...1990 оноос халамжийн төртэй байсан. Өнөөдөр мөн л халамжийн төртэй байгаа. Асуудлын гол нь халамжийг үзүүлэх эдийн засгийн бололцоогоо бий болгож чадаж байна уу, үгүй юу гэдгээр л ялгаатай. Халамж хамгийн том улс төр байснаас эдийн засгийн хөгжлийн асуудал хэзээ ч том улс төрийн асуудал байсангүй явж ирлээ. Энэ нь улс төрийн тогтолцоотой холбоотой бөгөөд тэр нь төрийн бодлого популизмд автах нөхцлийг бий болгоод байна... Энэ дүгнэлтийг МҮАН-ын дарга М.Энхсайхан дэвшүүлж байгаа юм. Энэ засагт түүний “базаж” байгаа мега төсөл халамжийн төрийн алдааг засах шахуу замналтай болчихоод байгаа үнэн.
Монгол улсын сайд болсон тэрбээр тэрбум доллараас дээш хөрөнгө оруулалтыг ерөнхийд нь Мега төсөл гэж авч үзсэн. Ингээд Тавантолгой төслийг урагшлуулж зах зээлд 4 тэрбум ам долларын хөрөнгийг оруулах хэлэлцээрийн ширээнд төрийг төлөөлж суусан. Энэ төсөл нэг их хол явалгүй гараан дээрээ шахуу гацсан нь манайд “төрийн урлахуй” ухаан, эх орны эрх ашиг дээр “эвлэрэхүй” ухаан дутсаар байгаагийн том илрэл болж байгаа юм. Тавантолгой- Гашуун сухайтын төмөр зам, түүнд оруулсан Засгийн газрын хөрөнгө оруулалт зэрэг асуудал дээр нэгдмэл ойлголттой болох уулзалт яриа эхэлсэн үеэс Тавантолгойн төслийг татаж чангаасан байр суурь сонсогдох болсон. Энэ төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр амжилттай болбол эхний гурван жилд гурван тэрбум, дараагийн 30 жилд 94 тэрбум долларын ашиг хүртэнэ гэсэн урьдчилсан тооцоог ажлыг хэсгийнхэн гаргасан боловч энэ чухал биш гэж төрийнхөн дээрээ талцах маягтай болж ирсэн. Энэ нь улс орны хэргийг санаж төрөөр урлахуйн цөмд багтах “эвээр урагшлахуй”-н зарчим манай төрийн санаа зоригоос нэг мөр арилсан мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж байгаа юм.
Томоохон хувьцаат компанийн хэлбэрт орсон, халамжаар халхалсан “бизнес” төрийг “Хөгжлийн төр” болгох. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар асуудалд анхаарах, “Хөгжлийн хөтөч байгууллага” бий болгох тухай Шинжлэх ухааны академи, МҮАН хамтран “Төрөө урлахуй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Төр үндсэндээ урлах байтугай юм болж бизнес мөнгөний бүхий л хэрэгт идэвхийлэн хутгалдаж, тендер зохицуулж мөнгө эргэлдүүлж Их хурал дээрээ нам бүлгийн эрх ашгаар талцан, сонирхлын бүлэгт зориулсан хууль батлан гаргаж бүхэлдээ засаглалын хямрал нүүрлэсэн гэсэн шүүмжлэл хүчтэй яригдаж байгаа цаг үед энэ уулзалтыг санаачилсан нь сайшаалтай. Өнгөрсөн хугацаанд намууд “төрөөр үймүүлэхүй” гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж Оюутолгойн гэрээнд алдаа гаргаж, Тавантолгойг өөрийн мэдэлдээ богтлон авч, газар нутгийг харийнханд лицензжүүлж, Ухаа худагийн төмөр замыг гацааж луугийн аманд нүүрсийг халбагаар зөөлгөж, машины дугуйнд байгалийг талхлуулж, гол усыг ширгээж байгаад намууд дүгнэлт хийсэн удаа үгүй байх.
Төр бизнес эрхлэх болж, үгүйдээ аж ахуйн хэрэгт хутгалдах болсон нь тамга эрх мэдэл атгасан эрхмүүдэд тэнгэрийн унацтай байснаас улбаалсан. Ийм байхад төрийн эрх мэдлийн оргил дээр бэлтэй хүн гарахаас оюунлаг мэдлэгтэй хүн гарах бүх зам хаагдаж ирсэн байдаг. Бэлтэй хэд маань гарахын тулд бүхнээ умартаж бэлэн мөнгөөр халамжийн улсыг бий болгосон.
Манай улсад сүүлийн 23 жилийн дотор 15 Засгийн газар солигдож байснаас хөгжлийн бодлого нь тогтвортой, хэтийн зорилттой байж чадаагүй. Гүйцэтгэх засаглал нь огцрохгүй тэсэх. Тэсэхийн тулд олон талын эрх ашгийг хамгаалсан тухайн цагт зохицсон бодлого дэвшүүлж түүндээ хөтлөгдөж явдаг жишигтэй болсон. Халамжийн төрийн салхинд хал үзсэн М.Энхсайхан сайд өдгөө төрөөр урлах зорилгыг “халамжийн төрөөс хөгжлийн төр өөд” гэж томьёолох гэж саналаа хэлж байна.
Нам хүчнүүд аливаа асуудлыг хэлэлцэхүй дор зөв шийдэл олж түүнийгээ хэрэгжүүлэхүй ч ажил хэрэгч байх нь энэ нийгэмд гээгдсэн зүйл болоод байгааг хэлэхэд илүүдэхгүй.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/