Одоо л нэг гар гараасаа бариад хямралыг давчихаа байг гэхэд зөөлхөн газардчих байх гэсэн найдвар улам бүдэгшээд байна. Нөгөө л улстөржилт, шантаажилтын дундах Засгийн газрын яахаа мэдэхээ байсан арга нөхцөөсөн үйл ажиллагаа. Таатай зүйл сонсогдохоо байсан жил гаруйн хугацааны ганц гэгээтэй нь мал сүрэг 50 сая толгойд хүрсэн мэдээ байлаа. Өнтэй өвөл болж байгаа, гурван саяулаа болсонд монголчууд төдийлөн баярласангүй. Авдаг хэд нь алдаг оног, бараа бүтээгдэхүүний үнэ ханш байнгын өсөлттэй байхад яаж ч духных нь атираа тэнийх билээ. Хямралыг давахад бидэнд мөнгө хэрэгтэй. Их мөнгөөр хөгждөггүй гэдгийг сүүлийн арваад жил харлаа. Бэлэн мөнгө тарааж, үр ашгаа богино хугацаанд өгөхгүй бүтээн байгуулалтад асар их хэмжээний хөрөнгө оруулалт зарж сезам, сезам бас сезам гэж нээж урсгасаар байх юм шиг цацсны гор гарч байна. Бидэнд хөгжлийн тодорхой бодлого байсангүй. Өнөөдрөө бодож байснаас бус маргаашаа бодсонгүй. АН аргаа бараад МАН-тай хамтран засаг барьж байгаа ч нөгөөх нь холын бүү хэл ойрын аянд ганзага нийлэхгүй гэдэг нь сүүлийн өдрүүдийн үйл явдлаас харагдаж байна. Мөрийн хөтөлбөрөө шинээр зохио, нийгмийн халамжийнхаа хөрөнгийн таналтыг зогсоо гэхчлэнгээр Ч.Сайханбилэгийн амин газрыг базлаж сууна. Алдаа гаргаж эдийн засгаа сөхрүүлсэн АН өмнөөс нь олигтой дуугарчих ч эрх алга. Саяхан л МАН-тай, МАН-гүй болно гэж бардам дуугарч байсныг тэд мартаагүй. Харин ч улам шүд зуух шинжтэй. Шүд нь булгарсан арсланг яаж элдэвлэхээ нөгөөх сайн мэдэж байгаа. Тэгээд ч сонгуулийн өмнөх жил. АН-ыг нэгмөсөн буулгаад авчихвал МАН-ын хаанчлал эргээд ирнэ. Ийм л бодлого дээгүүр хэрэгжиж байгаа болохоос бус нийгэм эдийн засгаа хөл дээр нь босгодоггүй юмаа гэхэд элгээр нь хэвтүүлчихгүй байх арга зам эрэлхийлэхгүй байна.
Нэгэнт халаасаа гөвчихсөн болохоор бидэнд мөнгө хэрэгтэй. Мөнгө олж болно. Гэхдээ өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаа зөв тодорхойлох учиртай. Хаана хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаагаа зөв оношилж хамгийн гол нь үр ашгаа ойрын хугацаанд өгөх төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх учиртай. Гаднаас сарвайх хүнгүй шахам болсон энэ үед богино хугацаанд бага хөрөнгө оруулалтаар их мөнгө босгох арга зам эрэлхийлэх нь чухал. Тун удахгүй ОУВС-гийнхан Монголын эдийн засгийн нөхцөл байдалтай танилцахаар ирнэ. Тэдний тусламж хэрэгтэй ч гэлээ тавьдаг шаардлага нь дэндүү өндөр, санхүүгийн сахилга батыг шаардана. Тэдний амаар л мөнгийг нь авч хэрэглэж таарна. Улам бүр томорсоор байгаа задгай эдийн засаг маань хумигдаж таарна. Олон төсөл хөтөлбөр зогсоно. Нэг алхам хойшлоод хоёр алхам урагшлах бол бас яая гэхэв. Хумигдаад эхэлбэл Монголыг сонирхох сонирхол гадна ертөнцөд багасаад ирнэ.
ОУВС зээл өгөхөө хүрвэл эдийн засаг нь унасан буюу унах нь тодорхой болсон орнуудад зориулж өгдөг зээлээ манайд санал болгоно гэж таамаглаж байгаа. Өө энэ чинь дампуурсан эдийн засагтай орон юм байна гээд хөрөнгө оруулагчид ойлгочихвол уул уурхайн салбар хүнд байдлаасаа гарах аргагүй шахам болно. Тэгээд ч монгол улсын зээлжих эрх нэг битгий хэл доошилно. Зээлжих эрх нь доошоо унасан улстай хэн хамтрахыг бодох билээ. Хувийн хэвшлийнхэн ч хүнд байдалд орох нь гарцаагүй. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гээд зүтгэчихэж болно л доо. Гэхдээ алдах алдаа дэндүү хүнд тусах юм даа.
Ерөнхий сайдын Японд хийж буй айлчлал дорно зүгээс авралын гэгээ тусгаж магадгүй байна. Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт хоёр Ерөнхий сайд гарын үсэг зурлаа. Гурван жил гаруй хэлэлцэж боловсруулсан энэ хэлэлцээрээр олон томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэд хэр хамтрагч вэ гэдгийг бид сайн мэднэ. Хөрөнгө оруулаад зогсохгүй Монгол улсын богино болон дунд, урт хугацааны эдийн засгийн хөтөлбөр боловсруулахад туслах шилдэг эдийн засагчдаа ирүүлэх нь.
Хөрөнгө оруулалтын эхний давалгаа Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудлын төсөлд 36 тэрбум 850 сая иений хөнгөлөлттэй зээлээр эхлээд байна. Өөртөө ашиггүй зүйлд тэд хөрөнгө оруулахгүй нь тодорхой. Олон улсын нислэгийн шинэ зам Монголоор дайрах нь Японы барууны ертөнц рүү гарах хамгийн богино маршрут. Бүс нутагтаа хамгийн дөт агаарын шинэ шугам гаргасан зардлаа хамгийн богино хугацаанд нөхөж чадна гэдгийг сайтар тооцолсон байгаа. Нөгөө талаар тероризм цэцэглэж байгаа өнөөгийн нөхцөлд бус нутагтаа хамгийн тайван улс орноор дамжин зах зээлд гарах нь тун чухал. Энэ мэтчлэн эдийн засгийн үр өгөөжтэй салбар, хөтөлбөрүүдэд тэд хөрөнгө оруулна. Уул уурхай, мал аж ахуй, газар тариалангийн салбарт хөрөнгө оруулах сонирхол бий. Гол нь бид тэднээс яаж эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг улс төр оролцохгүйгээр хэрэгжүүлж болдог туршлагатай болно.
Улс төр нь тогтвортой бол эдийн засаг хар аяндаа урагшилдаг. Боломжийн аргамжаа тасарчихаагүй л байна. Хамтарвал хамтарсан шиг хамтраад зүтгэвэл чиг гадаад ертөнц нүүрээ бруулахгүй дээ.
Н.Бадамжав