Нэг нь шинэтгэх гэж үзээд бараагүй. Нөгөөх нь шийдэх гээд барахгүй сууна. Энэ засгийн газрууд чинь яачихсан үйлтэй нөхдөөр танхим нь бүрдээд байдаг байна аа. Төсвийн сахилга бат муутай төсөв, шийдлээ олоогүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, улс төрийн явцуу эрх ашиг, УИХ-ын ойлгомжгүй шийдэл, хуулийн муу хэрэгжилт гээд эртнээс бугшсан идээ бээр үе мөчиндөө тархаад Монголыг улам бүр сульдааж байгаа нь үнэн.
1
Шийдлийнхэн асуудлын гогцоог ард түмнээсээ асууж Оюутолгой, Тавантолгойгоо бариад авсан нь оновчтой шийдэл. Гэтэл дээд нөхдүүд Тавантолгойн асуудлаар хоёр талцаад эхэллээ. Алдах юмгүй болсон бид. Зөвхөн урагшаа харна уу гэхээс хойшоо харж улаа шагайлцах эрх байхгүй. Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсээр байтал хойд хөрш маань Байгал нуурын сав газар дахь Элга хэмээх дэлхийд тэргүүлэх коксжих нүүрсний уурхайгаасаа Хятадын зүүн болон зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн районууд руу нүүрсээ шууд хүргэх төмөр зам татаад бараг дууслаа. ОХУ бол дотооддоо хэрэлдэж хэлэлцээд учир зүйгээ олдоггүй улс биш. Шийдлээ. Хэрэгжүүлэх гэж бүх шатандаа зүтгэнэ. Үгүй бол ноён Нэгдүгээрийн зүгээс сануулгагүйгээр ажлаа өгнө. Бүр ноцтой бол аавын хаалгыг татна. Барууныхантай муудалцсан алдааг оросууд зөв гэж хүлээж авч байна. Нэг туйлт дэлхийг хоёр түүнээс ч илүү болгохыг ОХУ чармайж тэднээс хараат бусаар оршин тогтнохын гол үндсээ Ази, Африк руу гарах гарц гэж харж байгаа. Тиймдээ ч мартагдсан дорно зүг рүү илүүтэй анхаарч байгаа юм. Экспортоо хаалгаж эдийн засаг нь тун хүндхэн болохыг ч тэд тооцоолсон. Тэгээд л зүүн хойд Азиар дамжиж Азийн голт зүрх рүү шатрын бодоо түлхсэн хэрэг. Транссибирийн төмөр замаа баялаг ихтэй орд газартайгаа холбох ажлыг маш хурдан хийж байна. Хийн хоолойгоо зардал өндөртэй ч гэсэн Монголыг тойруулаад татаж байгаа нь гуравдагч орноор дамжуулалгүй зах зээлд нь шууд хүргэх, нөгөө талаар байнга хувьсан өөрчлөгдөж байдаг төр засагт итгэхгүй байгаа юм. Нэг л чулуу хаячихвал долгионд нь бүхнээ хамаад урсгачихна. Ийм заазуур дор ямар ч Засгийн газар байгаад нэмэргүй.
1
Ч.Сайханбилэгийн А төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж ард түмнээсээ асуусан нь учиртай. Ямар ч гэрэл гэгээтэй хөгжлийн бодлого бариад орсон ч хамаагүй унагаачихдаг эсвэл ханаж танаад юу ч үгүй болгочихдог парламетын өмнөөс аргаа барахдаа ард түмнээсээ асуусан шүү дээ гээд хэлээд авч гарахыг чармайж байгаа юм. Монгол төрийн ажил нэг иймэрхүү л явж байна. Хоёр хөршийн тэргүүн нарын айлчлалд ихээхэн найдвар тээж хийн хоолойгоо манайхаар дамжуулчих байх гэж найдаж байсан бидний итгэл бөхсөн. Өөрснийгөө боддоггүй хүнийг хүний хүн яаж ч хайрлах билээ. Уг нь Тавантолгойгоо аятайхан ашиглаад жилдээ 20 сая тонн нүүрс гаргаад эхэлбэл Оросууд 321 км төмөр зам татаад л жилдээ 20 сая тонныг ирэх жилээс элбэгхэн гаргаад эхэлнэ. Нүүрсээр цангасан хятадын аварга үйлдвэрүүд хэрүүл уруултай Тавантолгойн нүүрсийг авах сонирхол нь хэр байх бол. Цаг алдваас бүхнийг алдана гэдгийн үлгэр энэ. Нүүрсний өрсөлдөөнд бид хэдийн ялагдчихаад байна. Тавантолгой бол Оюутолгойн үр ашгийг бодитой болгох асар их үр өгөөжтэй. Энэ ордын ашиглалтын хүрээнд дан нүүрс олборлох, экспортлох бус, хүнд аж үйлдвэрийг хөгжүүлж нүүрсийг боловсруулах компонент, тээврийн дэд бүтцийг буюу төмөр замыг бүтээн байгуулах компонент, эрчим хүч, цахилгаан станц гэсэн хэд хэдэн хоорондоо холбоотой томоохон дэд хэсгүүд мөн байхаас гадна нүүрсний салбараас бусад салбарт, тухайлбал, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, ашигтай үйл ажиллагаанд асар их эерэг нөлөө үзүүлнэ. Оюутолгойн зэсийн баяжмал асар өндөр үнээр тээвэрлэгдэж, эрчим хүчээ Хятадаас авч байна. Тавантолгой дагасан төмөр зам ашиглалтанд орсноор тээвэрлэлтийн зардал Монголдоо үлдэнэ. Эх орондоо үйлдвэрлэсэн хямд эрчим хүчээр элбэгхэн хангаад дотоодынхоо эрчим хүчний хомсдолоос бүрэн гарч чадна.
1
Энэ төсөл Монгол Улсын өмнийн хэсэгт асар хурдтай бий болж, манай шинэ эриний үеийн хүнд аж үйлдвэр, уул уурхай, тээвэр, эрчим хүчний цогцолборын зангилаа цэг болно шүү дээ. Эдийн засгийн үр ашгаас гадна бусад салбараа өөд нь татчихаар хөрөнгө мөнгийг хэнээс ч гуйхгүйгээр бий болгож чадна. Гацааж цаг алдах тусам алдагдал төчнөөнөөр нэмэгдэнэ. Бид 2011 онд манай улс БНХАУ руу ОХУ-аас хамаагүй их хэмжээний нүүрсний экспортыг хийж байсан бол 2013 оноос зах зээлээ алдаж, манай зах зээлийг ОХУ экспорт эзэлсэн. Энэ байдал ирэх жилүүдэд улам бүр өндөрсөнө. Тоонон дээр мах өлгөчихөөд өлсч үхдэг тийм ард түмэн монголчууд биш шүү дээ. Хэрүүл, маргааны дунд үүссэн их өрөө дарж, төмөр замаа хурдхан дуусгаад, нүүрсээ баяжуулж нэмүү өртөг шингээгээд цааш явахад юу нь болохгүй байна аа, нөхөд өө.
1
Н.Бадамжав