараггүй 200 сая төгрөг нь компаниудын халаасанд оржээ гэж ойлгогдохоор. Энэ хэмжээний ашиг орлого олсон компаниуд тэр хэмжээний татвараа төлсөн байх гэж найдья. Яльгүй дөвийлгөж хэлэхэд “дугуй түгжих” нь хамгийн бага зардлаар цөм хийсэн бизнесээр энэ ондоо төвөггүй шалгарахаар байна.
“Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гаргах эрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй байжээ. Энэ их ноцтой л доо.
Бид ер нь иргэний төлөөлийн тухай яасан ядмаг мэдлэгтэй яваа юм бэ дээ. Түүн дээр нь итгэл хүлээлгэсэн хэд маань ямар сүрхий “ажилладаг” юм бэ. Ер нь бол машин ачих, дугуй түгжих асуудал дээр иргэд зөндөө л шүүмжилсэн. Хэн тоосон юм б
ШӨХТГ-ын О.Магнай даргыг хойшоо болгосны дараа хэн болохоо харуулахаар ажиллаж буй Т.Аюурсайхан даргын ажлын гарааны шоуны багцад энэ асуудал багтаагүй байсан бол дугуй түгжих хууль бус шийдвэр тэрбумыг ч олчихоор л байж. “Иргэдийн хурлаар дархлагдсан шийдвэрээр иргэдийн мөнгийг дэлсэх” энэ ажиллагаа хэдий болтол үргэлжлэх байсныг бид таашгүй байсан хэрэг. Хүний машиныг олийтол ачаад явчихдаг дуут дохиотой хэдэн машин бий болсон. Тэд зогсоолгүйн зовлонд түр орхисон хүний машиныг зайтай зогсоол буюу бидний хэлж сурснаар журмын хашаанд тавьж “үйлчилдэг” юм. Энэ үйлчилгээгээ 70-80 мянган төгрөгөөр үнэлэх эрхийг нь хотын удирдлага ногоон гэрлээр олгож 2013-2014 онд 647.710.000 төгрөгийн хураамжийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж чаджээ. Энэ мөнгийг 70 мянгад хуваахад 9253 хүнийг хоолны мөнгөөр нь торгосон болохыг гомдогсод аль хэдийнэ тооцож гаргаад байна. 70-80 мянган төгрөгийн энэ хураамж хууль бус гэдгийг өчигдөр бид мэдлээ. Мэддэг нэг нь мэдэж хэлээд л байсан л даа. Энэ үнэлгээнд эргэлзэж байсан иргэд олонх байсан ч Иргэдийн хуралдаа итгэж байсан хэрэг. “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гаргах эрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй болохыг өчигдөр бид бас гэнэт мэдлээ. Иргэд бидний эрх зүйн мэдлэг дутмаг дээр дөрөөлсөн эрх баригчдын хэчнээн ийм шийдвэр гарсан байгааг хэн бидэнд хэлж өгөх вэ.
Гавьяаныхаа амралтанд гарсан ч нэрийн дансандаа улаан мөнгөгүй иргэд байгааг бид бас л өчигдөр мэдэв. Яаж их хулхидуулж явдгаа нэг өдөр бөөндөж мэдэх нь иргэдэд тийм их таатай байгаагүй л байх. 2015 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 15041 даатгуулагч байгаа. Шинэ журмаар энэ оны нэгдүгээр сараас тэтгэврээ авах болзлоо хангасан 1400 эмэгтэй цайрсан данстай байгаагаа өчигдөр мэдэв.
Энийг хараа гэдгээр Төрийн ажил юу болж байна вэ гэж бухимдсан иргэдийн цөсийг хөөргөөд яахав. “Эднийгээ хараач” гэж одоо хэндээ хэлэх вэ гэдэг асуулт байна.
Иргэдийн хурлын эрхэм гишүүд бол сонгуулиар соотгонож зүтгэнэ, шийднэ, өмгөөлнө, хамгаална гэж амалж байж дээшээ гарсан нөхөд. Тэд иргэдэд хохиролтой аливаа шийдвэрт нэгдэж найраанд” орсон тогтоол шийдвэрийг баталж, даврах эрхгүй л дээ. Өнгөрсөн жил хэсэг төлөөлөгч багаараа Бразил явж хөл бөмбөгийг амьдаар нь үзэж биднийг атаархуулдаг бол юу ч биш юм байна. Хууль давсан шийдвэр гаргаж хэдэн компанид баяжих боломж олгох “гарцаагүй байдал”-д ороод л явж байдаг бололтой юм. Үүнийгээ эрхэм иргэдийн төлөөлөгчид иргэддээ тайлбарлах хэрэгтэй байх. Буруу шийдвэр гаргасан нөхдөд хариуцлага тооцож Захиргааны арга хэмжээ авч цалингийн хувиар торгоно гэж ШӨХТГ-аас мэдэгдэж байна. Энэ торгох “арга хэмжээ” гэдэг одоогийн дарга нарын хувьд дээр үеийн “донгодох” гэсэнтэй адил болсон зүйл.
Энэ удаа яахав санал нэгтэй донгодьё. Гэхдээ иргэдийн итгэлийг олонтаа алдваас ирэх сонгуульд бүхнээ алдана гэдгээ эрхэм төлөөлөгчид эрх биш ухаарч явдаг байлгүй дээ.
ИТХ –Иргэдийнхээ төлөө ажиллаарай.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/