Долларын ханш сүүлийн гурван жил тасралтгүй өссөөр өнөөдөр 2000 төгрөгтэй тэнцээд байна. Ам.долларын өсөлтийн шалтгааныг мөнөөх л гадаадын хөрөнгө оруулалт зогсч, валютын урсгал саарсантай холбож байна. Нэгэн цагт 4.1 тэрбум ам.доллароор гадаад валютаа нөөцөлж байсан бол өнөөдөр 1.6 тэрбум болж гурав дахин багасчээ. Нөгөөтэйгүүр манайхан нэг хэсэг Солонгос улс руу олноор зорчиж, тэнд ажиллаж, амьдран, мөнгө цуглуулж, эх орон руугаа шилжүүлдэг байсан. Иргэдийн энэ мөнгө валютын ханшийн өсөлтийг хазаарлахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байсан.
Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол цаашдаа ч валютын ханш өссөөр байна гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Зарим эх сурвалж тун удахгүй ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэнэ гэж таамаглаад байгаа. Ер нь муу амлаад байгаа ч юм биш, АХБ-ны тайлангаар ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтөөрөө хоцрох магадлалтай орноор манайх тунарсан байна лээ.
Ханшийн өсөлт нь эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Импортын эрэлт, экспортын өрсөлдөх чадвараар дамжин үнийн төвшин нийт эрэлтэд шууд нөлөөлдөг байна. Жишээ нь, төгрөгийн ханш суларсан тохиолдолд импорлогч компаниудын зардал нэмэгдэж, импортын бүтээгдэхүүний үнэ өснө. Энэ нь нийт эрэлтэд сөргөөр нөлөөлөх юм. Тогтмол ханшийн дэглэмтэй үед мөнгөний бодлого үр ашиггүй. Уян хатан ханшийн дэглэм нь инфляцийг онилох мөнгөний бодлогыг дэмждэг байна. Валютын нөөц хязгаарлагдмал учир нэг талаас ханшийг тогмтол барих боломжгүй байдаг аж.
Төрөөс ханшийн талаар энэ онд “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихүйц уян хатан тогтож, улмаар дунд хугацааны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалахтай нийцтэй байх зарчим баримтална” гэжээ.
Төв банкны хувьд валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг байна.
Цаашдаа ханшийг хэрхэн барих вэ? Эдийн засаг нь дотоодын үйлдвэрлэлдээ тулгуурлаагүй, уул уурхайн салбараас хүчээ сэлбэнэ гэсэн сүүлийн хэдэн жилийн ташаа тооцоолол өнөөдөр эдийн засгийг хямрааж, цаашдаа ч өсөлтийг нь сааруулах магадлалтайг АХБ-ны эдийн засагчид анхаарууллаа.
Импортын бараанаас хараат манай улсын хувьд гадаад бараа таваарыг бус дотоодын зах зээлдээ хөрөнгө оруулалт хиймээр. Гадаадад компанийн тоног төхөөрөмж, машины сэлбэг хэрэгслээс эхлээд хувцас, хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн сүү, нэмэлт тэжээл гээд л өргөн хэрэглээний бараагаа хүртэл цуглуулдаг бийлэгжүү хэсгийнхэн ч валютын ханшийн өсөлтөд “хувь” оруулсан байгаа. Тиймээс импортын хэсгийнхнийг эх орны бүтээгдэхүүнээ хэрэглэж сургахаар хуульчилмаар. Юуны төлөө, парламентын засаглалтай улс билээ. Энэ мэт арга хэмжээ авахгүй бол үндэсний мөнгөн тэмдэгт өдрөөс өдөрт суларч, ам.долларт дулдуйдсан амьдрал үргэлжлэх нь.
Н.Энх
Уншиж байна |