Эдийн засгийн хямралаас гарах гарцаа бид тодорхойлж чадсан. Ерөнхий сайдын санал болгосон Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох гэсэн А хувилбарыг сонгохын сацуу парламентыг эв зүйгээ олж шаардлагатай хууль эрхзүйн орчныг бий болгохыг хүсч байгаа. Жилдээ 4 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 845 сая ам.доллар болж буурсан. Урьж залж авчирчихаад заамдаад өшиглөчихдөг хувирамтгай хууль эрхзүйн орчин, улс төрийн явцуу эрх ашгаас энэ бүхэн үүдэлтэй. Одоо бол зорилго тодорхой болсон. Энэ хувилбарт саад хийхгүй бол ажил хэрэг болгож чадвал хөрөнгө оруулалт сэргэж ажлын байр нэмэгдэнэ. Үйлдвэрлэл сэргэнэ. 640 мянган иргэн цалингаа хасуулалгүй, цомхотголд өртөлгүй, ипотекийн зээлдээ санаа зовнилгүй ажиллаж хөдөлмөрлөх болно. Арилжааны зээл 20 гаруй хувьд эргэлдэж байгаа ч хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж чадвал урт хугацааны богино хүүтэй зээл босгох гарц байгааг А хувилбараас иргэд олж харжээ. Ажиллаж л чадвал ирээдүй гэрэлтэй гэдэг сонголтыг хийсэн нь зардлаа хасуулж бүсээ чангалаад бахь байрандаа байгаад байхыг хүссэнгүй. Шуурган дунд бөртийж суухаар сөрж амьдрахыг хүслээ. Арван жил магадгүй таван жилийн өмнөхтэй харьцуулбал иргэдийн оюун сэтгэхүй ихээхэн өөрчлөгджээ.
1
А төлөвлөгөөг хэрэгжүүлэх Ерөнхий сайдын хөзөр эхнээсээ дэлгэгдлээ. Парламент санхүүгийн өршөөлийн тухай хууль, хямралаас гаргах Засгийн газрын төлөвлөгөөг нэг их муушаахгүй байна. Гэрэл гэгээтэй мэдээллүүд эхнээсээ сонстож эхлэв. Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Чөлөөт худалдааны гэрээг үзэглэлээ. Дандаа л бадар барьдаг байсан монголчууд хамтраад хөгжье гэсэн санал санаачлагыг япончууд гурван жилийн турш судласны эцэст боломжтой гэсэн хариултыг өглөө. Хөрөнгө оруулалт, буцалтгүй зээл тусламж нэмэгдэнэ. Олон төсөл хөтөлбөр гацаанаасаа гарна. Хамгийн гол нь чөлөөт худалдааны гэрээгээр хоёр тал гаалийн татвараа тодорхой үечлэлээр багасгасаар эцэстээ тэглэх шийдэлд хүрлээ. Бизнес эрхлэгчдэд хоёр орны хамгийн таатай боломж. Монголоос түүхий эд экспортлогдож, Японоос машин, тоног төхөөрөмж орж ирэх төдийхнөөр харж болохгүй. Бид японы өндөр технологийг нутагшуулах нь чухал. Эхний ээлжинд японд үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийн эд ангийг оруулж ирээд угсарч буцаагаад Япон руу гаргах жижиг дунд үйлдвэрүүдийг бий болгох учиртай. Японы бизнесменүүд ч энэ өнцгөөс Монголыг харж байгаа юм билээ. Нэгэнт татваргүй болж байгаа учраас энэ нь аль аль талдаа ашигтай. Монголд японы өндөр технологи бүхий үйлдвэрүүд хөл дээрээ босно. Хоёр дахь шатанд эд анги угсрах бус цогцоор нь үйлдвэрлэдэг компаниуд бий болно. Гуравдагч хөршийн эрэлд олон жил хатсны эцэст Япон бодитойгоор манай гуравдагч хөрш болно. Европын холбооны улс руу Монгол гаалийн татваргүй олон тооны бараа бүтээгдэхүүн гаргах эрхтэй болсон үед ямар олон оёдлын үйлдвэр бий болж хэдэн зуун ажлын байр бий болж байлаа. Ядруухан төсөвт их ч нэмэр болсон. Даанч манайхан нударгалаад л хөөгөөд явуулчихсан. Алдаа оноо байсан л байх. Гэхдээ монголын бүсгүйчүүд оёж сурсан л юм даа.
