Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлж, том машинаасаа татгалзсанаа цахим хуудсаараа дамжуулан дуулгав. Тэрбээр жийп машинаа хураалгаж, приус унаж байгаа гэнэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг том оврын машин ашиглахыг зогсоох чиглэл өгч, ТӨХ-нд энэ ажлыг гардан гүйцэтгэх үүрэг өгснөөс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. ТӨХ-ноос төрийн байгууллагуудын бүх дарга нарт албан мэдэгдэл хүргүүлсэн, энэ сарын 20-ны Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэж байсан ч одоогоор албан мэдээлэл алга. Шалтгаан нь энэ ажил дарга нарын эсэргүүцэлтэй тулгарч буй гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, дарга даамлууд Ерөнхий сайдын үүргийг үл тоосоор өнөөдрийг хүрсэн гэсэн үг. Гэхдээ бүгд том толгойлсон юм биш. Хамгийн сүүлд авсан мэдээллээр ТӨХ 40-өөд машин хураагаад байгаа гэнэ. Гэвч энэ хангалалттай биелэлт биш. Учир нь төрийн дээд болон дунд шатны бүх дарга даамал тансаг зэрэглэлийн том машин унаж, зиндаархдаг.
ТӨХ-ны мэдээллээр төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаа. Үүний 812 нь шатахуун их зарцуулдаг, том оврын машин. Хэмнэлтийн тэргүүн эгнээнд явах ёстой хэрэгцээ гэсэн үг. 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд 16.3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5 тэрбум, жолоочийн цалинд 25 тэрбум нийт 50 тэрбум төгрөгийн зарцуулсан тооцоо гарчээ. Дээр нь дарга нарын 9911, 8811 дугаарын төлбөрийг ч төр даана. Товчхондоо төрийн албаны дарга нарын алба, амины ажлаа амжуулдаг бүхний төлбөрийг бидний төлсөн татварын мөнгөнөөс гаргадаг. Гэвч энэ хэрэгцээ буурсан түүх байхгүй. 2010, 2011 оны үед төрийнхөн гурван тэрбум төгрөгөөр машин худалдан авч байсан бол 2013, 2014 онд энэ тоо 9 тэрбум 250 сая төгрөг болж нэмэгджээ. Машины тоо нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан зардал өссөөр 50 тэрбумаар тоологдож буйг анхаарах цаг болсныг сая ухаарсан. Тиймээс л хямралтай зэрэгцэн хэмнэлт хийх гэж оролдож байна.
Харин дарга нарт энэ шийдэл таалагдахгүй байгаа бололтой. Татгалзсан, цааргалсан хүн цөөнгүй байгаа гэнэ лээ. Тиймдээ ч Ерөнхий сайдын үүрэг өнөөдрийг хүртэл хангалтгүй биелэлттэй байна. Уг нь дарга нарыг мөнгө олоод ир гэж хэлээгүй. Угаас тэд мөнгө олдог хүмүүс ч биш. Татвар төлөгчдийн мөнгийг зарлагадаж, үрэх суудалд залардаг нөхөд. Дээр нь тэднийг явган алхаж, нийтийн тээвэрт суу гэж шаардаагүй. Ерөөс энэ шаардлагыг хэзээ ч биелүүлэхгүй. Төрөхдөө л дарга байсан мэт яравгар царайлж, төрийн төлөө оготно боож үхэхгүй хэмээн гэдийнэ. Энэ бүхнийг харгалзан үзсэн учраас зөвхөн машинаа жижгэрүүлэх шаардлага тавьсан. Жижиг машинтай зэрэгцэн албан тушаал буурахгүй гэдгийг дарга нар ч сайн мэдэж буй.
Тиймээс тэвчиж болох зардалд зүгээр л хэмнэлт хийчих. Илүүг зарлагадъя гээд ч улаачихсан төрийн дансандаа бага ч атугай нэмэр болчих. Яг л Ц.Жадамбаа шиг.
В.Хэрлэн