Морин
жилийг үдэж, хонин жилийг угтах энэ өдрүүдэд эдийн засагт сэтгэл сэргээсэн чихнээ
чимэгтэй мэдээллүүд дуулдах боллоо. Ер нь тэгээд төрийн түшээд эдийн засаг хямралаа гэж хэдэн
жил хөмсгөө зангидан, харцаа ширүүсгэн өөд өөдөөсөө хэлцэн мэтгэлцэх билээ дээ.
Хэрвээ төрийн, түмний төлөө зүтгэсэн л бол үр дүн нь хэзээ нэгэн цагт гарч л байдаг. Энэ парламент өнгөрсөн хугацаанд
хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг сэргээхээр Ашигт малтмалын, Хөрөнгө
оруулалтын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, хууль эрхзүйн орчныг нь тогтвортой
болгосон. Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг ч үргэлжлүүлэн хийсээр
ирлээ. Өнгөц харахад хийхээсээ илүүтэй мэтгэлцэн, цаг хугацаа алдсан мэт
санагдавч парламентаас шинэчлэн баталсан хууль, тогтоомж, гүйцэтгэх засаглалын
өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн нь эергээр гарч байгаа нь сайшаалтай. Манай
улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болоод хэдэн жилийг үдэж байна.
Оюутолгойн ордыг эргэлтэд оруулахаар үзэглэсэн тэр жил эдийн засаг гэнэт өссөн
шигээ уул уурхайн салбарын ажиллагаа доголдоод эхлүүт тэр хэмжээгээр саарч, хямарсан.
Бид хууль эрхзүй, худалдаа наймаа, улс төр гээд ямар ч сэдвийг хөндсөн эдийн засагтай шууд уялдаатай болжээ. Нийслэлчүүдийг 40 орчим жил нүүрсээр хангаж ирсэн Багануурын нүүрсний уурхай 100 сая дахь тонн нүүрсээ ачуулсан. Цаашид шинэ цахилгаан станц баригдаж, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нүүрсний олборлолт нэмэгдэнэ. Багануурын уурхайд техник, технологийн өргөтгөл хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлснээр 200 сая дахь тонн нүүрсийг 10 гаруй жилийн хугацаанд олборлоно гэсэн урьдчилсан тооцоо ч гарсан байна лээ. Багануурт цахилгаан станц барих төсөл ч хэрэгжээд эхэлсэн. Хэрвээ V цахилгаан станцыг Багануурт барьчихвал тээвэрлэх зардлаас эхлээд төсөв хэмнэгдэж, Улаанбаатарыг төдийгүй Тавантолгойг хангах хэмжээний нөөц, хүчин чадал байгаа гэж уурхайн дарга н.Отгонбаяр хэлж байна лээ. Багануурын уурхай төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 60 гаруй хувийг хангаж байгаа. Уурхайг 500 сая тонны нөөцтэйг шинэчилсэн хайгуулаар тогтоосон байна. Энэ нь цаашид нийслэлчүүдийг эрчим хүч, нүүрсээр цаашид 70 гаруй жил хангах нөөц юм.
Өнгөрсөн оноос хойд хөршийн хилээр визгүй зорчих эрхээ авч, хоёр хөршийнхөө зах зээл рүү түлхүү орсон бидэнд эдүгээ гуравдагч хөршийн буюу олон улсын үүд хаалга ч нээгдлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаад дахь анхны айлчлалаа Япон улсад хийж, хөрөнгө оруулалт татсан, хамтын ажиллагаа, түншлэлийн итгэлцлийг бататган, эдийн засагтаа ч хүч нэмэгдүүлэн ирлээ. Япон улс манай орныг зах зээлийн системд шилжсэн жилүүдэд хамгийн анхлан тусламжийн гараа сунгаж, “Өвсний үндэс” төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, өнгөрсөн хугацаанд хамгийн их буцалтгүй тусламж үзүүлсэн орон билээ. Тиймээс ч манай улсын хөгжил цэцэглэлт шат ахисны дараагаар тусламжийн хөтөлбөрөөсөө эдийн засгийн хөгжлийн зээл рүү шилжүүлж байгаагаа мэдэгдсэн байдаг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн айлчлалын хүрээнд ч хамтын ажиллагаагаа бататган хөрөнгө оруулалтын хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурснаас олон улсын анхаарлын төвд байгаа мега төсөл дээр ч хамтрахаар тохиролцоонд хүрлээ. Тавантолгойн ордод хөрөнгө оруулах консорциумын бүрэлдэхүүнд Японы “Сумитомо” корпораци шалгарсан нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм. “Сумитомо” бол монголчууд бидний эртний танил. Монголд анхлан үүрэн телефоныг нэвтрүүлэхэд өндөр үүрэг гүйцэтгэж, “Мобиком” компанийн хөрөнгө оруулагч. Өнөөдөр “Сумитомо”-гийнхан Монгол дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үүрэн телефоноос уул уурхай руу чиглүүллээ. Сумитомо корпораци улсынхаа нүүрсний салбарт томоохон байр суурь эзэлдэг, худалдаа, борлуулалтын чиглэлд ч томоохон сүлжээтэй нь манай Тавантолгойн мега төслийг урагшлуулахад ч хүч нэмэгдүүлэх юм.
Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарынхан Төрийн ордонд чуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр ч уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдаа татаж, эдийн засгаа сэргээхэд юун дээр анхаарах вэ гэдгийг төр, засаг, бизнесийнхэн харилцан санал солилцож байна лээ. Хууль эрхзүйгээ үргэлжлүүлэн шинэчлээд, хөрөнгө оруулагчдыг татах тал дээр оролцогчид түлхүү анхаарна лээ. Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх О.Чулуунбат “сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын талаар тааламжгүй мэдээлэл түгсэн. Харин бид хууль эрхзүйгээ өөрчилж, эерэг мэдээллийг гадныханд түгээж чадсан. Зарим улс орон 10-20 жил алдаагаа засах гэж зүтгэдэг бол бид хоёр, гуравхан жил залруулга хийж чадлаа” хэмээн онцолж байсан.
Харин одоо эргэж харсан хөрөнгө оруулагчидтай гар барилцахдаа валютын урсгалыг наашлуулах, ажлын байрыг нэмэгдүүлэхдээ харилцан “эрх ашиг”-тайгаар хамтрах цаг үе манай төр засаг, бизнесийнхний өмнө ирлээ.
Шинэ Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “шийдлийн” гэх тодотголоосоо тун жийрхүү байна лээ. Гэхдээ анхны айлчлалаа Япон улсад хийж, “Эдийн засгийн түншлэл”-ийг үзэглээд ирсэн, олон улсын биржид манай уул уурхайн томоохон худалдаалагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл наашаа эргэсэн энэ боломж Засгийн газарт хямралаас гарах гарц шийдлийг нээж өгч байна. Тиймээс ч Ерөнхий сайд болон түүний багийнханд популист дайралтуудыг даван гарвал хямралаас гарч, шийдэлд хүрэх зам хаалтгүй байх болов уу.
Н.Энх