1
Харин Япон бол өөр хэрэг. Хямралын үед улсаа авардаг нь МАА, газар тариалан байсаар ирсэн. Ямар ч хүнд үед ард олноо өлсгөөгүй нь үнэн. Төрийн энхрийлэлд ч энэ салбар байнга байлаа. Эргээд харсан хамгийн хоцрогдсон салбар хэвээр үлджээ. 50 сая толгой малтай хэрнээ кг махны үнэ бөмбөрцгийн нөгөө бөөрөн дэх АНУ дахь үнээс ч өндөр байна. Экспортлох гэхээр өндөр үнэтэй гээд авдаггүй. Дээр нь ариун цэврийн гаардлага хангадаггүй гэхчлэн олон шалтаг шалтгаантай. ОХУ-ын Эрхүү мужийн гаалийн албаны дарга Ю.Русаков сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Ангарскийн мах боловсруулах үйлдвэр хаа холын Аргентинаас малын мах импортлож эхэлснийг тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, сүүлийн таван жилд хөрш зэргэлдээ Монголын нэг тонн махны үнэ 900-гаас 2.5 мянган ам.доллар хүртэл өссөн бөгөөд үүнээс Аргентины мах хавьгүй хямд тусч байна. Нүүдлийн мал аж ахуй бол хүний оролцоо хамгийн бага ордог онцлогтой. Хамгийн бага үнээр эрүүл чанартай мах яаж гаргах вэ гэдэг замыг эрэлхийлэхэд япончууд нэн тэргүүнд туслахаа илэрхийлсэн. Эмзэг хөрстэй Монголд ямар сортын хүнсний ногоо, тариа будаа ургуулах вэ, хэдий хэрийн ургац авч түүгээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш яаж экспортлох талын судалгаа шинжилгээг ч тэд хийж өгөхөө амласан.
1
Өнөөдөр тариаланчдад 70000 тонн буудай байна. Гурилын үйлдвэрүүдэд дараагийн ургац хүртэл 90-100 мянган тонн буудай хэрэгтэй. Үйлдвэрүүд энэ 70 мянган тонн буудайн цавуулгын хэмжээ нь хүрэхгүй байна. 20 мянган тонн цавуулаг өндөртэй буудай гаднаас оруулж ирээд энэ 70 мянган тонн буудайтайгаа холиод гурил хийвэл чанартай бүтээгдэхүүн гарах боломжтой болох юм. Тариаланчид 20000 тонныг оруулж ирэхгүй гээд, үйлдвэрүүд 70000 тонн буудайг авахгүй гээд л суучихаад байна. Салбарын яам нь зохицуулах гээд чадахгүй л сууж байна. Хэдхэн компани эдийн засгийг монопольдоод төр засгийг барьцаалж чадаж байгаа нь эдийн засаг өөрөө эрүүл бус байгааг илтгэж байгаа хэрэг. Япончууд ч олон жилийн өмнө ийм байдалтай нүүр тулж байсан. Монополиудыг задлаж шударга өрсөлдөөн бүхий эдийн засгийг бий болгон хүчирхэгжиж чадсан хөгжлийн загвар нь бидэнд хэрэгтэй. Но хау ингэж бүхий л салбарт нэвтрээд эхэлбэл хөгжлийн цаашдын гарц нээгдэнэ.
1
Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох гэсэн А хувилбарыг хэрэгжүүлэх завсартаа энэ боломжуудыг хослуулан ашиглаж чадвал барагтай хямралын өмнө өвдөг сөгдчихгүй явчих боломжтой. Эдийн засаг томрох тусам хямралын давтамж 4-5 жил болж байгаа нь улсын эдийн засгийн бодлого алсын хараагүйг харуулж байгаа юм. Ээдрээний учгыг тайлахын тулд санаж сэдэх зүйл их байна даа.
1
Н.Бадамжав